худлаа ярьж байгаад гайхаж байна
-Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа төслүүд дотор нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд багагүй мөнгө бий. Эндээс 42 сая ам.долларыг “М-Си-Эс” групп бүрэн шаталтат зуухны төсөлд зориулж авсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?
-Төсөлтэй холбоотой нийт санхүүжилтийг албаны хүмүүс хэлэх байх. Манай группын хувьд Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс нэг ч төгрөгийн урьдчилгаа аваагүй. Харин ч өөрсдөө санхүүжилтээ гаргаад, эрсдэлээ үүрээд явж байгаа. Айлуудад бүрэн шаталтат зуух хүргэж өгснийхөө дараа зуухны болоод үйл ажиллагааны зардал, татаасын зөрүүг Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Засгийн газрын “Цэвэр агаар” сангаас авдаг. Ер нь бол “М-Си-Эс” групп эндээс нэг ч төгрөгийн ашиг хараагүй гэдгийг хэлэх ёстой байх. Энэ ажлыг хийхийн тулд ямар нэгэн урьдчилгаа аваагүй гэдгээ ч дахиад хэлье. Өнөөдрийн байдлаар манай компани өөрийн хөрөнгөөсөө 20 гаруй тэрбум төгрөг гаргаж зуух аваад, иргэдэд хүргэж өгч байна. Тэгэхээр хэвлэлээр бичээд, зарим хүний яриад байгаа шиг “42 сая ам.долларыг М-Си-Эс групп зуухны бизнест авчээ” гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй гүтгэлэг. Үүнийг Засгийн газрын Цэвэр агаарын сан, АНУ-ын Мянганы сорилтын сангаас асуусан ч хэлнэ.
-Нэгдүгээрт эрсдэлтэй, хоёрдугаарт ямар ч ашиггүй ийм төсөлд “М-Си-Эс” групп орсон шалтгаан нь юу юм бэ. Бизнесийн байгууллага ямар нэгэн ашиг харж л хөдөлдөг биз дээ?
-Бизнес гэхээр зөвхөн ашгийн төлөө байдаг гэж ойлгодог цаг ард хоцорсон. Утаа бүх нийтийн асуудал болчихоод байна. Улаанбаатарт утаанаас гадуур амьсгалж байгаа уушги гэж байхгүй.Тиймээс үндэсний томоохон компаниуд утааны эсрэг нэгдэх нь өөрөө зайлшгүй үйл явц. Цэвэр агаар төсөл бол засгийн газар, донор байгууллага, хувийн хэвшлийнхэн, иргэд гэсэн дөрвөн талын хамтын ажиллагааг хангасан зөв тогтолцоотой төсөл. Томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж энэ ажилд оролцох цаг нь болсон. Тиймээс ч манай компани гардаж авсан. Зүгээр л утааны эсрэг тэмцэх ёстой гэж ярихаас илүүтэй яг тэр утаа бага гаргадаг зуухыг нь нийлүүлж байгаа компанитай хамтарч ажиллая гэсэн. Хүн хүч, машин техникийг нь зохицуулаад үр дүнтэй богино хугацаанд утаанаас салах вэ гээд менежментийн хувьд оролцоод явж байна.
-Гадуур “тэнээд” байгаа нэг хардлага байна л даа. “М-Си-Эс” групп томоохон төслүүд хэрэгжүүлдэг. Үргэлж ч нэр нь дуулдаж явдаг компани. Тиймээс АНУ-ын Мянганы сорилтын сангийн нэлээд мөнгөтэй төсөл рүү орчихож гэж хараад байна. Ер нь та бүхэнд яагаад санал тавьсан юм бэ?
-Манайх төслийн сонгон шалгаруулалтад анхнаас нь оролцоогүй. Утаатай тэмцэх өөр бусад гарцыг судлаж байсан. Гэтэл нэлээд дээхнэ болсон Мянганы сорилтын сангийн сонгон шалгаруулалтад “Сэлэнгэ констракшн” компани Турк зуухыг шалгуулаад тэнцсэн байсан. Урьд өмнөх зуухны төслүүд олон тоогоор үйлдвэрлэх дээрээ очоод гацчихдаг байсан тул импортоор шийдэх нь богино хугацаанд үр дүнтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байсан юм билээ. 70 мянган зуухыг өөрсдийн мөнгөөрөө оруулж ирээд, төдий тооны айлд хүргэж өгөх ажлыг даагаад аваад явах санхүүгийн чадамжтай компани тэр болгон байгаагүй байх. Тэгээд л энэ ажлыг дорвитой аваад явах томоохон компани оролцвол сайн байна гэсэн хүсэлт удаа дараа тавьсан учраас манайх оролцсон юм. Манай хувьд үнэхээр энэ зуух нь өгөөжөө өгч, утаа буурвал зохион байгуулалтад нь хамтраад оролцъё гэж шийдээд “Сэлэнгэ констракшн”-тай энэ төслийг хамтраад хэрэгжүүлж байгаа юм.
