Өнөө хэдэн махны ченж чинь Цагаан сарын “үнэр” авчихаад, ууцныхаа үнийг нэмчихсэн сурагтай. “Эрэлт ихтэй үедээ 300 мянга төгрөг хүрэх бол энүүхэнд. Авбал ав. Ийм сайхан ууц 250-хан мянган төгрөгөөр олдохгүй дээ” гээд хээв нэг худалдан авагчиддаа гайхуулж байгаа гэнэ. Цагаан сар гэдэг ууцтай баяр болдоггүй байсан бол гулууз махны талыг 250 мянгаар төгрөгөөр худалдаж авах бэлтэн Монголд олон бил үү. Заримдаа нийслэлчүүд бүгдээрээ ууц хэрэглэлгүй цагаан сараа тэмдэглэчихвэл ч махны үнийг дураараа нэмдэг ченжүүд “далаараа тавиулах” байх даа гэж бодоод, түүндээ итгээд хэсэг баясах юм.
Даан ч ширээн дээрх ууцаараа бие биедээ гайхуулж, Эрээний барааг хэдэнтээ солилцохгүй бол орчин үеийн цагаан сар гэдэг баяр утгаа алдана биз дээ. Уг нь дээр үед Малчдын цагаан сар гэж нэрлэн, идээ будаагаараа биенээ дайлан, хол ойрын хамаатан садантайгаа уулздаг сайхан баяр байсан юм гэнэ лээ. Төв суурин газар нь тэмдэглэдэггүй. Нууцаар тавагтай идээ төдийхөн засаад, ойр тойрныхонтойгоо золгоод өнгөрдөг байсан гэдэг. Энэ уламжлал өдий хүртэл мөрдөгдсөн бол мал дээрээ байгаа, бүр цаашилбал цагаан сарын ууц дээрээ малчдын хөлд “чирэгдэхгүй” байж. Малчдын бахархал ирэг хонины том, сайхан ууц байхад нийслэлийн бид түүнийг дагаж, цагаан сарын ууцаар нэг нэгэндээ онгирч л байдаг.
Харин өчигдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Цагаан сарын баяраар ууц, өвчүү тавихгүй байх, Хятадын эрээн мяраан зүйлээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү уриалгыг Монгол зан үйл төрийн бус байгууллагын тэргүүн, МХЭАХН-ийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний салбарын нийгэмлэгийн тэргүүн Ц.Далантай зэрэг дарга нар гаргаж байгаа харагдсан. Үнэний ортой байж болох юм шүү. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архи бус сүү өргөж байх уриалга гаргасны дараа төрийн албаны урсгал зардал 50 хувь хүртэл буурсан гээд “мундаг” үзүүлэлт гарсан. Ууцыг халж, Эрээний барааг солилцохоо байвал Цагаан сарын урсгал зардал хэдэн хувиар буурах бол. Багагүй тоо гарах байх шүү. Хэдий болтол бид Эрээний наймаачин, махны ченжийг тэтгэх юм. Одоо тэд маань “хагартлаа” баяжаа биз. Ер нь бол ууцтай, Эрээний бараатай ч бай, үгүй ч бай Монгол түмний эртний заншилт Цагаан сар болдгоороо болно. Больё. Ууцгүй цагаалцгаая урианд нэгдлээ. Монголчууд бид нэрэлхүү болохоор өрөнд ороод ч болов баяр ёслолыг бусдаас дутахгүй тэмдэглэж, илүү том, үнэтэйд дурладаг. Үнэтэй ууц тавилаа гээд бид сайжирсангүй. Амьдрал ахуй ч дээшилсэнгүй. Авдаг бэлэг нь хүмүүст таалагддаггүй. Цагаан сараар дансаа “харлуулахгүйн” төлөө энгийн тэмдэглэвэл зүгээр биш үү. Эртнээс уламжлагдан ирсэн баяр хэмээн хэт хэтэрхий ёсорхох хэрэггүй.
“Аавын амьдад хүү ууц тавьдаггүй” гэсэн Монголын ёс байдагсан.