Монголын иргэний агаарын тээвэрт шинэ өнгө төрх чанар чансааг мэдрүүлэн орж ирсэн “Монголиан Эйрлайнес” групп тогтмол нислэг үйлддэг долоон чиглэлээ нэгээр нэмэгдүүлж Улаанбаатар–Овоот-Улаанбаатар чиглэлд долоо хоног тутам тогтмол нислэг үйлдэж байхаар боллоо. Улаанбаатар хотоос 870 км зайд орших Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын Аэродром саяхан байгуулагдсан бөгөөд “Монголиан Эйрлайнес” группын шинэхэн хөлөг анхны буултаа энэ сарын 29-ний өдөр хийлээ. Анхны нислэгээр зорчсон зорчигчид л Гурвантэс сумын нутагт орших “Монголын Алт” МАК ХХК-н Нарийнсухайтын уурхайн ажилчид, уурхайчид байлаа. Тэд урьд нь ээлжийн дагуу ажлаа дуусгаад Улаанбаатар хот руу буцахдаа автобусаар 30 гаруй цаг явж байж очдог байсан бол одоо” МАК” болон “МАГ” нарын байгуулсан урт хугацааны гэрээний дагуу нэг цаг гаруйхан хугацаанд туулах боллоо. Ингэснээр ажилчдад ажиллах эрч хүч тав тух аюулгүй шуурхай зорчих боломж нээгдэж байгаа юм. Монголын алт “МАК” ХХК Нарийнсухайтын уурхай жилдээ 6 тнн нүүрс олборлогч Монгол улсын тэргүүлэгч уурхай юм. Мөн татвар төлөлт нийгмийн хариуцлагын хэмжээгээрээ Эрдэнэт үйлдвэрийн дараа бичигдэх болсон Үндэсний томоохон бүтээн байгуулагч компанийн ажилчид гадаадын уул уурхайн жишигт нийцсэн нийгмийн халамж болоод бусад нөхцлүүдээр хангагдаж байгаагийн нэг илрэл энэ болов. Мөн анхны нислэгээр “МАК” ХХК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир, ИНЕГ-н тэргүүн дэд дарга Р. Мөнхжаргал, “Монголайн эйрлайнес” группын ерөнхийлөгч Ч.Хоролсүрэн нар зорчсон бөгөөд Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзан цаашид нислэгийн тоо хэмжээ онгоцны багтаамжийг нэмэгдүүлэх Овоотод шинээр том хэмжээний нисэх буудал барих асуудлыг ч ярилцаж ажил хэрэг болгохоор тохиролцсон байна.
А.АМАР