Тусламж бүхэн тус болдог гэж үү

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Тусламж бүхэн тус болдог гэж үү

Анхаар! Гэсэн тэмдэгийг хүмүүс хамгийн түрүүнд олж хардаг бөгөөд ийм тэмдэглэгээтэй зүйлийг хийх, хэрэгжүүлэхэд хамгийн болгоомжтой ханддаг. Тэгвэл бид “анхаар, эмийг зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэ” гэсэн бичиг байсаар байтал хэзээ ч зохистой хэрэглэж чаддаггүй. Солонгост ажилладаг найз маань нэг зүйлийг аминчлан захиж билээ. “Бөөнөөр болон нэр хаяггүй, тусламжаар очиж байгаа эмийн бүтээгдэхүүн, тарилга тариа хэрэглэх хэрэггүй шүү” гэж. Учир нь Солонгосчууд шинэ эм бүтээснийхээ дараа аливаа аливаа нэг төрийн бус байгууллага болон албан байгууллагуудтай хамтран өөрсдийн хөгжил буурай тосгон, буурай орнуудад тусламж маягаар туршдаг байж болзошгүй талаар тус улсын зарим хэвлэлүүдэд гарч байсан гэсэн яриа дэгджээ. Тухайн үедээ итгээгүй.  Харин үүнийг үнэний ортой эсэхэд эргэлзэж эхэлсэн нэгэн шалтгаан нь гадны орнуудаас манайхан үнэгүй вакцин, эм авах тохиолдол. Мэдээж тэд сайхан сэтгэл гаргаж өгч байгаа нь үнэн ч үнэгүй юм болгон тусламж биш гэдэгт итгэх хүн олон байх биз ээ.  Мэдээж хэн нэгний сайхан сэтгэл рүү ус цацах гэсэнгүй. Харин хэн хэн нь сэрэмжилж, өнөөдөр юу хэрэглэх, аль нь баталгаатай, баталгаагүй гэдэгт итгэлгүй байгаа бол заавал худалдаж авах хэрэггүй л гэсэн утга.

Өнгөрсөн мягмар гаригт Солонгосын “Комикс” хэмээх нэгэн төрийн бус байгууллага вакцин хүлээлгэж өгөх арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эрүүл мэндийн газрын Ш.Энхбат, ХӨСҮТ-ийн дарга Н.Нямхүү болон бусад албаныхан оролцоод хүйтэн оронд хэрэглэдэг “Vaxiflu” вакциныг Монголд анх удаа оруулж ирлээ гэсэн мэдээг уншлаа. Хүйтэн орнуудад хэрэглэдэг “Vaxiflu” гэх вакцин байдаг нь байдаг. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас болж хүйтний улиралд иргэд ханиад хүрэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг үзэгдлүүд ажиглагддаг. “Vaxiflu” нь томуугийн эсрэг вакцин юм байна. “Комикс” төрийн бус байгууллагын өгсөн 20 мянган тун вакцин нь 140 сая төгрөгийн буцалтгүй тусламж аж.

Мэдээж хөгжиж байгаа орны хөрөнгөтнүүд хөгжингүй буурай орнуудад тусламж, буцалтгүй тусламж үзүүлэх нь энгийн үзэгдэл ч гэлээ эрүүл мэнд, улсын аюулгүй байдалтай холбогдох ийм асуудалд хянуур хандах нь зүйтэй. 140 сая төгрөг зүгээр хандивлана гэдэг бага тоо биш ч гэсэн сайхан сэтгэлээр өгсөн төрийн бус байгууллагын буяныг дааж дахин ийм вакцин олноороо хэрэгтэй шүү гэдгийг ч манай албаныхан дамжуулаад авсан. .

