Н.Саркози: Франко-Германы ЭЗ-ийн цөм бий болгоно

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Н.Саркози: Франко-Германы ЭЗ-ийн цөм бий болгоно

Францын
Ерөнхийлөгч Николя Саркози “Guardian” сонины сэтгүүлч Ким Уилшертэй
Францын эдийн засгийн талаар баримталж буй бодлого, нефтийн хориг болон
татварын сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэнийг хүргэж байна.

-Сайн
байна уу, ноён Ерөн­хий­лөгч өө. Тэгэхээр яриагаа Франц улсын эдийн
засаг, Европын эдийн засгийн хямралаас хэрхэн өөрийгөө чөлөөлж, тусдаа
ямар бодлого баримталж байна вэ гэдгээс эхэлье?

-Европын
эдийн засгийн нөхцөл байдал арай дээрдэж байгаа болов уу. Энэ нь
хямралаас гарах хамгийн оновчтой, төгс хувилбарыг Европын орнууд
сонгосонтой хол­боотой. Өөрөөр хэлбэл, Ев­ропын ихэнхи улс орон хямралд
хамгийн их өртсөн бусад оронтой харьцуулбал ачаалал, нөлөө бага. Онцлог
нь бүгд нэг хөлөг онгоц дээр байгаад оршиж байгаа юм. Би унавал, бүгд
унах зарчимтай. Оновчтой сонголтын хувьд Европын орнууд хамтарч эдийн
засгийн хямралаас гарах шинэ гарцын талаар маш удаан хэлэлцлээ.
Хувилбарын талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байх. Франц улсын
хувьд эдийн засаг төдийлөн сайн гэсэн дүнг авахгүй байгаа ч бусдыг
бодвол дээр байгаа гэж ойлгож болно. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал
хамгийн ярвигтай шийдвэр гаргахад хүргэдэг. Манай улсын Сангийн сайд
байсан эмэгтэй Олон улсын валютын санг удирдаж байна. Энэ нь Францын
эдийн засгийн бодлоготой холбоотой гэдгийн нэг илрэл. Тэр ч утгаараа
толгой удирдлагын хэсгээс манай улсын эдийн засгийн бодлого салаалж
байгаа гэж ойлгож болно.

-Энэ жилийг эдийн засгийн “Жинхэнэ” хямралын жил гэж тайл­барлах болсон. Үүнийг та хэрхэн ойлгож байна?

-Миний
ойлгож байгаагаар дэлхийн болон Европын эдийн засгийн хямралын хамгийн
чухал хэсэгт бид ирээд байна. Энэ нь өр, зээлийн хэмжээнээс бид бүхэн
хэрхэн гарах “сонгодог арга зам”-ыг сонгох явдал юм. Эдийн засгийн
бодлого энэ жил ямар түвшинд явагдаж, улс орнууд үүнд хэрхэн хандана вэ,
ойрын ирээдүйд ч яг тийм хэвээр байх болов уу гэсэн таамаглалыг эдийн
засагчид дэвшүүлээд байгаа гэсэн. Эдийн засгийн хямрал одоо ч  энд
тэндгүй байна. Гэхдээ санхүүгийн хямрал энэ жилээс эхэлнэ. Би юу хэлэх
гээд байна вэ гэхээр эдийн засгийн хямралыг хоёр өөр түвшинд авч үзэх
хэрэгтэй болов уу. Улс орон болгоны санхүүгийн нөхцөл байдал өөр
байгаатай адил Франц, Европ, дэлхийн гээд хямралын түвшин янз бүр.  Тэр ч
утгаараа тус бүрт нь өөр өөр чиглэлийн бодлого явуулах хэрэгтэй. Эдийн
засгийн тэнцвэртэй байдлыг бий болгох гээд хичээгээд байна л даа. Үүнийг
дор бүр нь янзалж, эмхлэх юм бол жилийн дотор урьдын адил эдийн засаг
хэвийн болно. Би нэг нууц задалъя. Ойрын өдрүүдэд Франц улс эдийн
засгийн хувьд хүнд өдрүүдийг туулах магадлалтай байна. Нарийн яривал бид
5.7 хувийн алдагдалд оруулж, түүнийгээ эргүүлэн өсгөх тийм л эрсдлийг
давах гэж байна. Эдийн засгийн бодлого дээр л бид бүсээ чангалж, давж
чадах юм бол цаашид амар амгалан байх нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно.
Энэ алдагдлыг манай улс татварын бодлогоороо нөхөх гэж байгаа юм. Харин
Франц улсын хувьд дээрх бодлого нь Германы эдийн засагтай нийлж
“Франко-Германы эдийн засгийн хүчирхэг гол цөм”-ийг бий болгож, эдийн
засгийн хямралаас гарах арга замыг нээж өгнө. Энэ нь өөрсдийн эдийн
засгийг хөсөр хаяад бусдын эдийн засгийг сайжруулах гэж байгаа хэрэг
биш. Хамтарч байж амжилтад хүрдэг цорын ганц оновчтой гарц болоод
байгаад гол учир байгаа юм.

-Иран улсад Европын холбоо нефтийн хориг тавьсан. Танай улсын хувьд үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ираны
хувьд бүх зүйл тодорхой болсон. Иран улс цөмийн зэвсэгтэй орны тоонд
орлоо. Үүний эсрэг Туркт эсэргүүцэх пуужин байрлууллаа. Израйль, Иранд
удахгүй цохилт өгөх талаар хэлэлцэж байна. Манай улсын хувьд хоёр талыг
баримталж байгаа. Урсгалыг сөрөх нь дагахаас хэцүү байдаг шүү дээ.

-Та татварын бодлогыг “Робин гүүд” хэмээн нэрлэж байгаа?

-Энэнд
эмзэглэх зүйлгүй. Аливаа улсын бодлого бусад орны бодлогод нийцэх нь
хаашаа юм бэ. Би энэ нэр томьёог арай өөрөөр хараад байгаа юм. Ядуус
буюу эдийн засгийн хямралд орсон орнуудад туслах ажиллагааг “Робин Гүүд”
гэж нэрлээд байгаа юм болов уу. Зохиол дээрээ хүртэл гардаг биз дээ.
Татвараас олсон мөнгийг хэзээ нэгэн цагт эргүүлэн ард түмэнд хэд нугалж
өгдөг талаар. Ямар ч байсан татварын бодлого, хямралын эсрэг элдэв
бэрхшээлийг хамтдаа туулж байж амжилтад хүрнэ. Өнөөдөр дэлхий дээр
ганцаараа идээд, уугаад байдаг цаг өнгөрсөн. Бүгд нэгдэж, хамтарч
ажилладаг цаг ирсэн. Тэр цагийн хамгийн хэцүү үе нь л гээд ойлгочих.
Тэгээд л боллоо. Францын татварын бодлогыг зөвхөн би ч гаргаагүй гэдгийг
сана. Үүнийг боловсруулахад маш олон эдийн засагч болон, сайн
мэргэжилтнүүд гар бие оролцсон. Завь хөмөрвөл бүгдээрээ живнэ. Завин
дээрх хүмүүс эвтэй, хүчирхэг байвал хамтдаа аюулаас гарч чадна.

Б.Баатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж