Сайдын суудлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол тулгатны зуун эрхэм”-д оролцож, дотроо онгойтол мэгшиж аваад хөдөө нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Дэлхийн дэвжээнд зодоглож, тивийн хүчтэнүүдтэй эр бяраа үзэж байсан “бух” шиг залууг нүдний гэм нулимс унагахад дагаж уйлаагүй хүн ховор байв. “Их хүчтэй хүн эхэр татан уйлах хэцүү юм билээ” хэмээн дагаж уйлсандаа бантсан эрчүүд ярьж суухыг ч сонслоо. Хамгийн гол нь түүний нулимс үнэн байсан шиг эдүгээ орон нутгийн иргэдэд ярьж яваа яриа, таниулж буй үзэл бодол нь үнэн байгаад хүмүүс түүнийг хайрлаж байна. Тэр бөх, “Женко”-ийн босс, МоАХ-ын тэргүүн, сайд, хэн ч байсан хамаагүй, хамгийн гол нь хүн аж. Сав л хийвэл яриа дэлгэж хуучлаад, тас тас хөхрөөд байдаггүй Х.Баттулга ийнхүү уярч, ухаарч, тэсэрч, тэмцэж явна. Нулимс гэдэг уярлын тэмдэг, уярна гэдэг ухааны илрэл. “Эр хүн уйлдаггүй” гэж хэлдэг хүрэл чулуун зүрхтнүүдийн өмнө тэр ийнхүү өөр гэдгээ харуулж ялгарч чадав. Шалтгаан нь аав бурхантай нь холбоотой. Юу нь муу байх билээ. “Амьдралын хүнд хэцүүг туулж, одоо л жаргаж явна” гэж зарим нь түүний дотны хүн болж мэдэмхийрдэг юм. Тэр одоо жаргаж явна. Жаргалтай хүний нүдэнд нулимс тосч зохидоггүй ч ухаантай эрийн нүдэнд бол зохидог л юм байна. Үхэхээс бусдыг үзсэн эр дунд насны түүнийг хачин итгэмтгий, гэнэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ. Улс төрийн тогоонд буцалж явахдаа хүртэл “Эр хүн хэлсэндээ” хэмээн бодож хууртаж явсандаа одоо ч хааяа уурсаж, бас инээж суудаг юм билээ. Энэ тухайгаа “Эхлээд хууртаж явсан, дараа нь хуурах ажилд нь оролцсоон” гээд цайлганаар хэлсэн байдаг. Тэр бол төрийн дууллаа сонсохдоо нүдэнд нь оч хаялдаг, төрсөн эцгээ дурсаад түмний хойморт уйлж ч чаддаг ухаалаг эр хүн.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин