Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху өчигдөр Ликуд намын даргаар дахин сонгогдсон нь бүх нийтийн сонгуулийн товыг наашлуулж магадгүй гэх таамаглалыг улам дэвэргэж байна. Беньямин Натаньяху өчигдөр Ликуд намын дэмжигчдэдээ талархал илэрхийлж, бүх нийтийн сонгууль явуулах хүртэл хугацаа байгаа тухай мэдэгдэл хийжээ. Израйль улс бүх нийтийн сонгуулийг ирэх 2013 оны намар явуулахаар товлосон ч олон улсын ажиглагчид Беньямин Натаньяхуг олонхийн санал авахын тулд бүх нийтийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зарлаж магадгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Ликуд намын даргыг сонгох санал хураалтаар Натаньяху гишүүдийн 74 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгчдөөс 24 хувийн санал авч хамгийн түүнтэй хамгийн ойр очсон нь Моше Фейглин гэнэ. Намын даргыг сонгох санал хураалтад нийт гишүүдийн 50 хувь буюу 125 мянган хүн саналаа өгчээ. Израйлийн сөрөг хүчний Кадима нам лидерээ ирэх гуравдугаар сард болох санал хураалтаар сонгох ажээ.
Н.Энх