ЖДҮ-ийн асуудлаар орон даяар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн асуудлаар орон даяар хэлэлцэнэ

Бизнес эрхлэгчдэд таатай эрхзүй, бодлогын орчин бүрдүүлэх, жижиг, дунд, бичил өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий бүх аймаг, нийслэлийн дүүргүүдэд 30 салбар зөвлөгөөн болох гэж байна. Одоогийн байдлаар 17 аймаг, нийслэлийн таван дүүрэгт 3600 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зөвлөлдсөн ба өчигдөр Дархан-Уул, Дорноговь, Хэнтий аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт тус тус  хэлэлцүүлэг болов. Харин хоёрдугаар сарын 3-нд буюу маргааш Өвөрхангай аймаг, Багануур, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд салбар зөвлөгөөнүүд болох юм байна. Хэлэлцүүлгийн үеэр дараах асуудлыг хөндөх ажээ.

  • Засгийн газрын 2009 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт
  • Засгийн газрын 2009 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийн хэрэгжилт
  • Аймаг, дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх дэд сангийн үйл ажиллагаа, 2009-2011 онуудад улсын төсвөөс дэмжих чиглэлээр тус аймаг, дүүрэгт олгосон зээлийн эх үүсвэрийн ашиглалт, үр дүн
  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтэл ажил хэрхэн явагдаж буй зэрэг асуудлуудын талаар хэлэлцэж, үр дүнг нэгтгэн, зөвлөмж уриалга гаргах гэнэ.

Энэхүү салбар зөвөлгөөнүүдийн хүрээнд хоёрдугаар сарын 7-нд Төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордонд “Жижиг, дунд, бичил үйлдвэрлэл”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ба хоршоолол”, “Боловсруулах үйлдвэрлэл” гэсэн гурван  хуралдаан болох юм байна.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнайгаас жижиг дунд, бичил үйлдвэрлэгчдэд олгох зээлийн тухай цөөн асуултад хариулт авлаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн эргэн төлөлт хэр байдаг талаар танилцуулна уу?

-Эргэн төлөлтийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийн  зээлийн үйл ажиллагаа эрсдэл дагуулахгүйгээр ард иргэдээ дэмжих гэдэг байр суурин дээр зогсдог юм. Ингэхдээ сонгосон арилжааны банктай гэрээ байгуулаад улсын төсвөөс  жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээл олгохдоо тэдгээр банкаар дамжуулан зээлдүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд арилжааны банк 100 хувийн эрсдэл даах чадвартай байх ёстой байх гэрээ байгуулдаг юм. Улирал бүр эргэн төлөлтийг арилжааны банкаас төрийн дансанд төвлөрүүлж аваад, дараагийн зээлд буцаагаад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банк 100 хувийн эрсдэлийг дааж байгаа учраас эргэн төлөлт 100 хувийн биелэлттэй гэж ойлгож болно.  Үндсэндээ төрийн мөнгө нэг ч мөнгө дуталгүй Төрийн санд хуримтлагдаад буцаад арилжааны банкаар дамжууулан зээл олгогддог.

-Үйлдвэрлэгчид, нийүүлэгчдийг дэмжсэн хөнгөлөлттэй, уян хатан зээлд хамрагдах шалгуур нь хэр байдаг вэ. Зээл авахын тулд батлан даалтын хөрөнгийн асуудал гарч ирдэг?
 
-Зээлийг олгохын өмнө чанартай зээл олгох бодлогоор тухайн арилжааны банкинд өөрсдийн гэсэн шалгуур байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зээл болон үйл ажиллагааны хүрээнд арилжааны банкнаас зээл олгох зарим шалгуурыг болиулсан. Тухайлбал, зээлийн холбогдолтой аливаа шимтгэлүүдийг болиулсан. Мөн тулгуур асуудал болсон зээлийн хүүг шат дараатай буруулсаар жилийн 7.0 хувь болгосон. Харин барьцаа хөрөнгийн үнэлгээний асуудал бол зах зээлийн нөхцөл байдал, банк санхүүгийн  системийн хөгжлийн асуудал тогтвортой байсан тэр цаг үед 80 хувьтай үнэлж байсан. Ер нь 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед арилжааны банкууд хүртэл зээлийнхээ шалгуурыг, ялангуяа барьцаа хөрөнгийг үнэлэх журамд өөрчлөлт оруулаад 60, 70 хувиас хэтрэхгүй байдлаар үнэлдэг байсан. Одоо бол Монголд барьцаа хөрөнгийг 70 хувиас багаар үнэлэхгүй байх гэрээ үйлчилж байна.  Харин банкны шаардлагыг хангахгүй байгаа ард иргэд олон бий. Энэ бол маш чухал асуудал. Үүнийг шийдэхийн тулд, нэмэр болохын тулд зээлийн батлан даалтын сангийн хуулийг өргөн бариад байна. Пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийгдэнэ. Энэ хууль батлагдвал хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүн бизнесээ судлуулаад, эргэн төлөгдөх нөхцөлтэй, чадвартай гэдэг нь батлагдвал батлан даалт гарган өгч, арилжааны банкнаас зээл авах бололцоогоор хангагдана.

-Нэр томъёо ч юм уу, ер нь хамрах хүрээ жижиг, дунд үйлдвэрлэгчид гэдгээр яригдах юм. Зөвхөн үйлдвэрлэгч нарт зориулсан зээлийн бодлого, үйл ажиллагаа гэж үү?

-Тийм  л дээ. Ер нь ийм хандлага бий болчихож. Жижиг, дунд үйлдвэрлэгч 560 мянган хүн байна гэсэн судалгаа бий. Эдгээрийн 90 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай байна. Жижиг, дунд үйлдвэрлэгч нар гэхээр энэ чиглэлээр үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л шатанд хамрагдаж болно. Үйлчилгээ гэдэгт баар цэнгээний газрыг оруулахгүй байгаа. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл гэж ойлгож болно. Тэр бүр үйлдвэрлэлд зээл олгоно гэвэл өрөөсгөл юм л даа.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж