Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Шинэ эхлэл

Нарантуяагийн Чинзориг. Дөнгөж 26 настай залуухан балетмейстер. Тэрбээр сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг юм. Харин энэ залуухан балемтейстер өнгөрөгч даваа гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт саатсан үзэгчдийг жинхэнэ алмайруулж орхисон. Тэр үзэгчдийг неоклассик балет, модерн бүжигт дурлуулсан, автуулсан. Түүний тоглолтын нэр “Mirror”. Тоглолтын төгсгөлд үзэгчид “Балетчин Д.Алтанхуягийг л модерн бүжгээр төсөөлж байсан чинь, манай балетчид чинь үнэхээр мундаг юм. Чинзориг ямар мундаг залуу вэ, тэр гоцолсон бүжигчин ямар мундаг юм бэ” гэсээр театраас гарцгааж байв. Мэдээж үдшийн эзэн Н.Чинзориг богино хугацаанд энэ тоглолтыг бэлтгэн, үзэгчдэд хүргэсэн. Тэр бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийсэн нь харагдсан, мэдрэгдсэн. Бүжгийн хөгжмийн сонголт, тайз засалт, бүжигчдийн хувцас гээд л жижиг, нарийн бүх зүйлд Н.Чинзориг анхаарлаа хандуулж үзэгчдийг эзэмдсэн. Үзэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байсан. “Браво, браво, браво” хэмээн дэмжих үзэгчид Н.Чинзоригийг Монголын балетын урлагт шинэчлэл хийх ирээдүйтэй балетмейстер болно гэдэгт итгэлтэй байсан. Тэр шинэ эхлэлийг тавьсан.

Үргэлж дэлхийн болон үндэсний сонгодог бүжигт бүжиглэдэг үзэгчдийн хайртай гоцлол бүжигчид энэ үдэш илүү чөлөөтэй, өөр төрхийг харуулсан. Театрын тайзнаа бүжих цагаан хун Б.Саруул хайртай залуудаа хууртагдсан бүжгийн ангийн оюутан охин Жули хэмээх охинд хувирч үзэгчдийг уйлуулсан. Тоглолтын нэгдүгээр хэсэгт “Хар дугтай ба хайр дурлал” хэмээн нэг үзэдэлт неоклассик балетыг тоглосон. Гол дүрд нь Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар бүжсэн. Театрын гоцлол бүжигчид бэлтгэл хийхээр тайзан дээр гараад ирлээ, дэрвэгэр хормой, какски өмсөөгүй байна. Магадгүй үзэгчдийн харахыг хүсдэг үзэгдэл. Хүн бүр л дотроо балетчид хэрхэн бэлтгэлээ хийдэг бол, нэг харах юмсан хэмээн боддог. Тэгвэл тэд тайзан дээр бэлтгэл хийж байна. Энэ дунд Б.Саруул, Г.Цолмон, Ц.Хонгорзул, Г.Батчимэг гээд л үзэгчдийн хайрлаж, хүндэлдэг гоцлол бүжигчид энгийн хувцастайгаа бэлтгэлээ хийгээд зогсч байв. Үзэгчид мэдээж гайхсан ч энэ бол орчин үеийн бүжиг. Тэд бүжгийн сургуулийн оюутнууд гэнэ. Тэгээд л бэлтгэлээ хийж байгаа нь энэ аж. Б.Саруул буюу Жули мөн л сургуулийнхаа оюутан Марти буюу Э.Эрдэнэжаргалд дурласан. Тэд нэг нэгэндээ маш их хайртай. Илүү чөлөөтэй, нүүрний хувирал ихтэй, сэтгэл хөдлөлийг хурц харуулах тэдний бүжиг үзэгчдийг эзэмдэж байв. Мэдээж хайраа илэрхийлэх бүжгийнх нь хөгжим “Титаник” киноны дуу байв. Хүн бүр тэднийг нүд салгалгүй харж байв. Гэтэл ангийнх нь охин Кэтри Г.Батчимэг Жулид нэгэн хар дугтай өгснөөр тэдний хайр сэвтэнэ. Жули дугтуйг онгойлгон харвал Мартины өөр охинтой авахуулсан зураг байв. Мартинд гомдож уурласан Жули бүр л уур бухимдал, гомдолоо илэрхийлэн бүжинэ. Энэ үед үзэгчид бүгд л биеэ чангалж тэр бүжигт уусан орсон. Тэд яг л өөрсдөө гомдож, уурласан юм шиг… Бүжгийн төгсгөл нь Жули өөр залуутай сүй тавьж, Мартин ганцаардал дунд хоцорно. Энэ бүхнийг би та бүхэнд ярьж өгч байгаа юм шиг л, яг л кино үзэж байгаа юм шиг бүжгээр илэрхийлсэн. Нэг ч удаа үг хэлэхгүй байсан хэрнээ нүүрний хувирал, бүжгийн хөдөлгөөнөөрөө энэ бүхнийг үзэгчдэд өгүүлсэн. Үнэндээ үзэгчид неоклассик балетад автчихсан, зарим нэг нь уйлж байгаа харагдсан шүү.

Цааш бичихгүй байж чадахгүй нь, юу гэхээр тоглолтын хоёрдугаар хэсэг маш сонирхолтой өрнөсөн. Нийт 11 нэр бүхий богино модерн бүжгийг бүжсэн. Тус бүртээ өөр өөрийн онцлогтой, илэрхийлэл бүр нь сонирхолтой, бас л үзэгчдийн дуу алдалтаар дүүрэн байсан. Тэр олон бүжиг дундаас “Тэнгэрийн элч” гэх нэртэй таван эрэгтэй бүжигчдийн бүжиглэсэн бүжгийг онцолмоор байна. Энэ бүжиг үзэгчдийн хамгийн ихээр татсан. Бүжигчин М.Намсрай, А.Эрдэнэ-Болд, Б.Пүрэв-Очир, Б.Төгөлдөр, Э.Эрдэнэжаргал нар энэхүү бүжигт бүжсэн. Хүн бүр энэ бүжгийг өөр, өөрийнхөөрөө ойлгосон. Зарим нэг нь бие муутай залуу тэнгэрээс өршөөл эрж, аврал хүсэхэд дөрвөн тэнгэрийн элч бууж ирэн тэр залууг хамгаалж аварч байгаагаар ойлгоход нөгөө хэсэг нь цэл залуухан залууг тэнгэрийн элч нар авч одож байгаа тухай ойлгосон бол бас нэг хэсэг нь эв найрамдал, эр хүний дотоод мөн чанарийн тухай өгүүлж байна хэмээн хоорондоо хэлэлцэнэ. “Зуурдын жаргал” хэмээх бүжигт У.Анужин, Э.Эрдэнэжаргал нар бүжсэн. Тэд бол нэг нэгэн дурласан хосууд. Хамтдаа байхдаа аз жаргалаар дүүрэн байсан залуу хос. Дөнгөж салаад нэг нэгнээсээ хагацаж чадахгүй эргэн, эргэн харсаар хайртай залуу нь авто осолд орж, нас барснаар бүжиг төгсдөг. Энэ бүхнийг хэдхэн минутад тэгээд бүжгээр илэрхийлнэ гэдэг үнэхээр гайхалтай. Н.Чинзориг энэ үдэш үзэгчдийг баярлуулж, догдлуулж, уйлуулж, харамсуулж, аз жаргалд автуулах гээд олон мэдрэмжийг үзэгчдэд бэлэглсэн. Эцэст нь үзэгчдэд тэр хамгийн гоё эрч хүч, урам зоригийг өгсөн. Үзэгчид түүнд “онц” дүн тавьсан. Бүжигчдийн хувьд ч гэсэн орчин үеийн бүжиг бүжиглэх нь сонирхолтой санагдсан биз. Тэдний бас нэг өөр төрхийг харах таатай байсан. Ийнхүү сонгодог урлагийн шинэ үеийн төлөөлөл болсон залуухан балетмейстер театрт шинэ эхлэлийг тавьлаа, цааш улам хөгжиж, илүү ихийг хийж бүтээхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа. Ийм нэгэн залуухан балетмейстертэй танилцаж, орчин үеийн бүжгийн шинэ төрлийг үзэгчдэд танилцуулсанд нь талархая.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж