УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь өнөөдөр 15.00 цагт хуралдаж валютын ханш болон нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Энэ нь хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хуралдаанаа цуцалж ирэх долоо хоногийн мягмар гаригт дахин зарлахаар болсон юм.
Харин тус байнгын хорооны хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн эдийн засагч Н.Дашзэвэг, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар байнгын хорооны даргад хандан “УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байсан ч гэлээ бидэнд үг хэлэх, асуудлаа ярих боломжийг олгох байсан” гэж уурссан юм. Харин дээрх асуудлыг судлах ажлын хэсгийн даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг одоо сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийхээр болоод байна.
Г.Дарь