Дархан, Эрдэнэтийг хот болгох тухай хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Дархан, Эрдэнэтийг хот болгох тухай хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцээд олонхи гишүүд дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх тогтоолд Дархан, Эрдэнэт, Ховд, Чойбалсан, Сүхбаатар, Хархорин, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэл бүхий хот болгохоор тусгаад байгаагийн зэрэгцээ бусад аймгууд ч үүнд хамаарч буй юм.

Харин үүнтэй зарим гишүүд санал нэгдэхгүй байгаагаа ч хэлэлцүүлгийн шатанд хөндлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Бүх аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй хот болгоно гэвэл зөвхөн нэр томъёоны хувьд л өөрчлөлт орохоос биш, тэр даруй хотын хэмжээнд хүрч чадахгүй. Үнэхээр аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй хот болгох зорилго тавьж буй бол бүсийн тулгуур төвтэйгээ уях нь үндсэн агуулгаараа зөв болно” гэж үзсэн бол УИХ-ын гишүүн С.Ламбаа “Архангай аймгийн Цэцэрлэгийг хот гэвэл аймгийн төвийнх нь Эрдэнэбулган сумыг юу гэж нэрлэх вэ. Энэ чинь өөрөө хоёр өөр юм бий болгож, асуудал үүсгэх болж байгаа. Зөвхөн Архангайгаар тогтохгүй бусад аймгуудын хувьд ч бэрхшээл үүсгэх учраас энэ давхардлыг хэлэлцүүлгийн шатанд нэгмөр болгох ёстой” гэсэн юм. Түүнчлэн гишүүдийн хэлснээр удирдлагын төвшинд ч асуудал үүсгэхээр байгааг анхааруулж, бүх аймгийн төвийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг дэмжих нь буруу гэж байв. Хэрэв Засгийн газраас өргөн барьсан тогтоол энэ хэвээр УИХ-аас дэмжлэг хүлээвэл аймгийн төвүүд дэх сумын статус нь хотын статустай давхацна гэж байв. Тодруулж хэлбэл, сумын Тамгын газар, аймгийн Тамгын газар, хотын захирагчийн алба гээд урдаа данхайгаад байгаа төрийн албаны бүтэц улам томорч тэр хэрээр давхардсан удирдлага гарч ирнэ  гэж шүүмжлэлтэй хандлаа. Нэг үгээр хэлбэл, дээр нэр дурдсан сумын Тамгын газар, аймгийн Тамгын газар, хотын захирагчийн алба тус бүрдээ  даргатай байх шаардлага үүснэ. Даргаа дагаад хурган дарга нар бий болно. Түүгээр тогтохгүй “цэргүүд” олширно гэсэн юм. Харин Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамныхан “Тухайн сумын Засаг дарга нь хотын захирагч байна” гэж тайлбарлаж байв. Тэгвэл Д.Дамба-Очир нарын гишүүд “Дархан, Эрдэнэт зэргийг улсын чанартай хот болгосноор Улаанбаатар хот дахь хүн амын төвлөрөл саарч, тэр хэрээр томоохон хотууд хөгжих бололцоог бий болгоно” гэж үзэж байв.

Ийнхүү гишүүд асуудалд хоёр талтай хандсан ч олонхи гишүүн эл асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж гар өргөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж тогтсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж