улс өнгөрсөн арваннэгдүгээр сард Хонконгоос 102,779 кг алт импортолсныг
тус улсын Статистик бүртгэлийн газраас мэдээлжээ. Энэ нь өмнөх сарын
импортоос 86,299 кг-аар өссөн үзүүлэлт ажээ. Бээжин алтны худалдааны
тухай албан ёсны тайлан гаргаагүй боловч дээрх үзүүлэлт Хятадын алтны
импорт өсч буйг харуулж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар Хятад алтны
импортыг 2011 онд өмнөх оноос хоёр дахин өсгөж, 490 тонн алт худалдаж
авчээ. Хятад 2010 онд 245 тонн алт импортолсон юм. “Хятад алт ихээр
худалдан авч байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж эхэлсэн” гэж
Лондонгийн “Sharps Pixley” металын биржийн брокер Росс Норман ярьсан
байна.
Хятадад алт ихээр худалдаж авч буй газар нь Хятадын Ардын
банк буюу Төв банк аж. Тус банкны судалгааны албаны дарга Зэн Жянхуа
“Одоо найдвартай хөрөнгө гэж байхгүй. Хөрөнгөө “хатуу юм” болгох л ганц
сонголт бий. Алт худалдаж авах хамгийн тохиромжтой үе бол зах зээлийн
хямралын үе” гэж ярьсан байна.
Гэвч
шинжээчдийн бичиж буйгаар үүнд хэд хэдэн бэрхшээл бий аж. Нэн түрүүнд
Хятадын Төв банкны худалдан авах чадвар буурна. Хятадын гадаад валютын
нөөц 2011 онд 20.6 тэрбум ам.доллараар буурсан бөгөөд 1998 оны эхний
улирлаас хойш өсөөгүй аж. Өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард гэхэд л
гадаад валютын нөөц 92.7 тэрбум ам.доллараар буурсан юм. Төв банк
худалдан авах чадваргүй болох нь маш эрсдэлтэй бөгөөд дампууралд ч
хүргэж мэднэ. Гадаад валют худалдаж авахын тулд Төв банк орлогын өөр эх
үүсвэр хайх хэрэгтэй болдог. Нөгөө талаар хятадууд уламжлалт Цагаан
сарын баяраар алт, үнэт эдлэл худалдан авах нь нэмэгддэг ч энэ нь түр
зуурынх гэж эдийн засагчид үзэж байна. Гэвч Хятадад алтны худалдан
авалтын өсөлт өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн тул Цагаан сартай холбон
тайлбарлах аргагүй болж байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард Хятадын эдийн
засгийн өсөлт буурч эхэлсэн эхний үзүүлэлт гарсан боловч жинхэнэ
бууралт түүнээс хэдэн сарын өмнө эхэлсэн аж. “Wall Street Journal Asia”
сэтгүүлийн эдийн засгийн тоймч Жон Бэтчелор “Сүүлийн хэдэн жилд бидний
чихэнд дасал болсон Хятадын эдийн засгийн суга өсөлтийн түүхэнд хятадууд
өөрсдөө ч итгэхээ больсон” гэж бичсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч,
хөрөнгийн зах зээлд үнэт цаасны ханш унаж буй энэ үед Хятадын гол тактик
нь алт болоод байгаа аж. Бээжингийн их сургуулийн эрдэмтэн Майкл Петис
“Хятадын гадаад худалдааны ашиг буурч байгааг олон хүн ярьж байгаа”
гэжээ. Хятад алт ихээр худалдан авч буй нь сандралын эхний шинж бөгөөд
хямралд бэлтгэж буйн дохио гэж ажиглагчид үзэж байна.