Хонины толгойгоор ширээгээ чимэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Хонины толгойгоор ширээгээ чимэхийг уриалав

Монголын хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар, Хүнс, хөдөө, аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний салбарын нийгэмлэгийн тэргүүн Ц.Далантай, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын зан үйл дэмжигчдийн холбооны тэргүүн Н.Цэрэннадмид нарын эрхмүүд өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийж, сар шинийн баяр дөхсөн үед өргөн хэрэглээний бараанаас гадна ууцны үнэ “тэнгэрт хадаж”, иргэдэд эргээд дарамт болж буй тул Цагаан сараар хонины ууц бус толгойгоор баярын ширээгээ чимэхийг уриалж буй тухайгаа дуулгав.

“Монголд Цагаан сар хэмээх баярыг Чингис хааны үеэс ч өмнө тэмдэглэдэг байжээ. Энэхүү баярын гол утга нь сүү, цагаан идээ машид дэлгэрч, онд мэнд орсны, анчид ан авлага хийж, түүнийхээ хишгийг ард олондоо түгээсний баяр хэмээн намрын адаг сард тэмдэглэдэг байсан. Чингис хаан Цагаан сарыг тэмдэглэхдээ 842 хот балгадаас хишиг даллага цуглуулж, 60-аас дээш настай бол нийт хишгийн гурван хувь, 90-ээс дээш настай бол дөрвөн хувь гэх мэтээр 120 настай бол сүйх тэргэнд суулган настан буурайг ордонд морилуулж, өөрийн биеэр золгон, хүссэн зүйлийг нь хишиг болгон хүртээдэг байжээ. 1911-1924 онд Богд гэгээнд Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн зарим хошууд ууц идээг баярын өглөг барьц болгон өгдөг байжээ. Энэ үеэс л монголчууд хонины ууцаар “гангарч” эхэлсэн ч 1952 онд Маршал Х.Чойбалсан Цагаан сарын өдөр өөд болсон тул энэхүү баярыг тэмдэглэхийг хоригложээ. 1960 оноос Нэгдэлчдийн баяр болгон малчид, нэгдэлчид л тэмдэглэдэг, харин бусад иргэд нууцаар тэмдэглэж байж. Ардчилал ялснаар буюу 1990-ээд оноос хойш ерөнхийдөө задгайрсан. Сүүлийн үед Цагаан сарыг бие, биеэс илүү баян тансаг харагдахын тулд байгаа бүхнээ зориулдаг болсон. Ёстой л нөгөө хөлтэй нь хөлөөрөө, хөлгүй нь элгээрээ гэдэгтэй адил бэлэн мөнгөтэй нь байгаа бүхнээрээ, мөнгөгүй нь өр зээлээр энэхүү баярыг өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэдэг болсон байна. Цагаан сар нь эвгүй хэлбэл улаан идээний баяр болж, жинхэнэ утгаа алдсан” хэмээн хуралд оролцсон хүмүүс ярьж байлаа.

Тиймээс ард түмний амьдрал туйлдаа хүрээд байгаа одоо цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос хэрэглэгч түмэндээ хандан уриалга гаргаж байгаа аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уриалга гаргуулах тухай албан бичиг хүргүүлэх болсон байна. Уриалгад нэгдүгээрт, сар шинийн баяраар айл өрх бүр хавтгайрч ууц, өвчүү тавихгүй байх, харин эртний уламжлал ёсоо сэргээн мах шүүсээ дээдлэх, хоёрдугаарт, гар цайлгах, бэлэг өгөхдөө мөнгө солилцох, шаардлагатай бол үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг сонгохыг санал болгожээ.

Дээрх уриалга нь зөв зохистой хэрэглээг бий болгох, үнэ ханшийг тогтвортой байлгах, эдийн засгаа хэмнэх, төгрөгийн ханшийг чангаруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих агуулгатай ажээ. Энэхүү санаачилгыг Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчилэн, Дашчойлон, Их хүрээ хийд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын залуучуудын эвлэлийн холбоо, УИХ-ын гишүүд зэрэг олон байгууллага, ард иргэд дэмжиж байгаа аж. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны нийт гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг баяр ёслолыг архигүй тэмдэглэж байх уриалгын үргэлжлэл болгон дээрх уриалгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй буйгаа мөн хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлэв.

Цагаан сарын баяраар заавал хонины ууц гэлтгүй малын дотор эрхтнийг төлөөлөн бүдүүн гэдэс, үе мөчийг төлөөлөн дал дөрвөн өндөр, хонийг бүхэлд нь төлөөлж, хонины толгойг баярын ширээндээ тавихыг санал болгон уриалж байгаа ажээ. Одоо хонины ууц 260-280 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэж үзвэл дээрх төлөөлж буй зүйлүүдээр ширээгээ чимбэл 150-200 мянган төгрөг хэмнэж чадах гэнэ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж