-Валютын ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлттэй тэмцсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэмцэл үр дүнтэй боллоо. Та сэтгэл хангалуун байна уу?
-Шатахууны үнийг буулгахаар боллоо, валютын ханшийг бууруулах шийдвэр гарлаа. Ийм шийдвэр гарсанд баяртай байна. Нийгэмд шатахуун, гурил, цагаан будааны хомсдол гээд олон асуудал гардаг. Тэр дундаа хөдөлмөр, нийгмийн асуудал гарсан тохиолдолд хүн бүр ам, амандаа ярих бус төлөөллийн байгууллага нь уулзаж, шийдэл гаргах учиртай юм. Ингэж байж ардчилал бий болно. Хэрэв төр байдаг юм бол шүү дээ. Засгийн газар дангаараа бүхнийг шийдэхгүй. Ард иргэдийн төлөөллийн байгууллагатай хамтарч шийдвэрлэхийн тулд хөдөлмөр, нийгмийн, улсын гурван талт хэлэлцээр гэх механизм бий. Би энэ хэлэлцээрийг амь оруулах гэж л ажиллаж байна. Таны авч буй 300 мянган төгрөгийн худалдан авах чадвар 180 мянган төгрөг болтлоо уналаа. Үүнд хэн нэгэн буруутай учир хариуцлага хүлээх ёстой. Мөн шатахууны үнийг оросууд өсгөчихсөн бол бид дуугүй байж болно. Бидний байр суурь заавал хатуу байна гэсэн үг биш. Харин ингэж өсгөхдөө мөнгө төлдөг эзэдтэй нь зөвлөлдөх шаардлагатай юм. Түүнээс биш хэдэн дарга хуралдаад шийдэх ёсгүй. Ард түмний төлөөлөл оролцсон механизмыг бий болгосон нь шатахууны үнийг буулгаснаас илүү үр дүн.
Миний хувьд үүнийг ойлгуулахыг хичээж байна.
-Шатахууны үнийг энэ сарын 8-наас өмнө буулгана гэсэн. Хэлснээрээ шатахууны үнийг буулгаж чадах болов уу?
-Өмнө нь шатахууны үнийг буулгана гэчихээд хоёр өдөр гацаасан. 50 төгрөгөөр буулгах юм уу, таван төгрөгөөр буулгаснаа хэлэх гээд байгаа юм уу. Бүү мэд. Харин бид нэлээд юм болж байж огцом өсөлтийн өмнөх үе гэж оруулах гэсэн боловч бүтээгүй. Тэгээд Монголын үйлдвэрчний эвлэлийн санал болгосон огцом өсөлтийн өмнөх үе гэж оруулсан. Мөн “Ам.долларын ханшийг 1250 төгрөгт хүргэ. Төгрөгийг чангаруул. Монголбанкинд хариуцлага тооц” гэж УИХ-д бичиг явууллаа. Учир нь Монголбанкийг Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны аль нь ч хариуцахгүй. Ганцхан УИХ хариуцдаг болохоор бид хэлэлцээр хийх ямар ч боломжгүй. Тиймээс санал хүргүүлсэн.
-Шатахууны үнийг чухам ямар аргачлалаар буулгах юм бол. Хэлэлцээрийн үеэр энэ талаар зөвшилцсөн үү?
-Шатахууны үнийг бууруулах арга нь бидний хүссэн арга биш ч гэсэн өнөөдөр бууруулах нь чухал байна. Гэхдээ бидний санал өөр байгаа. Харин тэд нэмүү өртөгийн албан татвар /НӨАТ/-аас нь чөлөөлж байж бууруулъя гэж буй. Бууруулах нь хэдийгээр сайн боловч цаад утгаараа цэцэрлэгийн хүүхдүүдийн халаалтыг, дархан хилээ манаж байгаа цэргүүдийн хоолыг багасгана гэсэн үг. Миний хувьд үүнийг нь нэг их дэмжихгүй байгаа. Гэвч буруутгахаас илүүтэй шатахууны үнийг буулгах үр дүн чухал байна.
-Тэгвэл та бүхний хүсэж буй аргачлал юу юм бэ?
-Бидний аргачлал бол “НӨАТ дээр нэмээд бусад татвараа нэм” гэж байгаа юм. Одоогийн байдлаар дөрвөн татварыг тэглэсэн. Харин одоо НӨАТ-ыг тэглэх гээд байгаа. Энэ сайн арга биш ээ. Эсрэгээр нь татваруудаа сэргээх хэрэгтэй. Манай улсад нийт нэг сая тонн шатах, тослох бүтээгдэхүүн гаднаас орж ирдэг. Үүний 700 мянган тонн нь дизель, 500 орчим мянган тонныг бөөний худалдаагаар өгдөг. Ингэж бөөний худалдаа хийж буй компаниудад яагаад татварын хөнгөлөлт үзүүлээд байгаа юм бэ. Ингэхийн оронд онцгой албан татвараа сэргээх ёстой. Түүнчлэн бөөний худалдаагаар “Оюутолгой”, “Бороо гоулд”-д дизель өгдөг. Яагаад татвараас хөнгөлнө вэ. Харин ч татварыг нь сэргээснээр нэг тонн дизельд 380 мянган төгрөгийг бид авна гэсэн үг. Үүнийгээ 500 мянган тонноор үржүүлбэл ойролцоогоор 200 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөрөө жижиглэнгээр шатахуун түгээх станцтай хүмүүст хөнгөлөлт үзүүлэн шатахууныг 1500 төгрөгөөс доош оруулж болох юм. Бидний тооцоо энэ. Хамгийн шударга аргачлал гэж бодож байна. Түүнээс биш жийп унаж байгаад нь үнэтэй, эксель унаж байгаад нь хямдхан өг гэж хэлж болохгүй. Магадгүй Засгийн газар үүнийг эсэргүүцэж “Энэ асуудлыг чинь зохицуулдаг төрийн албан хаагчид авлига авна. Хэнийх нь жижиглэнгийнх, хэнийх бөөнийх юм гэдгийг нь хэн тодорхойлох юм бэ” гэх байх. Төрийн албан хаагчид бүгдээрээ наймаачин, худалдаачин, биеэ үнэлэгч биш шүү дээ. Тэнд сайн хүн байгаа. Бид аливаа асуудалд байнга өөрсдийнхөө зүтгэх хэцүү байна. Манай хамт олны тэмцлийг иргэний дайн шиг үймээн самуун болоосой гэж хүсэж байсан улстөрч байхыг үгүйсгэхгүй.
-Яагаад ингэж бодох болов. Ийм улстөрч байгаа гэж үү?
-Би хэзээ ч хүчирхийллийг хүсдэггүй. Монгол оронд маань үймээн самуун үүсвэл Хятадын “НҮБ” гэсэн цэнхэр малгайтай цэргүүд үймээнийг намжаана гэж орж ирнэ. Дараа нь удаа ч үгүй “нэгдүгээр хороололд зэвсэг илэрлээ” гээд хугацаагаа сунгана. Хурц тэмцэл хийлгэхийг хүсэж байгаа хүмүүс ойлголцол, зөвшилцөлд хүрмэгц захиалгат нэвтрүүлгээр маш их гүжир гүтгэлэг явуулж байна. Ингэж ярьж байгаа бол надад хэлэх хатуу үг бий. Би улстөрчидтэй хатуу тэмцэнэ. Гэхдээ тэднийг унагаж суудлыг нь авна гэсэн үг биш. Сайн шийдвэр гаргуулахын төлөө явж байхад доромжлол, гүтгэлэг тарааж буй хүмүүс өөрсдөдөө дүн тавьж байна. Өөрөөр хэлбэл, дэндүү арчаагүй гэдгээ харуулж байгаа юм.
-Нефть импортлогчдыг төр мэдэлдээ авах тухай ярьсан. Таныхаар энэ хэр зөв гарц юм бол?
-Улстөрчдийн энэ гаргалгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос буруушаахгүй, гэхдээ дэмжихгүй. Нэг үгээр хэлбэл ямар ч байр суурь байхгүй. Харин хувь хүнийхээ байр суурийг хэлье. Би хувийн компаниудыг бас дэмжихгүй байна. Хувийн компаниудаар ажлаа хийлгүүлэхдээ сайн гэрээ хийж, болохгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураадаг байхаар чангалах хэрэгтэй. Ийм хатуу гараар монополь компаниудын шүүсийг шахах нь төрийн үүрэг юм.
-Төрийн албан хаагчдын цалинг энэ сард нэмэхээр болсон. Төсөвт мөнгө суулгаагүй учир нэмэх боломжгүй гэж байгаа шүү дээ?
-Багш, эмч, соёлын ажилтан, цагдаагийн болон онцгой байдлын газрын ажилтнуудын цалинг нэмэх шийдвэрийг бид гаргууллаа. Мөн тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийг 53 хувиар нэмнэ гэдгийг баталгаажуулсан. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлснээс болж инфляци хөөрөгддөг гэж байнга ярьдаг. Гэвч энэ бүгдийг нэмээгүй байхад инфляци хөөрөгдөж, буулгах тухай ярьж байна. Төрийн албан хаагчдад мөнгө өгөхгүй бол 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн төсвийн мөнгө Сөүлийн казино руу урсах болно. Тэдний төлөө юу гэж багш нараасаа мөнгө харамлах ёстой гэж.
-Тэгэхээр хувийн хэвшлийнхэн хүнд байдалд орох юм биш үү?
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь хувийн хэвшлийнхэнд жишиг болж цалингаа нэмнэ. Ингэж нэмэхгүй бол хувийн хэвшлийнхэн хэзээ ч нэмэхгүй. Хувийн хэвшилд ажиллаж байгаа, өөрсдийгөө хамгаалж чадахгүй, үйлдвэрчний холбоогоо байгуулаагүй хүмүүсийн төлөө бид тэмцэх үүрэгтэй. Тэдний төлөө ажиллах хуулиар олгосон ганцхан эрх бидэнд бий. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх явдал юм. Хувийн хэвшлийнхэн олж буй цэвэр орлогынхоо 20 хувийг ажилтанууддаа өгдөг. Үлдэж байгаа 80 хувийг ажил олгогч авдаг. Судалгааны үндсэн дээр ингэж гарсан шүү. Нийгэмд баян, хоосны ялгаа гарвал иргэний дайн гарна.
-Шатахууны үнийн өсөлтөөс үүдэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Сар шинийн баяр болох, цалин нэмэх сургаар мөн нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид яана гэсэн үг вэ?
-Мах, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн эсрэг маргаашнаас эхлээд ханцуй шамлаад ороход бэлэн байна. Өнөөдөр 16 мянган тонн мах байна гэж буй нь худал тоо. Ийм хэмжээний махны мөнгийг үрж байгаа тухай мэдээлэл бий. Дор хаяж 5-6 тонн мах байна уу, үгүй юү гэх мэдээлэл надад ирсэн. Мах байгааг гэдгээ харуулахын тулд баахан камер авч очдог. Дэлгүүрт 500 мянган тонн мах шүү гэж гарын үсэг зуруулчихаад таван мянган тонныг өгдөг байх жишээтэй. Үүнтэй адил өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Энэ бүгдтэй тэмцэхэд би бэлэн. Тэмцлээ гэвэл яаж улстөрчдийн шээс гоожих бол оо. Дахиад оноо авах нь гээд л орилоод унах байх. Монголд арчаагүй, биеэ үнэлсэн улстөрчид олон байна. Улстөрч гэхээр тойрогтоо очиж том, том аяган дээрээ нэрээ бичиж, хуанли л өгдөг хүмүүс байх юм. Ер нь эдийн засгийг тогтвортой байлгаарай гэж бид татвараараа улстөрчдийг тэжээж байгаа. Тэд эдийн засгийг тогтворгүй байлгаснаараа улстөржсөн бүлэглэлүүдтэйгээ мөнгө олж байна. Үүний төлөө жирийн иргэд тэмцдэг юм байна гэдгийг саяхан болсон тэмцлээс харсан байх.
-Хэрэв улстөрчид амласан зүйлээ хэрэгжүүлэхгүй бол яах вэ?
-Тэмцэнэ. Яагаад гэвэл хүмүүс надад итгэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.