Эдийн засгийн өсөлт эмгэнэл дагуулсаар

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт эмгэнэл дагуулсаар

Дэлхийн эдийн засгийн форум Швейцарь улсад болж байгаа. Уг хурлаар Монгол Улсын эдийн засгийг нэлээд онцолж байна. Учир нь уул, уурхай тэр дундаа нүүрс, зэс зэрэг ашигт малтмалаараа дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй. Одоогоор гурван жилийн өмнө буюу 2009 онд эдийн засгийн хямрал олон улсад сөргөөр нөлөөлж хямрал, ядуурал, өлсгөлөн дэлхий дахиныг цочроосон. Харин манай улсын  эдийн засаг 2009 онд 9.4 хувиар өссөн гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 17.3 хувиар нэмэгдсэн гэсэн сайн мэдээ дуулдав. Энэ мэдээг сонсохоор амьдрал үнэхээр сайн сайхан, боломжийн байгаа нь илт байна. Алга ташин угтаад авмаар л байна шүү. Энэ үнэн үү, Ерөнхий сайд аа, Сангийн сайд аа. Та бүгдийн ширээн дээр байгаа өсөн нэмэгдсэн эдийн засгийн тоон судалгаа нүдийг чинь баясгаж байгаа байх. Харин энэ бүгд үнэн хэрэгтээ ард түмний нуруун дээр ядуурал, жагсаал цуглаан, үнийн хөөрөгдлийг авчирч байгаа гэхэд хилсдэхгүй. Ажилгүйдлийн түвшин 8.7 хувиар буурсан гэсэн таатай мэдээлэл байх юм. Гэвч яагаад ядуурлын түвшин багасахгүй байгаа юм бэ. Цалингаас цалингийн хооронд өр тавин урд хормойгоороо хойдхоо нөхөөд амьдарч байгаа гэр бүл нийгмийн дийлэнх хувийг эзэлж байгаа болохоор тэр үү. Чанартай, баталгаажсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүй хүмүүс эдийн засгийн хурдацтай хөгжиж буй улсын 70-аас илүү хувийг эзэлж байдаг. Үүнийг амьдралын түвшин сайн байна, сайхан амьдралын эхлэл гэж хэлэх үү. Ийм байдалтай байхад эдийн засгийн энэ олон өсөлттэй тоон үзүүлэлт хэнд хамаатай юм бэ. Ганган, хээнцэр хувцастай сайдын эхнэрийн гартаа барьсан цүнх нь нэг өрхийн жилийн орлогоос ч үнэтэй гэхээр эдийн засгийн өсөлт эрх дархтангуудад эерэгээр нөлөөлж байгаа нь харагдаж байна. Ганцхан зүйлээс жишээ татахад ийм байгаа юм. Манай улс нүүрсний экспорт, зэсийн экспортоор дэлхийд эхний байранд орж чадсан. Гэтэл эрэмдэг, зэрэмдэг нийгмийн тогтолцоогоороо дэлхийд ноёлоход ойрхон байна. Газар тариалан, мал аж ахуйн салбар ихээхэн хөгжсөн. Гэтэл мах иднэ гэдэг монгол хүний хувьд мөрөөдөл болж хувирсан шүү. “Сайхан мөрөөдөлтэй сажилж явахад, сайн мах иднэ” гэдэг зүйр үгтэй болох нь дээ. Монголоор дүүрэн мал байна. Бараг 30 сая хол давсан малтай гурван сая хүрэх үү, үгүй юү хүн амтай. Гэтэл мах байтугай булчирхай ч олж идэх мөнгөгүй хүмүүс амьдарсаар л байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн нэмнэ хэмээн амласан. Энэ нэмэгдэл асар их сөрөг нөлөөг авчрах нь тодорхой. Сайн цалин авах нь үнэн. Харин сайхан гэгч нь үнийн хөөрөгдөлд бут ниргүүлэх байх даа. Мууг ургуулж бодохдоо монголчууд сайн гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны жагсаалыг намжаахад харуулж чадсан. Чөтгөр хүртэл хоолгүй хонох дөхөөд байхад эдийн засгийн өсөлт нэмэгдлээ гээд шагширч суудаг. Нуруугаа авахуулсан морь шиг ядарч туйлдсан ард иргэд нь ямааны гуравдугаар зэргийн мах шиг “Нөөцийн мах”-аар хоолоо залгуулж байдаг. Нийтийн тээврээр зорчиход хүртэл нэмэгдэл мөнгө төлөөд амьдарч байна. Шатахууны үнэ өсөх сургаар л өлсгөлөн, хямрал, стресс, дарамт өрх гэрт ногдож байна. Үүнийг эдийн засгийн өсөлтийн бэлэг гэх үү. Сайхан зүйлс зөвхөн бичиг цаасан дээр л үлдэж байна. Харин саар бүх зүйлс ард иргэдтэй хамт амьдарсаар байна. Албан тасалгааныхаа хөшгийг нээгээд амьдралтай нэг танилцвал яасан юм бэ. Таньдаг царай зурагтаар гараад “Талх 300 төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ” гэхээр эдийн засаг сайн л байгаа юм байна. Байгаа баялгаа гадагш нь зөөсөөр байгаад гандаж хуучирсан эмээгийн бор авдар шиг хоосроод байгаа гэдгээ мэдэж баймаар юм.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж