НДШ-ийн 13.7 тэрбумын авлагатай байна

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

НДШ-ийн 13.7 тэрбумын авлагатай байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны
хуралдаанаар өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны
тайланг авч хэлэлцлээ.

Дээрх тайланг авч хэлэлцэх шатанд хөндөгдсөн асуудал нь аж ахуйн нэгжүүд
нь ажиллагсдынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь
төлөхгүй луу унжиж байгаагаас иргэд хохирч, эрүүл мэндийн үйлчилгээ авах
боломжгүйд хүрч буйн зэрэгцээ тэтгэврээ тогтоолгоход бэрхшээлтэй тулж
буй тухай байлаа. 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар
болгон гаргасан санхүүгийн мэдээгээр бол 13 тэрбум 784 сая төгрөгий
авлагатай аж. Өмнөх жилийнхтэй харьцуулахад авлага буурч байгаа. Гэхдээ
бас Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого өссөн нь авлага буурсан
үзүүлэлттэй гарахад нөлөөлж буй аж.

Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй аж ахуйн нэгжид төрийн өмчит
компани ч хамаарч байна. Үүний нэг нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг
нэрлэж болно. Тэрбум төгрөгийн өр үүсчихээд байгаа тул графикийн дагуу
төлөлт явж буй гэнэ.

Хоёр дахь хөндөгдсөн асуудал нь Засгийн газраас өнгөрсөн онд Хүний
хөгжлийн сангаас иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж
тэтгэврээ тогтоолгох боломжоор хангах тухай асуудлыг тавьсан ч өнөөдрийг
хүртэл эцсийн шийдэл гаргаагүй байгаа. Харин Нийгмийн даатгалын
шимтгэлийн төлөлт нь тасалдалттай байгаа иргэдийн хувьд Хүний хөгжлийн
сангаас олгох нэг сая төгрөгийн хувь хишгээрээ шимтгэлээ төлөхийг хүсэн
хүлээж буй. Ийм хууль эрх зүйн боломжийг бий болгож өгсөн нөхцөлд эхний
ээлжинд 17300 иргэн тэтгэврээ тогтоолгох эрхтэй болно. Нөгөө талаас хувь
тэнцүүлсэн тэтгэвэртэй иргэдийн хувьд бүрэн тэтгэврийн тогтолцоонд
шилжих гээд шатлал нь ахиж, тэр хэрээр авах мөнгө нь тодорхой
хэмжэээгээр өсөх гээд иргэдэд нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой аж.
Тиймээс энэ асуудлын хүрээнд шийдлийг цаг алдалгүй гаргах шаардлага
байна гэдгийг Улсын нийгмийн даатгалын газрын дарга с.Алтанхуяг онцолж
байлаа.

Харин дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Ламбаа “Нийгмийн даатгалын
шимтгэлийн өр авлагыг барагдуулах талд анхаарч, энэ хүрээнд УИХ-аас
тогтоол гаргах ёстой. Зөвхөн байнгын хорооны төвшинд тогтоол гаргах нь
хүчгүйднэ” гэж үзэж байлаа. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн
мэдүүлсэн төсөлд тусгаснаар шимтгэл хураадаг байцаагчдын орон тоог
нэмэгдүүлэхээр оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандлаа.  Энэ тухай тэрбээр
“Төрийн албаныхны орон тоог цомхотгоё, чадварлаг бүтэцтэй болгоё гэдэг
хэрнээ ийм байдлаар орон тоог нэмээд байж болохгүй. Тэртэй тэргүй хууль
нь байж буй учраас татварын байцаагч нь Нийгмийн даатгалын шимтгэлд
хэдэн хувийг хурааж авах нь тодорхой. Тэгэхээр үүнийгээ татвартайгаа
цуг. Тэр хэрээр иргэдийн хувьд ч төрийн үйлчилгээг авахад хөнгөрнө. Хоёр
төрлийн байцаагч ажилласнаар иргэдийн хувьд нэг газраас нөгөө газарт
очих гээд улам бэрхшээлтэй. Тийм учраас энэ тогтолцоогоо өөрчилж нэг
болгох ёстой” гэсэн юм.

Хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн
зүгээс тогтоол гаргахдаа Засгийн газарт чиглэл өгөх ёстой гэж үзлээ.
Нэгдүгээрт, нэрийн дансыг цэгцлэх. Нэрийн дансан дах хөрөнгийг жил бүр
индексжүүлэх ёстой ч энэ ажил хийгдэхгүй байгаа. Мөн нэрийн дансан дахь
1.7 их наяд төгрөг ямар ч эх үүсвэргүй гээр бичилт хийгдсэн байгааг
нэгмөр шийдвэрлэх шаардлага бийг онцолсон юм. Ингээд тус байнгын
хорооноос тогтоол баталсан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж