ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

ГХ-ны дэд сайд Г.Тэнгэр ажлаа хүлээж авлаа

Гадаад харилцааны дэд сайдын ажил хүлээлцэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, дэд сайд асан  Б.Болор, дэд сайд Г.Тэнгэр нараас гадна тус яамны сайдын зөвлөлийн гишүүд оролцов. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Б.Болор дэд сайдаар ажиллах хугацаандаа чухал ач холбогдолтой айлчлал, арга хэмжээ зохион байгуулан оролцож, үр дүнтэй ажиллалаа. Мөн цаг үеийн чухал асуудлаар ажлын хэсгийг ахалж, санаачилгатай  ажилласныг дурдах нь зүйтэй” гэсэн юм. Түүний ажлыг хүлээн авч, Гадаад харилцааны дэд сайдын албан тушаалд томилогдсон  Г.Тэнгэр  1987-1991 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991-1993 онд Техникийн их сургуулийн Компьютер, техник менежментийн сургууль, 1993-1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1994-1998 онд Япон Улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургуулийг тус тус дүүргэж, Удирдлагын ухааны бакалавр зэрэг хамгаалжээ. 1998-2000 онд Японы “БСП” компанид мэргэжилтэн, 2000-2001 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2001-2005 онд Японы “Коника Минолта” компанид мэргэжилтэн, 2005-2009 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцааны албаны дарга, 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж