Хайгуулын ажиллагааг дуусгахыг зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Хайгуулын ажиллагааг дуусгахыг зөвлөж байна

Техникийн мэргэжилтнүүд “Коста Конкордия” хөлгийн усан доорх хайгуулын үйл  ажиллагаа хэтэрхий аюултай болж байгаа тул ажиллагааг зогсоохыг зөвлөж байна. Тус ажиллагааны ахлагч Франко Габриелли эцсийн шийдвэр гаргах боловч мэргэжилтнүүдийн дүгнэлтийн эсрэг үйлдэл хийхгүй хэмээн мэдэгджээ. Хөлөг онгоцны сүйрлээс хойш 17 хүний цогцсыг олсон боловч дахин 15 хүний цогцсыг илрүүлж чадаагүй байгаа юм. 

Хөлгийн ахмад Франко Шкетиногийн мэдэгдсэнээр хөлөг чулуу мөргөсний дараа ахмад усанд живэх болон далийхаас хамгаалахаар Гиглио аралд тээглүүлсэн хэмээн мэдэгдсэн билээ. Одоогийн байдлаар хөлөг баруун тал дээрээ тогтон онгоцны 50 хувь нь усан доор байгаа бөгөөд 90 хэм эргэсэн байгаа аж.Одоогоор эрэл хайгуулын ажиллагааг үргэлжлүүлэх бөгөөд осол болсон газраас 18 км2 талбайд хайх ажиллагаа хийх гэнэ.

Мэргэжилтнүүд хайгуулын үйл ажиллагаанд оролцож байгаа шумбагчдын эрүүл мэндэд санаа зовж байгаагаа хэлсэн байна. Тэдний хэлснээр нурсан хөлөг онгоцны хүнд эд ангиуд болон том хэмжээний тороостой газраар шумбах нь маш аюултай гэнэ.

Габриеллигийн хэлснээр хөлөг хэдэн цаг тутамд дөрөв гаруй см хөдөлж байгаа гэнэ. Хөлөг хөдөлгөөнтэй байх нь цэвэрлэх үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх аж. Өнгөрсөн долоо хоногт бүс нутагт болсон газар хөдлөлт онгоцыг усны гүн рүү улам доошлуулна хэмээн эмээж байжээ. Хэрэв онгоц гүн хэсэг рүү орохгүй бол хаягдлыг цэвэрлэхийн тулд наанадаж 7-10 сарын хугацаа зарцуулна хэмээн Габриелли хэлсэн байна.

Ахмад Шкентиног хүний амь хохироосон, хөлөг онгоцыг нураасан бөгөөд хөлгийг орхин явсан хэрэгт буруутгаж, гэрийн хорионд оруулаад байгаа билээ. Гэвч ахмад өөрт нь тулгасан хэргийг үгүйсгэж байгаа төдийгүй өөрийнх нь үйлдэл хүмүүсийн амийг аварсан хэмээн мэдүүлж байгаа юм. Зарга мэдүүлэгчид түүнийг шоронд хорихыг шаардаж байна.

Ослоос амьд үлдэгсэд “Коста Круз” компанид гомдол мэдүүлээд байгаа аж. Харин компанийн зүгээс 3200 гаруй зорчигчид эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болох 11 мянган еврог хүн бүрт олгохоор төлөвлөж  буйгаа мэдэгдсэн байна. Харин гэмтэж, бэртсэн болон гэр бүлийнхнийгээ алдсан хүмүүстэй тусгай тохиролцоо хийх гэнэ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж