Нөөцийн махны үнийг хямд байлгахын тулд төрөөс болон нийслэлийн захиргаанаас татаас мөнгө шийдвэрлэх тухай яригдаж байгаа ч одоогийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй байгаа тухай Монголын махны холбооныхон мэдэгдэж байна. Ийнхүү мэдээлэл хийх болсон шалтгаанаа тэд нөөцийн махыг ханган нийлүүлж, худалдахдаа асар их мөнгө эргэлдүүлж, угааж буй мэтээр ярих болсон тул үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой холбон тайлбарлав. Ингэхдээ нөөцийн махыг зах зээлийн үнээс доогуур ханшаар худалдахын тулд тодорхой санхүүгийн үүсвэр шаардлагатай бөгөөд энэ нь төр, нийслэлийн захиргаанаас бус, хамтарч байгаа хувийн аж ахуй нэгжүүдийн хөрөнгөөр бүтэж байгаа гэдгийг онцоллоо. Мах бэлтгэн нийлүүлэгчдийн тухайд кг тутамд 1000-1500 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар нийслэлд 11 мянган тонн махны нөөц байгаа бөгөөд цагаан сар хүртэл нөөцийн махны үнэд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг мэдэгдэв. Харин цагаан сарын дараа нөөцийн махны үнийн тогтсон ханшийг дурдаагүй бөгөөд тухайн цагт махны нийлүүлэлтийн, бэлтгэлийн үнэ ханш хэр байна, түүнтэй уялдан кг тутмын үнийг дахин тогтоож магадгүй гэв.
Нөөцийн махны чанар, хүртээмжийн талаар Монголын махны холбооны тэргүүлэгч Л.Ганпүрэвээс тодрууллаа.
-Нөөцийн махны хүртээмж муу байна гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Гулуузаар нь борлуулснаар хүрэлцээ улам муудах вий гэсэн таамаг бий?
-Одоогийн байдлаар 11 мянган тонн махны нөөцтэй байна. Өргөжүүлсөн худалдаагаар нөөцийн махыг гулуузаар нь худалдаж байгаа нь махны нөөц боломжийн хэмжээнд байгааг илтгэж байгаа юм. Энэ нь ард иргэдэд цагаан сарын өмнө ба баярын үеэрх махны хэрэглээгээ зохицуулах бүрэн боломж олгож байна. Нөгөө талаар нөөцийн махыг захуудаар, эсвэл хаа сайгүй худалдвал үлдсэн нөөц мах 25-30 хоногийн дотор дуусна. Тиймээс ч амьжиргааны төвшнөөс доогуур иргэдэд илүү хүргэх үүднээс хороо тус бүрт худалдааны тодорхой цэгүүдийг сонгосон юм.
-Нөөцийн махны чанарын тухайд хэтэрхий ясархаг гэх гомдол гарч байна. Махны чанарт хэрхэн ямар хяналт тавьж байна вэ?
-Чанарын тухайд баталгаатай хэлж чадна. Стандартын дагуу махыг хадгалж, тээвэрлэж, нийлүүлж байгаа. Махыг нийлүүлэгч, бэлтгэгч нарт хийх шалгалт огт багадаагүй гэхэд болно. Ард иргэдийн махны хэрэгцээ, шаардлага их байгаагаас тухай бүртээ шилэгдээд үлддэг тал бий.