Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэг өдрийн турш хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадсангүй. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг түлхэн унагаж, босогчид болон цэргийнхэний хоорондох сөргөлдөөнийг зогсоох Араб лигийн төлөвлөгөөг авч хэлэлцжээ. Катарын Ерөнхий сайд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын “аллагын машин”-ыг зогсоох яаралтай арга хэмжээ авахыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад уриалсан байна. Гэвч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноос Хятад, ОХУ Араб лигийн төлөвлөгөөг эсэргүүцжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Энгийн номхон иргэдийн эсрэг гал нээж буй Засгийн газрын цэргүүдийг бид зэмлэж байгаа ч эрх баригчдын эсрэг зэвсэг барин тэмцэж буй хэт туйлшрагч босогчдыг ч өмөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Харин НҮБ дахь Хятадын суурин төлөөлөгч Ли Баодонг Сирийн одоогийн засаглалыг хүчээр унагахыг эсэргүүцэж, НҮБ-ын дүрэм, олон улсын бусад хэв хэмжээг зөрчиж байна гэж мэдэгджээ.
НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Витали Чуркин Аюулгүйн зөвлөлөөс Сирийн асуудлаар нэн даруй шийдвэр гаргахыг хүссэн байна. Өрнөдийн орны дипломат төлөөлөгчид ч мөн Сирид сөргөлдөөний галыг зогсоох Араб лигийн төлөвлөгөөг дэмжиж, НҮБ яаралтай арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаа аж. НҮБ-ын шинжээчдийн мэдэгдэж буйгаар Сирид өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцрохыг шаардсан бослого хөдөлгөөн дэгдсэнээс хойш 5,400 гаруй хүн амиа алджээ. Гэвч сүүлийн үед хүчирхийлэл улам гаарч, өнгөрсөн даваа гаригт л гэхэд 100 гаруй хүн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдсан тухай мэдээ иржээ.
Н.Энх