Францын AFP агентлагийн мэдээлснээр манай улсын бэлчээрийн мал аж ахуйд томоохон асуудал бий болж байгаа аж. Энэ нь уул уурхай. Ялангуяа, манай улсын өмнөд хэсэгт малын бэлчээр, ундны усны хомсдол гаарч байгааг онцолжээ. Байгалийн баялгаа ашиглан ядууралд автсан мянга мянган иргэдийнхээ амьдралыг дээшлүүлнэ хэмээн ажиллаж байгаа ч үүний төлөө малчид, хөдөө орон нутгийн иргэд, байгаль орчин чамгүй хохирол амсч буй. Чехийн “CEE Bankwatch” сүлжээнийхэн Монголын говь нутагт буй уурхайнуудыг шинжлэх ухааны хангалтгүй судалгаа болон байгаль орчны болзошгүй сөрөг үр дагаврыг нарийн тооцолгүйгээр үйл ажиллагаа явуулж байна хэмээн үзжээ. Дүгнэлтэд Өмнөговь дахь уурхайн бүтээн байгуулалтын уршгаар малчдын ирээдүй бүрхэг болж буй хэмээсэн байна. Түүнчлэн уурхайн ойр орчмын сумдад хурдацтай өсч буй хүн амд нь шаардагдах дэд бүтцийн хөгжил тааруу байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ хүнд машин механизмаас үүдэлтэйгээр тоосжилтын хэмжээ нэмэгдэж цөлжилтийг гааруулахын зэрэгцээ өвс ногооны ургалтыг сааруулж буй. Үүний уршгаар багтраа, бронхит зэрэг амьсгалын эрхтний өвчлөл нэмэгдсэн байна. Нутгийн иргэдийн ажлаар хангагдах боломж хязгаарлагдмал байгааг ч дүгнэлтэд оруулсан аж. Учир нь бүс нутгийн бус иргэд уурхайд ажиллах боломж хайн өмнийн говийг зүглэх болсон нь хүн амын өсөлт болоод нутгийн иргэдийн ажлын байраар хангагдах боломжид нөлөөлсөн гэнэ.
А.БООРЧИ