Төрийн түшээ төрийнхөө ордонд хоёр гараараа салаавч гаргаж болдгийн шижээг эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу тодхон харуулж чадсан. Түүний тун ч бүдүүлэг авирласан тэрхүү зураг цахим хэвлэлд нийтлэгдсэнээр чамгүй шуугиан тариад байгаагийн сацуу ард түмний дургүйцлийг тун их хүргээд байна. Төрийн түшээ хүнд байж боломгүй үйлдэл харуулсныгаа тэрбээр “Б.Бат-Эрдэнэ, Балдан-Очир гишүүн нар дургүй хүргээд байсан болохоор нь тэгсэн юм. Түүнээс биш би ард түмэн рүүгээ хэзээ ч салаавч гаргаагүй юм шүү” хэмээн зөвтгөж явна. Түүнчлэн өөрөөс нь тайлбар нэхсэн сэтгүүлчийн асуултад тэрхүү будүүлэг зургаа өмгөөлж, “Б.Бат-Эрдэнэ, Балдан-Очир нар намайг чадах гэсэндээ тэр зургийг нийтэд дэлгэлээ. Эр хүн байж ийм хөгийн зан гаргана гэж санасангүй” хэмээн хариулжээ.
Гэхдээ баттай эх сурвалжаас авсан мэдээллээр олон нийтэд ил болоод буй Ш.Сайхансамбуу гишүүний “саваагүй чамин” зураг Б.Бат-Эрдэнэ гишүүний авсан зураг биш бөгөөд тэрхүү зургийг авсан хүнээс нь 20 сая төгрөгөөр худалдаж авах саналыг 9911….-тэнгүүдээс ирүүлсэн гэнэ.
Харин нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, Ш.Сайхансамбуу гишүүний энэхүү уйваагүй үйлдлийг харуулсан гэрэл зураг Монголын гэрэл зургийн түүхэнд папараци гэрэл зургийн томоохон жишээ болж чадахуйц бүтээл болсон гэхэд хилсдэхгүй юм.