Их театр хямд билетийнхээ тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Их театр хямд билетийнхээ тоог нэмнэ

Москвагийн Их театр ойрын хугацаанд тоглолт бүрт ногдох хямд тасалбарынхаа тоог 400-аас 600-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай тус театрын ерөнхий захирал Анатолий Иксанов мэдэгдлээ.

“Одоогоор бид тоглолт болгонд 400 тасалбарыг 100 рублиэр (~4300 ₮ – ред.) борлуулж байна. Би 600-г зарахыг хүсч байна. Тэртэй тэргүй, сонгодог дуурийн театрт хоёр, гуравдугаар эгнээ үзэгчдэд таашаагддаггүй. Товстоноговын хэлдэгчлэн, “оюутнууд театрт бут бутаараа өлгөөтэй байх ёстой”. Ер нь л нийтэд хүртээмжтэй театр болно” гэж Иксанов ярьжээ.

Их театр шинээр нээгдсэний дараах хэдэн сард “бүх хүн эхний тоглолт үзэхээр тэмүүлж байсан учир зах зээл нэлээн улайссан” тухай захирал мөн тэмдэглэлээ. Одоо байдал хэвийн болж эхэлж байгаа юм байна.

“Тасалбар дамлагчидтай тэмцэхийг оролдож байна. Гэхдээ тэднийг баривчлах хууль зүйн үндэс байхгүй учир олигтой үр дүн гарахгүй байна. Дамлагчдыг цагдаа авч яваад шууд л сулладаг. Зарим нь бүр хувиараа аж ахуй эрхлэх үнэмлэхээ үзүүлнэ. Зарим нь олон тасалбар өөртөө зориулж авсан гэдэг” хэмээн Улсын Академик Их театрын хамгийн тулгамдсан асуудлын талаар Иксанов гомдоллоо.

Их театрын хамгийн үнэтэй тасалбар албан ёсоороо бол 3,5 мянган рубль (~150.500 ₮ – ред.) байдаг ч дамлагчдын гараар дамжсанаар 9-12 мянган рубль (~380.000-510.000 ₮ – ред.) хүрдэг байна. Дамын наймаагаас сэргийлж өнгөрөгч оноос эхлэн иргэний паспортыг үндэслэн тасалбар худалдаалж эхэлжээ.

Эх сурвалж: Интерфакс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж