Нефть импортлогч компаниуд шатахууны үнийг огцом нэмснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өссөн. Тиймээс Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн сарын 17-нд Засгийн газарт шаардлах бичиг хүргүүлсэн билээ. Уг шаардах хуудас нь гурван үндэслэлтэй байсан. Нэгдүгээрт, аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн асуудлаар шийдвэр гаргадаг комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнд хэрэглэгчдийн төлөөллийг оруулах. Энэ нь үнэ ханшийн талаар шийдвэр гаргадаг төрийн байгууллагад иргэдийн дуу хоолой, идэвхи оролцоо үнэхээр их дутагдаж, иргэдийн байр суурь огт хүрэхгүй байгаа гэж үзсэнтэй холбоотой юм. Хоёрдугаарт, “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын дэргэд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийг нэн даруй байгуулж үйл ажиллагааг нь хурдан эхлүүлэх. Гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний импортыг төр хариуцах асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэсэн үндсэн зорилгуудтай.
Засгийн газрын зүгээс шаардах бичигт хариу өгсөн эсэхийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатараас лавлалаа. Тэрбээр “Зарим нь хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар уг шаардах бичгийн гурван шаардлагын эхний хоёрт нь зөвшөөрсөн хариулт өгсөн. Харин нефтийн бүтээгдэхүүний импортыг төр хариуцах тал дээр УИХ болон засгийн газар ярилцаж эхэлсэн” гэлээ.
Д.Жаргал