Малчин монголчууд мах импортлох уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Малчин монголчууд мах импортлох уу?

Махны үнэ тэнгэрт хадаж, нөөц хомс байгаа нь аюулын харанга дэлдэж эхэллээ. Засгийн газар энэ асуудлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд ээлжит бус хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Нийслэлийн хэмжээнд 202 цэгээр дамжуулан нийт 1002 тонн мах худалдаалж байгаа аж. Өдөрт дунджаар 45 тонн нөөцийн мах худалдаж байгаа юм. Нөөцийн мах гэж ярьсаар байгаа ч нөөцөлж хадгалах агуулах нь ч хангалтгүй байгаа. Тиймээс “Мах нөөцлөөд хятадуудад зарчихлаа” гээд өнөөх хэдэн ченжүүдийг л харддаг. Хаа очиж махны ченжүүд өндөр үнэтэй боловч нийслэлийн махны хангамжид томоохон хувь нэмэр оруулж буйг үгүйсгэх аргагүй. Тэд улсын хэмжээнд мах нөөцөлдөг хариг харамч компанийнхнаас илүү хөдөөгийн малчидтай учраа ололцож, махыг нь хот руу зөөсөөр байгаа юм. Тиймээс ХХААХҮЯ-ныхан төрөөс илүү нөөцлөх агуулахаа бэлтгэсэн, арга эвээ олоод байгаа тэдэнтэй “тулалдах”-ын оронд хамтарч ажил­лавал яасан юм бэ. 

Төрийн байгууллагыг үүрэг даалгавар өгөлцөж, алдаа оноогоо хэ­лэлцэж тайлагнах хооронд “Мон­голчууд мах импортлох нь. Нөө­цийн мах хүрэлцэхгүй байгаа уч­раас гадаадаас мах импортлохоор болжээ” гэсэн мэдээлэл тэнүүчилж, үндсэрхэг зарим нь үүнийг сонсоод “амиа хорлох” шахаж байна. “Арай ч дээ, худлаа байлгүй дээ” гэсэн бяцхан найдвар өвөртөлсөөр албаны эх сурвалжаас түүнийгээ баталгаажуулсан үг сонсож бага зэрэг тайвшрав.

“Махны нөөц хомсдож, гадаадаас импортоор мах авах нь” гэсэн мэдээллийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  Хүнсний үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр “Тийм юм байхгүй. Ташаа мэдээлэл байна. Манай оронд тахиа, гахайн мах болон гахайн өөх, загасны мах л импортоор орж ирдэг. Улсын хэмжээнд энэ жил 16 мянган тонн мах нөөцөлсөн. Үүнээс 12 мянган тонныг нь 20 аж ахуй нэгж,  байгууллага  нийслэлчүүдийн хэрэгцээнд зориу­лан бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар 12 мянган тонн махнаас 10 мянган тонныг  худалдаанд гаргаад байна. Бид сар болгон хуваарилалт хийгээд ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл нөөцийн махаа зарахаар төлөвлөж байгаа” гэв. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах бэлтгэсэн гэсэн. Өөр нөөц байгаа юу” гэсэн асуултад “Энэ талаар судалгаа хийж байгаа. Зарим нэг аж ахуйн, нэгж, үйлдвэрүүд болон хувийн хэвшлийнхний  зоо­ринд  илүүдэл нөөц байгаа. Орон нутагт бас бага хэмжээгээр нөөцийн мах байгаа гэсэн мэдээлэл ирсэн” хэмээлээ. Харин Засгийн газраас нийслэлчүүдийн хэрэгцээнд зо­риул­сан махны нөөцийг 10 мянган тонноор нэмж бүрдүүлэх даалгавар өгснийг хэрхэн хэрэгжүүлэх талаар асуухад “Судалж байна” гэхээс өөр хариу хэлсэнгүй.

Ямартай ч ойрын үед гадаадаас мах импортолж идэхдээ тулаагүй байгаа бололтой. Харин цаашид яах вэ. Хөдөөгийнхөн төрөөс өгч буй нийгмийн халамжид цатгалдаж, хэрэгцээ л гарвал буянт малаа “зааз”-нд аваачиж өгөөд байхаа больсон. Үүнтэй холбоотойгоор махны нөөц буурч байна. Мөн төрийн байгууллага ченжүүдийг гүйцэх ур ухаан, арга механизм хэрэглэж чадахгүй, хөшүүн хойрго байгаа болохоор нийслэлчүүдийн махны үнэ нэг хэсэгтээ л ченжүүдийн шуналын хэмжээгээр хязгаарлагдах болох нь. Эхний ээлжинд төр махаа, шатахуунаа нөөцлөх зоорь, агуулахтай болох хэрэгтэй байна. “Сав”-аа бэлдсэн хойно “сааль” нь олдох байлгүй дээ л гэж найдахаас.

Ж.БАТТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж