Авто засварчин ажилд авна

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Авто засварчин ажилд авна

“Тунгалаг Тамир” хэмээх нэг сайхан кино байдаг даа. Уг киноны хэсэгт нэг тийм, зальхай “Түгжил” нэртэй эр гардаг. За яг тийм Түгжил шиг зантай эрийг авто засварын газарт яаралтай ажилд авмаар байна. Яагаад гээч. Яагаад гэвэл мань эрийн тэр гярхай, овжин, овсгоотой занг ашигламаар санагдаад байгаа юм. Хүний эд хөрөнгийг хаанаас нь ч, яаж ийж байгаад эвтэйхэн салгахаа сайн мэддэг болохоор тэр.

Нийслэлд өнөөдөр автомашины тоо ойролцоогоор 100 мянга гарсан гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бараг л айл болгон нэг автомашинтай. Автомашингүй бол ажил бүтээхэд үнэхээр хэцүү болсон цаг. Жолооч болгонд ямар нэг байдлаар автомашины эвдрэл, гэмтэл тулгарч авто засварын төвд хандах шаардлага гардаг.  Яг энэ үед найдвартай, авто машин засварын газар үгүйлэгддэг. Жолооч нар тэр болгон хамгийн найдвартай, хамгийн чанартай бас баталгаатай гэх авто засварын газрыг зориод байх боломжгүй. Зардал мөнгөний хэмжээнээс шалтгаалан дундаж засварын газрыг ихэвчлэн зорьдог. Уг нь ч манайд сайн авто засварын газар мэр сэр байдаг л даа. Гэхдээ хэтэрхий үнэтэй. Үнэтэй байхаас ч аргагүй байх. Яагаад гэвэл баталгаатай бас найдвартай учраас тэр. Ямар нэг техникийн болон тоног төхөөрөмжийн хулгай, боолт, түлхүүрээс эхлээд санаа зовоод байх зүйлгүй.

Сүүлийн найм, есөн жилд Вьетнам авто засварын газар Мон­голд хүчирхэгжиж байна. Бидний төмөр хүлгийг чанартай сайн, бас боломжийн үнээр засварладаг бо­лохоор тэгдэг байх. Гэхдээ зарим нь ч бас найдваргүй. Ер нь авто засварын газарт машинаа үлдээж явахдаа анхаарах ёстой зүйл олон бий. Машиныхаа бүх зүйлийг сайн шалгаж явахгүй бол, эсвэл засварчинд нь эд зүйлсээ хүлээлгэн өгөхгүй бол таны машиныг тонохгүй гэхийн баталгаа бараг байхгүй дээ.

Нэг ийм явдал миний найз Б.Эрдэнээд тохиолдсон юм. Өглөө ажилдаа машинтайгаа гарч гэрлэн дохион дээр түгжрээд зогсож байж. Ногоон гэрлээр орж амжихгүйгээ мэдээд зогстол араас нь нэг машин мөргөжээ. Буу­гаад хартал ар талын буффер нь жаахан цуурсан байж. Мөргөсөн залуу ч хурдхан буруугаа хүлээн Б.Эрдэнээтэй авто засварын газар руу хамт явахаар тохиролцсон байна. Тэр өдөр азаар түүний ажил багатай байсан тул машиныхаа сольж амжаагүй моторын тос, тэнхлэг тохиргоогоо шалгуулах сайхан боломж гарсан аж. Мөн мөргүүлсэн хэсгийг нь засуулах ажил ч хүлээж байжээ. Тэгээд тэр хоёр хамгийн ойрын авто засварын газарт очоод нийт засварын зардлын хэмжээг гаргаж тохиролцоод хохирлоо барагдуулсан юм байх. Б.Эрдэнээ эхний ээлжинд моторын тосоо солиулах гээд ойрхон дэлгүүр рүү тосны  шүүрэнд явсан аж. Эргэж ирээд тосоо ч солиулан, тэнхлэг тохиргоогоо ч  шалгуулжээ. Засварчин залуу “То­хиргоо нь жаахан алдагдсан байна. Тааруулахгүй бол машины эд ангид муугаар нөлөөлнө” хэмээн зөвлөжээ. Мань эр ч машинаа гамтай эдлэхийн тулд “За за. Тохиргоог нь хий” гэсэн байна. Тэгж ингэсээр байгаад цайны цаг болж, ойрхон цайны газар руу гарсан байгаа юм. Засварчин залуу “Машиныхаа түлхүүрийг үлдээчих. Машин орж, гарахыг алийг тэр гэхэв” гээд түлхүүрийг нь аван үлдсэн аж. Тэр өдөр ажлаа амжуулаад бүх ажил нь тэгширч, санаа амран гэртээ харьсан байна. Гэтэл гурав хоногийн дараа машин нь таг түг хийн замын голд зогсох нь тэр. Над руу залгаж “Юу нь эвдэрсэн юм бүү мэд. Зас­варын газар орох хэрэгтэй байна” гэсэн юм. Түүнтэй авто засварын газар очоод машиныг нь үзүүлтэл “Таны машины тийм ч жийргэвч алга. Ийм ч юм дутуу байна. Яаж гурав хоног явсан юм бэ” гэхэд Б.Эрдэнээ “Өмнөх засварын газарт хэрэггүй л түлхүүрээ үлдээж” хэмээн амаа барив.

Ер нь чанартай л авто засварын газар зорьж байхгүй бол олон жил хөдөлмөрлөж авсан төмөр хүлэг тань долоо хоногийн дотор төмрийн сэг болох юм билээ. Найз минь ч зарим авто засварын газарт орчин үеийн “Түгжил” шиг засварчид байдаг гэдгийг сайн ойлгосон байх. Гэхдээ “Түгжил”-тэй засварын газар ховор л доо. Сүүлд нь өөрөө хохирч үлдээд, яаж ч чадахгүй хэцүү байдалд ордог юм билээ.
Үүний дараа толгойд “Вьетнам авто засварын газар” нэртэй монгол ажилчидтай авто засварын газар байгуулаад жолооч нарын “зовлогоос зулгаавал” яадаг бол. Түгжил шиг хэдэн нөхдийг засварын газарт ажиллуулаад, үйлчлүүлэгчдийг ирэ­­хээр нь “Таны машины энэ нь муу байна, тэр нь ч муудсан байна. Хурдхан солиулахгүй бол болохгүй” гэсээр сайн эд, ангийг нь боловсон аргаар тонож “баяжих” санаа урган гарлаа. Нэг талаасаа улс орны ажилгүйдлийн түвшинг багасгаад, хэдэн өрхийг ч болтугай тэжээгээд аятайхан ч юм уу. Гэхдээ жолооч нарыг иймэрхүү аргаар шулах нь шударга ёсонд нийцэх болов уу. Хэрэв яг иймэрхүү авто засварын газар нээвэл байдал яаж ч эргэж мэдэх юм. Хүн чанар, найрсаг үйлчилгээ, чанартай засварын талаар бодох ч шаардлагагүй биз. Яг үнэндээ, жолооч нарын дийлэнх нь машиныхаа эд ангийг сайн мэддэггүй. Энэ нь тэдний сул тал. Нэг талаараа авто сургуульд машины эд ангийн талаар заадаггүй. Заах ч шаардлага байдаггүй байх. Жолооны дамжаа төгсөөд шинэ машин аваад, шатахууныг нь хийн барихаа л мэддэг болохоор ингэж алдаж байгаа юм. Баячууд нь үнэтэй авто засварын газруудаар машинаа засуулж байгаа юм чинь арай боломжийн үнэтэй, бас чанартай засварын газар хайсан жолооч нарыг ашиглаж яагаад болохгүй гэж. Гэхдээ хэдэн жилийн хөдөлмөрөөрөө авсан машиныг нь “найдвартай” гэсэн үгээр хулхидаж “Сайн засварлана” гээд тонох нь арай л дэндэх юм шиг ээ.

Машинтай байна гэдэг үнэхээр хэцүү. Байсгээд л үнэ нь нэмэгддэг шатахууныг хүссэн хүсээгүй авна. Улирал тутамд тос, маслыг нь солино. Өвлийн хүйтэнд гараж хайна. Хучлага авсан ч хулгайд алдана. Гадаа хонуулаад хөлдөөж орхино. Энэ мэтчилэн жолоочийн зовлон барагдашгүй. Боломжийн үнэтэй, найдвартай авто засварын төв олно гэдэг хамгийн их асуудалтай. Вьетнам авто засварын газрууд ихэвчлэн мөргөлдсөн машиныг засдаг. Харин монгол ажилтантай авто засварын газрууд ихэвчлэн кузов засвар, тэнхлэг тохиргоо, дугуй засвараар дагнасан байх жишээтэй. Тиймээс “Түгжил” шиг авто засварчид ажилд аваад шинэ засварын газар нээх, эсвэл хоёр зээрдээрээ хорвоог туулах зам л үлдэж байх шиг байна. Болдогсон бол чанартай, боломжийн үнэтэй, сайн авто засварын газрын тоог нэмэгдүүлэх юмсан. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж