Жижиг, дунд аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлнө

Монгол Улсын Засгийн газраас 2012 оныг Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байгаа юм. Жилийн ажлын нээлтийн ажиллагаа Төрийн ордонд болж байна. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлсэн юм.

Ерөнхий сайд Монгол төрийн бодлогын цөм нь монгол хүн, монгол айл өрх болохыг онцлон хэллээ. Энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр зэрэг өрх, гэр бүлийн амьдралд шууд нөлөөлөх хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж эхлэх, УИХ, Орон нутгийн сонгууль зэрэг улс, нийгмийн амьдралд чухал нөлөөтэй олон үйл явдал өрнөх хариуцлагатай жил гэдгийг мөн дурдсан юм.

Өрхийн хөгжлийн хөтөлбөрт орлого багатай иргэдийн амьжиргааг дундаж хэмжээнд хүргэх, идэвх санаачлагатай өрхийг урамшуулах бодлого баримтлах зорилт дэвшүүлжээ. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх юм байна. Үүнийг Засгийн газар сонгууль хүлээлгүй хэрэгжүүлэх саналтай байгааг Ерөнхий сайд хэллээ. Чинээлэг нь өндөр татвар, бага, дунд орлготой нь татуу татвар төлдөг тогтолцоог бүрдүүлэх, амьжиргаагаа сайжруулж, бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлж байгаа өрхүүдийг татварын бодлогоор дэмжих чиглэлийг Засгийн газраас гаргажээ. Зээлийн бодлогыг ч шинэчлэх юм байна. Барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чаддаггүй, зээлийн хүүгийн дарамтад ордог зэрэг бэрхшээлийг нимгэлэх зээлийн шинэ бодлого барьж иргэдэд санхүүгийн эрх чөлөөг бодитой олгохоо Ерөнхий сайд амлалаа.

Дан санхүүгийн дэмжлэг олгохоос гадна ажлын байртай болгох, тэтгэлэг, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээнд хамруулах журмаар өрхийг хөгжүүлэх ажээ.

Нийгмийн эмгэнэл болсон архидалтыг халах ажлыг өрх, гэр бүлээс эхэлж, архи, тамхины үйлдвэрлэлийг төрийн зохицуулалттай болгох бодлогыг боловсруулахаар болжээ.

Цалин, тэтгэврийг 2008 оны төвшнөөс дунджаар хоёр дахинаас илүү хэмжээгээр өсгөж, 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа 50 гаруй хувиар нэмэх юм байна. Гацаанд орсон 100 мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Өрхийн хөгжлийн жилийн нээлтэд салбарын яамд, аймаг, нийслэлийн 140 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж