Өнгөт хувьсгалын түүхээс

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Өнгөт хувьсгалын түүхээс

Төв Азийн орнуудыг хүмүүс этгээд хачин аягтай дарангуйлагч нар, авлигад бүрэн автсан, олон улсын өрсөлдөөний талбар гэдгээр нь мэдэх болсон. Дээр нь хээл хахууль, автократ дэглэм, геополитикийн чухал байрлал гэсэн хү­чин зүйлүүд нь томоохон бослого гарах суу­рийг нь бүрдүүлж байдаг гэж үздэг. Оросын тал бослого, хөдөлгөөн гарахын өмнөхөн тус улсад нийлүүлэх шатахуунд ногдуулах тат­варыг нэмэгдүүлж, үнийг нь хөөрөгдсөнөөр ард олных нь дургүйцлийг өдөөхөд нэмэр бол­сон. Харин сөрөг хүчин ялмагц уг нэмэлт татвараа цуцалжээ. Үүн дээр ядуурал, К.Ба­кие­вийг хүрээлсэн авлига, нэг хүнийг хэт өргөмжлөх үзэл зэрэг хүчин зүйлс зохих үүргээ гүйцэтгэсэн нь дамжиггүй.

Киргизстанд таван жилийн дотор хоёр удаа хувьсгал гарсан. “Алтанзулын” хэмээх 2005 онд гарсан хувьсгалаар Ерөнхийлөгч А.Акаевийг, К.Бакиевийг зайлууллаа. Киргизэд К.Бакиев Максим хэмээх 32 настай хүүгээ төрийн өндөр албан тушаалд, төрөл төрөгсдөө чухал албан тушаалуудад томилсонд хүмүүс түүнийг үзэн ядаж байсан байна. Максим төр засагт нэр нөлөөгөөрөө хоёрт орох болж, хүмүүс “Хүүдээ эрх мэдлээ өвлүүлэхээр бэлтгэж байна” хэмээн дүгнэжээ.

Киргизэд 2005 оны тавдугаар сард гарсан “Ал­танзулын” хувьсгалаас хоёр сарын да­раа эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн Уз­бекийн Андижан хэмээх Киргизээс холгүй орших хотноо өрнөсөн. Цэргүүд жагсагчид руу гал нээж, хэдэн зуун хүнийг хөнөөсөн байна. Гэвч эрх баригчид Андижаны үйл явдлыг хөндлөнгийн мөрдөн шалгах багаар шал­гуулахыг хориглож, түүнийг олон улсын алан хядагчид зохион байгуулсан гэж мэдэгджээ. Ха­рин уг үйл явдлын гэрчүүд цэргүүдийг зэв­сэггүй иргэд рүү автомат буу, пулемётоор галлаж, энэ үеэр хэдэн зуун хүнийг бөөнөөрөө амь үрэгдсэн тухай ярьдаг.

Киргизийн хувьд улс төрийн харьцангуй либерал дэглэмтэйгээс жагсаал цуглаан хийх нь хэвийн үзэгдэл биш боловч шууд үхэлд хүргэх аюулгүй байсан. Мөн эдийн засгийн нөхцөл нь муудахад, Орос тодорхой хэмжээнд оролцсон гэж болно.

ГҮРЖИЙН “САРНАЙН ХУВЬСГАЛ”

2003 оны 11 сарын 02-ны өдөр Гүржид Парламентын сонгууль болсон. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тухайн улсын “Рустави-2” нэртэй телевиз сонгуулийн дүнг урьдчилан  танилцуулахдаа Михиал Саакашвилигийн тэргүүлсэн “Үндэс­ний хөдөлгөөн” ялалт байгуулж байна гэж мэдээлжээ. Ингээд улс төрийн хүчнүүдийн хоо­ронд зөрчилдөөн үүсч эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хороо саналын 50 хувийг тоолоод Ерөнхийлөгчийн талыг баримталдаг Шинэ Гүржийн төлөө нам тэргүүлж байна гэж зарласан байна. Саналын 90 хувийг тоолж дуусаад Эдуард Шевардназегийн тэргүүлдэг “Шинэ гүржийн төлөө” нам 23 хувь, Сэргэн мандал нам /Ажарийн өөртөө засах орны тэргүүн Аслан Абашидзе/ 20 хувь, Барууны хэт үндсэрхэг үндэсний хөдөлгөөн 18 хувь, Ардчилсан Бурджаназе найман хувийн санал авсан гэж зарласан. Сөрөг хүчин сонгуулийн дүнг сонсоод хүчингүйд тооцохыг шаардсан байна. СЕХ дүнг будлиантуулсан гэж үзэж Гүрж даяар эсэргүүцлийн хөдөлгөөн болж Шевардназег төрийн тэргүүнээс огцрохыг шаардсан. Жагсаалд ойролцоогоор 10 мянган хүн оролцсон гэж үздэг.

2003.11.06-нд сөрөг хүчин болон цагдаагийнханы хооронд мөргөлдөөн болж /Гори хотод/, 11.07-нд үл мэдэх этгээд буудаж хэд хэдэн хүн шархдуулсаны дараа хотод тусгай албаныхныг оруулсан.

2003.11.10-нд СЕХ-ны шийдвэрээр 27 тойргийн дүнг хүчингүй болгож, 11.16-нд дахин сонгууль болсон. Энэ өдөр эрх баригчид нийслэл рүү хүнд тэрэг, танк оруулж байгаа тухай мэдээлэл цацагджээ. Ахмет гэж дүүрэгт төмөр замыг хаасан гэсэн мэдээллээр цэрэг зэвсэг оруулж ирж байна гэж сөрөг хүчнийхэн таамагласан. Эрх баригчид нь эсэргүүцлийг хүчээр дарах гэж байгаа гэж мэдэгдсэн ч Батлан хамгаалах яам нь цэргүүдийг нийслэл рүү татаж байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Дотоод хэргийн яамныхан “Панкисийн хавцалд байдаг цэргийн ангийнхан нийслэлд ирж байгаа. Гэвч зэвсэггүй” гэж мэдээлсэн байна.

2003.11.9-нд сөрөг хүчнийхэн хугацаагүй өлсгөлөн зарлаж, энэ өдөр Ерөнхийлөгч сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. 2003 оны арваннэгдүгээр сарын 12-нд Гүржид Ерөнхийлөгчийг огцруулах тухай гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Нөгөө талаас энэ үед Ерөнхийлөгч эрх мэдлээ Ажарын тэргүүнд шилжүүлэн өгөх гэж байсан гэх боловч Ажарын тэргүүн энэ мэдээллийг няцаалаа. Мөн энэ өдөр Гүржийн Ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж гурван зөвлөх нь ажлаа орхисноо мэдэгджээ.

2003.11.13-нд Саакашвили Ерөнхийлөгчтэй дахин хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин СЕХ хилийн чанадад нээсэн сонгуулийн тойргоос ирүүлсэн хуудсыг дахин тоолохоо мэдэгдэв. Түүнчлэн хилийн чанадад буй сон­гогчдын нэрийн жагсаалтыг дахин тоолох шаардлага гарчээ. Тойргийн шүүх нь Саакашвили, Лей­борист намын гаргасан сонгуулийн үр дүнг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээж авсан байна. Шүүхийн шийдвэрээр сонгогчдын 80 хувийг дахин шалгахаар болсон байна.

2003.11.14-нд
Гүржийн тэргүүн ард түмэн­дээ хандан радио ТВ-ээр үг хэлэхдээ “Улс оронд ийм нөхцөл байдал үүсээд байхад би огцрох нь хариуцлагагүй алхам болно. Гарын үсэг цуглуулснаар биш харин Үндсэн хуульд заасан замаар л шинэ Ерөнхийлөгч тодрох ёстой” гэжээ.

2003.11.16-нд сөрөг хүчнүүдийн хийсэн уулзалтын үеэр Саакашвили иргэдэд хандан бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриалжээ. Энэ өдөр сонгуулийн есөн тойрогт дахин сонгууль явуулснаас дөрөвт нь янз бүрийн шалтгаанаар санал хураалт болоогүй байна.

2003.11.19-нд
Төрийн тэргүүн Засгийн газрын хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Хэрэв үймээн самуун цаашид үргэлжлэх юм бол улс орны эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Байдал ийм хэвээрээ үргэлжлэх юм бол Засгийн газар цалин тэтгэвэр, цэргийн албан хаагчдын урамшууллыг өгч чадахгүйд хүрнэ” гэжээ.

2003.11.20-нд СЕХ парламентын сонгуу­лийн албан ёсны үр дүнг танилцуулжээ. Ал­бан ёсны дүнгээр Шинэ Гүржийн төлөө нам 21.3 хувь, дараа нь Сэргэн мандал нам 18.84 хувь, Үндэсний хөдөлгөөн, Лейборист нам, Ардчилсан Бурджаназе, Шинэ барууныхан нам тус бүр долоон хувийн босго давсан байна.

2003.11.21-нд хөдөө орон нутгаас сөрөг хүчнийхнийг дэмжсэн машины цуваа хөдөл­жээ.

2003.11.22-нд Ерөнхийлөгч шинээр сон­гогд­сон пар­ламентын гишүүдийн өмнө үг хэлж бай­хад сөрөг хүчний идэвхтнүүд дайран орсон байна. Ийнхүү парламентын хуралдаан тасал­даж, сөрөг хүчнийхэн “Сарнай хувьсгал” эхэлж байгааг тунхаглаж цагдаа цэргийнхэн ирж, захиргааны байгууллагад өндөржүүлсэн хамгаалалт тавьжээ. Сөрөг хүчний намын дарга Бурджаназе өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарлан, улс оронд төрийн эргэлт хийж байгааг зарлаж, онц байдал зарласан байна.

2003.11.23-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Игорь Иванов Гүржид ирж Төрийн тэргүүн болон сөрөг хүчнийхэнтэй уулзах үед, Гүржийн хэдэн арван цэргийн ангийнхан сөрөг хүчний талд байгаагаа мэдэгджээ. Төрийн тэргүүн өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө ажлаас нь халж, Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахад бэлэн байгаагаа зарлав. 

2003.11.23-нд сөрөг хүчний намын тэргүүн нартай уулзаж огцорч байгаа зарлигт гарын үсэг зуржээ. Үндсэн хуулийн дагуу парламентын дарга Бурджаназе Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх болсон. Тэрээр мөн оны арваннэгдүгээр сарын 2-нд явагдсан сонгуулийн дүн будлиантсан тул Гүржийн хууль тогтоох байгууллагын үүргийг 1999 онд байгуулагдсан парламент гүйцэтгэнэ. Төрийн тэргүүн огцорсноос хойш 45 хоногийн дотор парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулна гэж мэдэгжээ.

2003.11.24-нд Гүржийн дээд шүүх парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцжээ.

2003.11.25-нд
Ажарын парламент төрийн тэргүүний гаргасан нэг сарын хугацаатай онц байдал зарлах тухай зарлигийг баталсан байна. Үүнтэй холбогдуулан Ажарт хурал, цуглаан, жагсаал хийхийг хориглож, улс төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд цензур тавьсан байна. Энэ өдөр Гүржийн парламентын ээлжит бус хуралдаанаар 2004 оны нэгдүгээр сарын 4-нд парламентын сонгуулийн санал хураалтаа зохион байгуулахаар болжээ. Дээд шүүх сонгуулийн дүнг будлиантуулсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн.

СЕХ 12.02-нд парламентын сонгуулийн хоёрдугаар үеийг можаритар системээр явуу­лахаар шийдвэр гаргав. Мөн 2004 оны нэгдүгээр сарын 4-нд Ерөн­хий­лөгчийн сонгуулийг хамтад нь явуулахаар бол­жээ. Гэвч дараа нь парламентын сонгуу­лийг гуравдугаар сарын 28-нд явуулахаар болж, харин Ерөнхий­лөг­чийн сонгуулийн дүнгээр 96 хувийн саналаар Саа­кашвили ялалт байгуулжээ.

/2007 оны ес, аравдугаар сард Ерөнхийлөгч Саакаш­вилигийн үед Улс төрийн тэмцэл болсон/

/1992-2003 он хүртэл 10 гаруй жил тас­ралтгүй Гүржийг удирдаж байсан номенк­латур Э.Шевардназе/

ГҮРЖИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ

Бүх нийтийн нууц санал хураалтаар сон­годог. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил байна. Нэг хүн хоёр удаа дараалан Ерөнхийлөгчөөр сон­гогдож болно. Мөн 35 нас хүрсэн, Гүржид төрсөн, сүүлийн 15 жил дараалан эх орондоо амьдарсан байх ёстой. Сонгуулийн товыг зарлах өдөр харьяа бүс нутагтаа амьдарч байх хүн нэр дэв­шиж болно. Улс төрийн нам, эвсэл тав ба түүнээс дээш тооны хүний бүрэлдэхүүнтэй сонгогчдын багаас Гүржийн иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшигч нь 50 мянгаас дээш тоо­ны сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх хэ­рэгтэй. Санал өгсөн сонгогчдын 50 хувиас дээш хувийн санал авсан бол сонгогдсонд тооцно.

“БУЛЬДОЗЕРИЙН ХУВЬСГАЛ”

2000 оны есдүгээр сарын 24-нд болсон Сер­­бийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Сер­бийн Ардчилсан нам”-ыг үүсгэн байгуу­лагч В.Кос­­туница хуучин ерөнхийлөгч С.Мело­шевичтэй өрсөлджээ. Хоёр хоногийн дараа сонгуулийн эхний шатанд өрсөлдөгч нарын аль нь ч олонхийн саналыг авч чадаагүй, В.Костуници 48.2 хувийн санал авсан гэж сонгуулийн комисс мэдээлжээ. Харин сөрөг хүчин сонгуулийн явцад олон төрлийн булхай хийсэн гэж нотлох баримтаар эрх баригчдыг буруутгажээ. Белградын гудамжинд жагсаал эхлэж аравдугаар сарын 5-нд Сонгуулийн Комисс В.Костуницаг 55 хувиар сонгуульд ялсан гэдгийг нь зарлав. Улмаар аравдугаар сарын 8-нд экс Ерөнхийлөгч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрөх хүртэл арав гаруй хоног үргэлжилж үүнд нийт 500 мянга гаруй хүн оролцжээ.

 “ЖҮРЖИЙН ХУВЬСГАЛ”

2004 оны аравдугаар сарын 31-ны өдөр Украйнд Ерөнхийлөгчийн сонгууль явагдав. Гол өрсөлдөөн хуучин Ерөнхийлөгч Л.Кучмагийн дэмжлэгтэй Ерөнхий сайд В.Янукович болон сөрөг хүчний лидер В.Ющенко нарын дунд өрнөж, эхний үед В.Ющенко 39.87 хувиар тэргүүлж В.Янукович удаалжээ. Гэвч дараа дараагийн сонгуулиудыг эрх баригчид зохион байгуулалттайгаар сонгогчдыг айлган сүрдүүлж, зөөврийн хайрцгаар саналыг будилуулж байв. Ингэж Сонгуулийн төв хороо нь сөрөг хүчний лидерийн ялалтыг арчин хаяжээ. Тэр ч байтугай хүчний байгууллагынхан түүнийг диоксиноор хүчтэй хордуулсан ч тэрбээр амьд үлдсэн байна. Жүржийн өнгийг бэлгэ тэмдгээ болгосон сөрөг хүчин Украинд бүх нийтийн ажил хаялт, жагсаалыг үргэлжлүүлж тайван  замын бүх арга хэрэгслийг ашиглан тэмцэж байв. Нийслэл Киевт 10 мянга орчим хүн жагсаж байлаа. Удтал тэмцсэний эцэст В.Ющенко 52 хувийн саналаар ялалт байгуулж 2005 оны нэгдүгээр сарын 23-нд албан ёсоор ялагчаар тодорчээ. Гол зуучлагч нь В.Путин байв.
 

“АЛТАН ЗУЛЫН ХУВЬСГАЛ”

 
2005 оны нэгдүгээр сарын 27-нд Киргизэд парламентын сонгууль болж өнгөрчээ. Энэ сонгууль шударгаар явагдаагүй тул сөрөг хүчин дүнг хүлээн зөвшөөрсөнгүй. Мөн л эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ тэмцэл гуравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилсэн юм. Интернэтийн мэдээнээс үзвэл сөргөлдөгч тал чулуу шидэж дайран орж ирэхэд цагдаагийнхан хамгаалалт хийж, агаар руу хий буудаж байжээ. Энд “Молотов коктейль”-ийг хэрэглэсэнээс болж гал гарсан аж. Дашрамд дурдахад ЗХУ-ын ГЯЯ-ын сайд асан В.Молотовыг даапаалж нэрлэсэн, шилэнд хийсэн бензинийг шатаах зэвсэг болгон хэрэглэх явдал нь Зөвлөлтийн эсрэг финийн дайны үед үүссэн бөгөөд дараа нь япончууд Халхголд Зөвлөлтийн танкны эсрэг хэрэглэж хохирол учруулж байжээ. Сүүлд Чехословак, Унгар зэрэг олон газар иргэний мөргөлдөөн үүсэхэд хэрэглэсэн байна. Удалгүй хямрал даамжирч Ерөнхийлөгч А.Акаевийн дэглэмийг эсэргүүцэгч таван хүн буудуулан нас барахад А.Акаев өөрийн нисдэг тэргээр Казахстан орж улмаар ОХУ руу зугтжээ. Дөрөвдүгээр сарын 2-нд А.Акаев ОХУ дахь Киргизийн Элчин сайдын Яаманд огцорсноо албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Киргизийн хувьсгалд Украйн болон Гүржийн хувьсгал ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид үздэг юм. Энэ үйл явдалд оросууд мөн л зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.

Онцлог нь эдгээр орны ихэнх нь Ерөн­хийлөгчийн засаглалыг сонгосон бөгөөд энэ нь нэг хүний дарангуйлагч дэглэм тогтоход шим­тэй хөрс болсон гэдгийг судлаачид онцолдог. Эхлээд удирдагч нар бүгд сайн сайхан амьдрал, ардчилал, энх тайвныг амлаж сонгогдоно. Дараа нь хуулийн дагуу дахин сонгууль зохион байгуулна. Улмаар Үндсэн хуулиа өөрчилж, сөрөг хүчнээ намнан сонгуулийн үр дүнг засварласнаар сонгууль бол ердөө л дарангуйлагчийг ардчилсан замаар сонгогдсон гэж дэлхий нийтэд харуулах хэрэгсэл болж хувирдаг байна.

Т.Элиса

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж