ТВ9 телевизийн бэлтгэн хүргэдэг “Детектив“ цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлгийн сэтгүүлчдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид мэдээлсэн. “Детектив” цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэгт хууль бус өмч хувьчлалын тухай баримт дурдагдсан байна. Нэвтрүүлгийн үеэр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгч н.Отгонжаргалын нэр цухас дурдагдсан аж. Үүнийг мөрдөн байцаагч н.Отгонжаргал уг асуудлыг нэр төрд халдсан хэмээн эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл гаргасны дагуу “Детектив “цуврал нэвтрүүлгийн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ асуудлыг тус телевизийн сэтгүүлчдийг өмгөөлж буй өмгөөлөгч О.Баасанхүү Сүхбаатар дүүргийн прокурорт ханджээ. Тэрбээр тус телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гэрчээр байцааж байгаа нэрийдлээр сэжигтэн яллагдагчаар татах гэж байгааг эсэргүүцсэн байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн прокурор н.Нямсүрэнд дээрх хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлаар өнөөдөр гомдол гаргажээ. Ямар үндэслэлээр прокурорт гомдол аргасан талаар өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад, “Нэгдүгээрт мөрдөн байцаагч Р.Отгонжаргал төрийн тусгай албан хаагч. “Детектив” нэвтрүүлгээр хөндсөн асуудалд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хүн. Тэгэхээр нэр төрд халдсан нэрээр гомдол гаргаж, хохирогч болж байгаа нь мөрдөн байцаалтын нууцыг задруулна. Үүнийг болиулаач гэдэг санаа. Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх нь хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлгийг бэлтгэсэн уран бүтээлчдээс гэрчийн мэдүүлэг нэрийдлээр байцаалт авч болохгүй. Харин нэвтрүүлэгт дурдагдсан эх сурвалжаас мэдүүлэг авах ёстой. Гуравдугаарт, тус телевизийн уран бүтээлчдийг сэжигтэн, яллагдагчаар татаагүй мөртлөө гэрчээр мэдүүлэг авч, тэрхүү мэдүүлэгтээ үндэслэн яллагдагчаар татах гэж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ мэт үндэслэл байгаа учир уг хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сүхбаатар дүүргийн прокурор н.Нямсүрэнд хүргүүллээ” гэх хариулт өглөө.
С.Отгон