-Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдаар МАН “Бишрэлт” компанийн захирал эмэгтэйг томилчихлоо, улс төрд бол бараг л цоо шинэ хүн. Ажлаа хүлээлгэж өгсөн хүндээ хэр их итгэл найдвар өгч байна вэ, таны хийж байсан ажлыг үргэлжлүүлэн сайн хийж чадна гэж бодож байна уу?
-Засгийн газраас нэгэнт батлаад гаргачихсан мөрийн хөтөлбөрийн дагуу энэ хүмүүс цаашдаа үлдсэн зургаан сарын хугацаанд ажиллах байх. Өмнө нь гаргасан мөрийн хөтөлбөр, төсөв төлөвлөгөөний дагуу л ажиллах ёстой шүү дээ. Урьд нь хийсэн ажлаа танилцуулаад, хийж амжаагүй ажилуудаа ч гэсэн тусгайлан захье гэж бодож байсан. Өнгөрсөн хугацаанд бас ч үгүй олон ажлыг хийж чадсан байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж энэ ганцхан миний хийсэн ажил биш бидний хамтын ажиллагаа байсан нь үнэн. Алдаж эндсэн зүйл ч байгаа, оносон нь ч байгаа байх аа. Үлдсэн энэ зургаан сарын хугацаанд бол яг ямар ажил хийгдэхийг сайн мэдэхгүй байна. Сонгуулийн жил гэдэг утгаараа ажил явуулахад жаахан хүндрэлтэй байж магадгүй. Дөрөвдүгээр сар гараад л сонгуулийн ил далд сурталчилгаа явагдах байх. Гэхдээ чамлахаар чанга атга гэж зургаан сарын хугацаа бас ч тийм бага хугацаа биш. Хэрвээ атгаж чадахгүй бол зүгээр л танилцах л төдий ажил болоод өнгөрөх байх. Ялангуяа энэ дөрөв, тавдугаар саруудад боловсролын салбарт нэлээд олон үйл явдлууд өрнөдөг. Их дээд сургуулийн төгсөлт, элсэлт, сургуулиудын захирлын томилгоонууд гээд хамгийн их дуулиантай цаг үе байх нь мэдээж. Соёлын салбарт ч мөн адил Улсын их баяр наадам болоод урлагийн олон арга хэмжээнүүд болно. Энэ бүхнээс харахад үлдсэн зургаан сарын хугацаанд нэлээд ачаалалтай ажиллах байх аа гэж бодож байна.
-Дэд сайд нар сайдыг эзгүйд л түр орлохоос цаашгүй, эрх мэдэл ч үгүй албан тушаал ч гэж шүүмжлэгддэг, нэг талаас. Та өнгөрсөн хугацаанд хэр их ажил амжуулав. Үнэхээр яаманд дэд сайд хэрэгтэй байдаг юм уу, аль эсвэл огт хэрэггүй орон тоо юм уу?
-Ажиллаж байсан орон тоогоо хэрэггүй байсан гэж хэлэхгүй нь мэдээж шүү дээ. Ажлаа дууссан хойноо дэд сайд хэрэггүй юм байна аа гэвэл өөрөө хэрэггүй байсан гэсэн үг шүү дээ. Ер нь бол манай яамны хувьд үнэхээр дэд сайд хэрэгтэй. Сайд эзгүй байх тохиолдол байлгүй яах вэ. Манай яамны хувьд ажлын хуваарилалтыг маш сайн хийж өгсөн. Засгийн газраас гаргасан дэд сайдууд юуг харииуцаж хийх ёстой вэ гэсэн чиг байдаг. Түүний дагуу хуваарилсан ажлаа хийнэ шүү дээ. Ер нь бол дэд сайд нар тухайн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж ажилладаг. Түүнээс биш сайдыг байхгүй үед нь өмнөөс нь очоод хуралд нь суудаг хамаг ажлыг нь өмнөөс нь хийгээд байдаг юм бол байхгүй ээ. Зарим яамны дэд сайд нарт бол төсөвт хуваарилалт хийх эрхийг нь хүртэл өгчихсөн, түүнийхээ дагуу ажлаа хийдэг юм байна лээ. Харин надад бол тийм эрх байгаагүй ээ. Тэр ч угаараа аливаа яаманд дэд сайд бол мэдээж хэрэгтэй. Харин эрх мэдлийн хуваарилалтыг нь зөв зохицуулах хэрэгтэй юм болов уу.
-МАН-аас сайд тавьж харин дэд сайдыг нь Ардчилсан намаас тавьсан гэдэг утгаараа ашиг сонирхлын үүднээс ч юм уу хязгаарлалт тавих, үзэл бодлын зөрчилдөөн гарах явдал байх уу?
-Ер нь бол тийм юм ажиглагдаж байгаа шүү дээ. Манай салбарт маш олон хүн ажилладаг. Хүн амын бараг тал хувьд нь боловсролын салбар шууд болон шууд бусаар хамааралтай гэж хэлэхэд болно. Оюутан сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, багш нар гэх мэт. Тэр ч утгаараа зохиогдож буй том том ажлууд дээр улс төрийн шийдлүүдийг өөрсдийнхөөрөө шийдэх гэх мэтээр маш олон зүйлүүд ажиглагддаг. Үүнийг бол нуух юм байхгүй ээ. Харин хувь хүнийхээ хувьд бол Ё.Отгонбаяр сайд бид хоёрт дунд тиймэрхүү үл ойлголцох асуудал байгаагүй. Харин өрсөлдөгч хоёр нам хамтарч ажилласан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ямар нэгэн мэдээллээс болж бие биенийгээ хардаж сэрдэх тохиолдол гарч байсан. Ер нь хэвлэлийнхэн их гярхай учраас гадагшаа гаргаж нийтэд мэдээлж болохооргүй асуудлуудыг гаргах тохиолдол гарч байсан. Тэр тохиолдолд “энэ биш байгаа” гэсэн хардалт сэрдэлт бол байсан нь үнэн.
-Ер нь та Ардчисан намын гишүүний хувьд намаа Засгын газраас гарсан шийдвэрийг анх яаж хүлээж авсан бэ?
-Ер нь бол хэзээ нэгэн цагт гарах л байсан байх. Эрт орой аль нь болохыг харин мэдэхгүй байсан. Яагаад гэвэл бид хамтарсан үеэсээ л эхлээд дандаа “гар” гэдэг тулгалтан дундуур явсаар байгаад ирсэн. Энэ нь миний хувьд бол нэлээд дарамттай байсан л даа, магадгүй эмэгтэй сайд гэдэг утгаараа илүү эмзэг байсан байх. Намынхаа нөхдийн өмнө ч ялтай юм шиг, болохгүй юм руу нь орчихсон ч юм шиг санагдах үе байсан. Тиймээс Ардчилсан нам засгаас гарсан нь хэзээ нэгэн цагт болох л байсан зүйл. Харин ч хамтарсан Засгийн газар маш удаан тогтлоо гэж би бодож байна. Гэхдээ ингэж удаан тогтоох бас ч тийм амар байгаагүй.
-Өрсөлдөгч намтайгаа гурван жил гаруй хамтарч ажилласан болохоор нэг зүйлийг асуухад хамтарч болдог юм байна уу, болдоггүй юм байна уу?
-Хамтарч болдог юм байна гэдгийг л хэлэх байна даа. Энэ нь бид эвсч, хамтарч ажиллаж болдог юм байна гэдгийн эхний жишээ боллоо гэж би хувьдаа дүгнэж байгаа. Ямар ч улс төрийн хүчин улс орноо сайн сайхан болгохийн төлөө л явдаг. Энэ утгаараа бид хамарч ажиллаж болох юм байна. Дээр нь гурван жил зургаан сарын хугацаанд бид хамтраад хийх ёстой, хийж чадах юм аа хийчихсэн учраас дараагийн ажлуудаа олонхи байгаа намдаа үлдээе гэж бодсон хэрэг л дээ.
-Хамтарсан Засгын газар байгуулагдаж байх үеэр Н.Алтанхуяг дарга “Хариуцлагыг хамтдаа үүрэх гэж хамтарч байна аа” гэж хэлж байсан. Магадгүй хариуцлагаас мултарахын тулд замын дундаас буцаж байна гэсэн шүүмжлэлүүдийг юу гэх вэ?
-Ололт нь ч Ё.Отгонбаяр, Ч.Куланда хоёрынх, алдаа дутагдал нь ч бид хоёрын хамтынх. Тэгэхээр хариуцлага хүлээх дээрээ тулвал хамтдаа л яригдана гэсэн үг.
-Боловсролын салбарын чиг хандлага буруу байна гэсэн зүйлүүд яригдаад байдаг. Та үүнийг юу гэж бодож байна вэ? Үнэхээр тийм байгаа юу, энэ хугацаанд ямар ч дэвшил гараагүй гэж үү?
-Ерөнхий чиг хандлагаар нь ингэж тодорхойлох нь буруу гэж би бодож байна. Боловсролын бодлогын дотор зөв чиг хандлагаа олоогүй асуудлууд бол байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр асуудлуудыг бид засах гэж оролдож байгаа. Цааш цаашдаа хийх зөв цагаа олсон шинэчлэл хөтөлбөрийн дагуу ажиллах юм бол засагдах байх аа. Гэхдээ үүнийг зөвхөн Боловсролын яамны жар далан ажилтан, сайд нар дангаараа зүтгээд үнэхээр хүчирдэггүй юм байна. Тийм учраас хамтдаа шийдэхээс өөр арга байхгүй. Энэ ажилд олон нийтийн байгууллага, ТББ-ууд, хувь хүн ч гэсэн оролцох ёстой. Би хүүхдээ сургуульд өглөө, одоо Ё.Отгонбаяр, Ч.Куланда хоёр авч явна, надад хамаагүй гэсэн бодлоосоо бид татгалзах цаг ирсэн байна. Тийм учраас шүүмжлэхдээ бүгдээрээ нэг л талыг нь харж буруутгахгүй байгаасай гэж бодож байна. Боловсрол гэдэг бол зөвхөн тоо цээжлүүлж, англи хэл сургадаг газар биш, хүн болгож төлөвшүүлэх, хариуцлагатай чадварлаг иргэн, ирээдүйн сайн эцэг, эх болгож төлөвшүүлэхэд л оршиж байгаа юм.
-Таны бодлоор өнөөгийн Монголын иргэний нийгмийн хөгжил төлөвшил ямархуу хэмжээнд байна? Иргэний нийгмийн байгууллагууд ер нь төртэй түншлэх ёстой юм уу, шүүмжлэх ёстой юу?
-Би сая дурдлаа шүү дээ. БСШУ-ны яаманд дал орчим ажилтан байна, бүхэл бүтэн гурван том салбарыг хариуцаж ажиллаж байна. Энэ хүмүүсийн хүч бол үнэхээр хүрдэггүй. Соёлын газар гэхэд долоо, наймхан хүн хариуцаад ажиллаж байгаа. Энэ хүмүүс бүхэл бүтэн Монгол Улсын соёлын бодлогыг тодорхойлох гээд сууж байна шүү дээ. Үнэхээр хүн хүч хүрэхгүй байгаа юм чинь тодорхой зарим ажлуудаа иргэний нийгмийн байгууллагуудаар хийлгэе гэсэн бодол сая намайг ажиллаж байх хугацаанд өөрийн эрхгүй бодогдож байлаа. Зарим тодорхой ажлууд дээр санал тавьж байсан боловч харамсалтай нь хэрэгжүүлж чадсангүй. Одоо харин би энэ яамны гадна үлдсэн учраас тэр шугамаар хийж амжаагүй ажлууд руугаа ханцуйгаа шамлаад орьё гэж бодож байгаа. Тухайлбал боловсролын салбарын сурах бичиг зохиох асуудал дээр ажиллах байх. Сурах бичгийг зохиох маш олон мэдлэг туршлагатай багш нар манайд өнөөдөр байгаа. Тэднээр энэ ажлыг захиалж хийлгэх хэрэгтэй. Мөн урлаг соёлын томоохон арга хэмжээнүүдийг аваад явчих продюссерүүд, чадварлаг уран бүтээлчид яамнаас гадуур олон байгаа. Тэр хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Соёлын яамны долоо наймхан хүн тэр төрийн том тоглолт арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж ажлаа орхиж байх шаардлагагүй болно шүү дээ. Энэ мэтээр төр олон нийтийн байгууллагатай хамтарч ажиллаж, түншилж байж л энэ нийгмийг сэргээж, сайхан болгох хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр л жагсдаг, хашгирдаг иргэний нийгмийн байгуулллагууд бол нийгэмд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Гэхдээ одоо бас ч гэж нэг үеэ бодоход төрийн байгууллагын төслийг аваад ажлыг нь гүйцэтгэж байгаа иргэний нийгмийн байгууллагууд зөндөө байна. Төр, иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүн ч гэсэн төртэй түншлэх ёстой. Тэрнээс биш төр ганцаараа бүгдийг хийгээд бусад нь шүүмжлэх юм бол бидний өнөөгийн нийгмийн бухимдал хэзээ ч намдахгүй.
-Та өөрөө эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн орлоцооны талаар ямар байр суурьтай байх нь мэдээж. Эмэгтэйчүүд улс төрд зайлшгүй байх ёстой гэж үздэг үү?
-Улс төрд заавал хүйсийн тэнцвэртэй байдал шаардлагатай гэж би үздэггүй. Би өөрөө эмэгтэй учраас улс төрд явж байна гэсэн бодлоор би улс төрд хорин жил байсангүй. Гэхдээ өнөөгийн байдлыг харахад манай улс төрд эмэгтэйчүүд яах аргагүй үгүйлэгдэж байгаа нь үнэн. Дандаа эрэгтэйчүүд өрийн асуудлыг шийдэж байсан үе зөндөө байгаа шүү дээ. Тэр дунд эмэгтэй хүн орох юм бол арай уян хатан бодлого гаргах талтай л даа. Тэгээд ч эмэгтэйчүүд өөрсдөө улс төрийн муу муухай зүйлүүд рүү орох зориг дутмаг байдаг. Тэр чанар, хүнлэг зарчим улс төрд үгүйлэгдэж байгаа. Гэхдээ үүнийг механик аргаар тоогоор, квотоор ч юм уу зохицуулахыг бол буруу гэж би боддог. Тийм тохиолдолд би улс төрд яваа эмэгтэй улс төрчидтэйгээ санал зөрөлдөөд байдаг нь үнэн. Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд бол хүчирхэг болж чадахгүй байна. Энэ нь эмэгтэйчүүдийн олуулаа байж чаддаггүй нэг зантай холбоотой юм шиг байгаа юм. Эрчүүд бол архиа хуваагаад уучихна, биллиардаа цохино, ажлаа ч яриад олуулаа байж чадаж байна. Бизнесээ ч хамт хийж байна шүү дээ.
-Ардчилсан нам эрийн цээнд хүрч, хат суусан эр хүн шиг болсон байна гэж Н.Алтанхуяг дарга хэлж байсан. Сүүлд болсон ҮЗХ-ныхоо хурал дээр. Таны бодлоор тэгтлээ төлөвшиж чадсан уу?
-Төлөвшиж байгаа, өмнөх үеээ бодвол. 1996 оноос хойш олон намд нэгдлээ. Дээр нь бидэнд туршлага байгаагүй, баахан шинэ хүмүүс л байсан гэхэд болно. Өөрсдөө ч залуу, залуу хүний ааг омгоор нэлээд зүтгэдэг байсан даа. Үнэндээ хамаг хүчээ тэнд л зарцуулдаг байсан шиг байгаа юм. Нам доторх бужигнаан ч их байсан. Түүнийг намжаах гэж, зохицуулах гэж, эвлэлдэн нэгдэх гэж их ч хүч хөдөлмөр, цаг завыг барсан даа. Үүнийхээ дүнд бид өнөөдөр төлөвшиж байгаа хэрэг. Одоо бол бид улс орны төлөө нэгдэх ёстой юм байна гэдгийг ойлгоод байгаа боловч бас бүрэн төлөвшсөн гэж хэлж чадахгүй ээ. Ямарч л байсан төлөвшиж байна.
-Сайдын ажлаа одоо өгчихсөн юм чинь юу хийхээр төлөвлөж байна? Сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
-Түрүүнд би хэлсэн дээ. Бодовсрол соёл шинжлэх ухааны салбарт гурван жил болчихсон юм чинь энэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлье гэж бодож байна. Мөдхөн сонгууль эхэллээ, сонгуулийнхаа штабт ажиллана. Намынхаа нэрээр хийдэг ажлаа хийнэ. Сүүлийн үед залуучууд их эсэргүүцэж байна. “Та нар одоо зайлцгаа” гээд л соёлтойгоор хэлээд байгаа. Гэхдээ залуу хүмүүс сайн, өөрийгөө золиослоод улс төрд амьдралаа зориулсан биднийг муухай гээд хэн хэлчихсэн юм бэ гэж бодоод л өөрийгөө зоригжуулаад байгаа даа. Өнөөдөр Ардын намын томилгоонуудыг харж байхад нэлээд залуучуудыг тавьж байна. Гэхдээ дандаа төлөвшсөн хүмүүс мөн үү, биш үү гэдэг бас л эргэлзээтэй санагдаад байгаа. Манай яаманд ч байгаа. Томоохон их дээд сургуулийн дэд захирлууд ч байна. Үнэхээр тэр ажлыг хийх хэмжээнд очсон уу, үгүй юу гэдгийг бид харж байгаа. Цаг нь болохоороо хийгээсэй л гэж би бодож байна даа.
Eagle.news.tv