Бид 70 мянган зуухаа 2012 оноос өмнө татаад авчирсан. Учир нь, ажлыг далайцтай, эрчтэй хийе л гэж зорьсон. Өнөөдөр Мянганы сорилтын сан, Засгийн газрын “Цэвэр агаар” сангаас татаас өгөөд иргэдэд 7-10 хувийн үнээрээ л зуух очиж байгаа. Зуух нь өөрөө Мянганы сорилтын сангийн шалгуурыг давсан болохоор “М-Си-Эс” групп саналыг хүлээж авч, бодит үр дүнгээ өгнө гэсэн итгэл үнэмшлээр ажлаа хийж байна. Улаанбаатарын утаа шингэрвэл хаа хаанаа л хэрэгтэй байх. Тэгээд л энэ ажилд өндөр эрсдэл үүрч орсон.
-Утаатай тэмцэнэ гэчихээд зуух оруулж ирж байгаа нь буруу гэж олон хүн шүүмжилж байна. Харин орон сууцжуулсан бол жинхэнэ тэмцэл болох байсан юм гэх хүмүүс байна л даа?
-Бүх юм цаг нартай байдаг шүү дээ. Өнөөдрийн энэ утаа нэг жилийн дотор, нэг л өдөр бий болчихоогүй. Үүнтэй адилхан өргөс авсан юм шиг утаа арилна гэж байхгүй. “М-Си-Эс” группын хувьд зөвхөн бүрэн шаталтат зуухаар утаатай тэмцэнэ гэж зүтгээгүй шүү дээ. Цэвэр түлшний чиглэлээр судалгаа хийж байна. Дээр нь бага үнэтэй, жижиг талбайтай залуу гэр бүлд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Утааны 60 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэдэг. Үлдсэн 40 хувь нь автомашины хөдөлгүүр, бусад зүйлсээс бий болдог гэсэн судалгаа бий. Тиймээс гэр хорооллоос үүдэлтэй утааг орон сууцжуулах замаар шийдье гэвэл өнөөдөр гэр хороололд амьдарч байгаа 180 гаруй мянган өрхийг орон сууцаар хангах асуудлыг ярих ёстой. Энэ бол тав, арван жилээр хэмжигдэхгүй урт хугацааны ажил. Арван жилийн дараа утаагүй болно гээд хүлээгээд байж болох уу. Үгүй шүү дээ. Богино хугацаанд хурдан шийдэх арга зам бол утаа гаргаад байгаа зуухыг нь утаа бага гаргадаг болгох, түлж байгаа түлшийг нь утаагүй болгох, урт хугацаандаа орон сууцжуулж шийднэ. Орон сууцны хувьд манай групп “Шинэ гэр хороолол” гээд 1700 айлын орон сууц барьж, энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад өгөхөөр зэхэж байна.
-Утааны эсрэг ажилд оролцсон “М-Си-Эс” групп рүү хаягласан шүүмжлэлүүд олон гарч байна. Бүр улстөрчид ч байр сууриа илэрхийлэх боллоо. Танайх энэ хандлагыг юу гэж харж байна вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн том асуудлыг улстөржүүлэхээсээ өмнө бодлогоор хэрхэн шийдэх талаараа маргаж байх ёстой юм. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ яваад байна. Би гэр хорооллоос гаралтай гэсэн хэрнээ гэр хороололд амьдарч байгаа өрх бүрийн түлшний зардлыг 50 хувиар хэмнэж, гэр доторхи үнс, тортогийг нь байхгүй болгох, агаарын бохирдлыг багасгах гэж байгаа ажлыг үгүйсгээд байгаа улстөрч бий. Албаар манай руу хаяглаж гүтгэж байгаа хүмүүсээс утааны эсрэг өөрөө юу хийсэн юм бэ гэж асуумаар байна. Хуруугаа ч хөдөлгөөгүй байж хушуу нэмэрлэж, хушуу нэмэрлэхдээ худлаа мэдээлэл өгч байгааг санаатай гүтгэлэг гэж үзэж байгаа. Дээр хэлсэнчлэн Мянганы сорилтын сангаас бид нэг ч төгрөгийн урьдчилгаа аваагүй, нэг ч төгрөгийн ашиг хараагүй биднийг буруугаар сурталчилж байгаа нь жудаггүй л үйлдэл юм даа.
-Танайх 70 мянган зуух нийлүүлэхээс 40-өөд мянгыг нь айлуудад сууриулуулж өгчээ. Үр дүн нь мэдрэгдэж байна уу?
-Үр дүнг эхлээд хэрэглэгчид хэлэх байх. Яагаад гэвэл, тэр хүмүүсийн түлж байгаа нүүрс нь багассан. Өнгөрсөн жил гурван “Портер” нүүрс түлж байсан бол өдийд түлж байгаа барагцаагаар портер хагас нүүрсээр өвөлжих шинжтэй байна гэж ярьж байгаа. Тэр хэмнэгдсэн нүүрс шатсан бол Улаанбаатарын утааг төдий хэмжээгээр л нэмэх байсан. Дор хаяж айлууд дээр гарч байгаа хэмнэлтээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж байгаа. Хоёрт, зуухны өөрийнх нь технологи онцлогтой. Галласаны дараа арваад минут л утаа гарч байгаагаас ноцсоноосоо хойш утаагүй болж байгааг хэрэглэгчид хэлж байна. Бид энэ зуухыг тавьснаар утаа бүрмөсөн арилна гэж хэлээгүй. Дээр хэлсэн шат дараалалтай тэмцэх ёстой. Гэхдээ Агаарын чанарын албанаас гаргаж байгаа мэдээллээр утаанд байгаа хорт хийн найрлага буурч байгаа гэсэн судалгаанууд харуулж байна.