Ерөнхийдөө хүйтэн орнуудад зориулсан болохоор манай улсад  зохицно гэх үгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Үнэхээр найдвартай, баталгаатай, жинхэнэ “Vaxiflu” тун гэдгийг бодвол мэргэжилтнүүд нь судлаад нягтлаад үзсэн болохоор ам бардам хэлж байгаа биз. Эрүүл мэндийн газрын эмийн хэлтсийн дарга  Энэ жил дэлхий дээр томуу нэлээд тархаж байна. Томуугийн вирус өөрчлөмтгий байдаг тул жил бүр нэг вакциныг  хэрэглэх нь тохиромжгүй байдаг. Хамгийн гол нь халуунтай, тэжээлийн дутагдалтай, амьсгалын замын архаг өвчтэй, элэг, зүрх судас, бөөрний хурц үрэвсэлтэй, өндөг, тахианы махны харшилтай, өмнө нь вакцин хийлгээд хоёр өдрийн турш халуурч байсан, дархлаа султай, сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй, аливаа вакцинд харшилтай, цочмог халдварт өвчтэй нь нотлогдсон хүмүүс тариулж болохгүй. Харин жирэмсэн хүмүүст анхааралтай хийнэ. Томуу тархсан оронд дор хаяж 200 мянган тунг хэрэглэх ёстой. Энэ жил манай улсад томуугийн тархалт бага учраас эхний удаа хэрэглэхэд хүрнэ гэдгийг албанхын хэлж байлаа. Мэдээж өөрсдийн хөрөнгөөр аваад хэрэглэж чадахгүй хойно төрөөсөө гуйгаад ч нэхэл дагал болж авдаг болохоор үнэгүй зүйлд нугасгүй зангаараа алгаа тосоод л авахаас өөр арга үгүй. Тусламжаар буюу олноороо орж ирдэг болохоор нэг бүрт нь хяналт тавих боломжгүй байдаг гэнэ.

Тусламжийг түр орхие.  Хил гаалиар хуурамч эм оруулж ирэх нь ихэссэн гэдгийг Мэргэжлийн хяналтынхан хэлдэг. Сүүлийн үед хуурамч болон олон улсад зөвшөөрөгдөөгүй, хугацаа нь дууссан гэх эм илрүүлэх багаж зэвсэгтэй болсон болоод ч тэрүү илрүүлэх нь ихэссэн ч байж болох юм. Эсвэл үнэгүй зүйлд дуртай болохоор юу ч өгсөн авдаг юм гэсэн гадныхны өрөөсгөл ойлголтоос болж хилээр хуурамч эм нэвтрүүлэхийг завдагсад нэмэгдсэн ч байж болох талтай. 2010 онд гэхэд хуурамчаар эм хил давуулахыг завдсан хэрэг хэд хэд гарч байсан. Тусламжийн бараа гэх зэргээр гаалийхнийг аргалаад өнгөрөх нь ч бий. Үнэн хэрэгтээ хэрэглэж байгаа зүйлдээ анхаарал тэр бүр тавьдаггүй монгол хүний гүндүүгүй зангийн илрэл нь тусламжийн бараа. Дан ганц эм ч биш тусламж нэртэй хуучин бараа хэрэглэдэг болоод удаж байгаа нь нуух зүйл биш.

Манай мэргэжлийн байгууллагууд тоотой хэдэн боомт дээр хуурамч бүтээгдэхүүн шалгах төхөөрөмж, бас байцаагчтай. Хил хязгаарын боомтууддаа хангалттай хяналт тавьж чаддаггүй манайхны занг ашиглах нь олон байхаас чин сэтгэлээсээ туслах хүн тийм ч олон гэхэд үл итгэнэм. Тусламж нэрээр бидэнд чухам юу хаяглаж байгааг хянаж, шалгахаа өндөржүүлэхгүй бол манайхан нэг л өдөр хор дайсан тусламж хүлээн аваад харамсах вий гэж болгоомжлох үүднээс дээрхийг бичсэн минь энэ.  Ямартай ч тусламж бүхэн тусийг олно гэдэг юу л бол. Харин хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бүртээ хяналт тавьж, зөв сонголт хийх эрх нь зөвхөн иргэн таны гарт шүү гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж