УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг багц төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Шалтгаан нь эл асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүй тул уг хуралдаан цуцлагдсан юм байна. Уг нь ажлын хэсгийн хуралдаанаас төслүүдтэй холбоотой санал дүгнэлт гарч, түүнийг байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэрийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч бас л хойшлууллаа. Ажлын хэсгийн хуралдаан болоогүйгээс эл асуудлыг хойшлуулахаас аргагүй байна гэдэг тайлбарыг хурал даргалагч өгч байв.
Г.Дарь