Элчин сайд Д.Идэвхтэн аав хүү Рерихийн уран бүтээл, судалгаа шинжилгээний ажилд Монгол орон, Монголын үзэсгэлэнт байгаль, монгол түмний соёл, зан үйл, сэтгэлгээний талаар үлдээсэн үнэт зүйлсийг эрдэм шинжилгээ, соёлын эргэлтэд оруулах,сэргээн засварлаж өвлөн хадгалах үйлст олон жилийн туршид идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаад нь Л.В.Шапошниковад талархал илэрхийлээд дорнын болон барууны гүн ухааныг харьцуулан судлах, тэдгээрийн үнэт зүйлсийг улам бүр тодотгон баяжуулах, сурталчлан дэлгэрүүлэх үйлст нь өндөр амжилт хүсэв.
Н.К.Рерихийн нэрэмжит музейн ерөнхий захирал Л.В.Шапошникова хариу талархал илэрхийлж хэлсэн үгэндээ 40 шахам жилийн өмнө Монгол Улсад кино бүтээх ажлаар зочилж байснаа дурсаад дорны соёл, гүн ухааны сэтгэлгээнд монголчуудын оруулсан хувь нэмрийг хүндэтгэж, онцлон судалдгаа тэмдэглэв.
Людмила Васильевна Шапошникова эдүгээ 86 настай бөгөөд Рерихийн гэр бүлийн гишүүдийн бүтээл, өвийг судлаач төдийгүй соёл, урлагийн судлал, гүн ухааны чиглэлээр олон арван бүтээл туурвисан нэрт эрдэмтэн ажээ. Тэрбээр 1975-1980 онуудад Рерихүүдийн Төв Азийн экспедицийн замналаар /Хятадаас бусад орнуудад/ ганцаарчлан аялаж судалгаа, шинжилгээний ажил хийж байжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.