Дрогбагийн ээж фанатуудыг хоолоор дайлав

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Дрогбагийн ээж фанатуудыг хоолоор дайлав

Эквадорын Гвиней болон Габон улсад Африкийн хөлбөмбөгийн цомын тэмцээн үргэлжилж байна. Кот д’Ивуарын шигшээ багийн довтлогч Дидье Дрогба шигшээ багтаа хувь нэмрээ оруулахаар хөлбөмбөгийн талбайд завгүй “гүйж” яваа бол түүний ээж Клотильде тэмцээнийг үзэхээр ирсэн нутгийн хөгжөөн дэмжигчдийг гарынхаа хоолоор дайлж байгаа гэнэ. Хатагтай Дрогбагийн түр гал тогоо Эквадорын Гвиней улсын нийслэл Малабо хотын захад орших хүний хөлд дарагдаж, тоос бужигнасан цэнгэлдэхэд байрлаж буй тухай AP агентлаг мэдээлжээ. Тэрбээр тахиа, загасны мах шарж, будаа, шарсан гадил, халуун сүмсээр хачирлан фенүүдийг дайлж байгаа аж. Харин хүү Дрогба нь шигшээ багийн бусад тоглогчдын хамт зочид буудалд байрлажээ. Өмнө нь 2006 онд Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ч хатагтай Клотильде Дрогба хөлбөмбөгийн нутаг нэгт хөгжөөн дэмжигчдээ гарын хоолоор дайлж байсан юм.

Кот д’Ивуарын 60 гаруй хөгжөөн дэмжигч шигшээ багийн байрлаж буй Эквадорын Гвинейд очсон байна. Тэд шигшээ багийнхаа тоглолтын үзэнгээ өдөр бүр хатагтай Дрогбагийн “зоогийн газар”-т тухалж, үндэснийхээ хоолыг амтархан иддэг гэнэ. Кот д’Ивуарын шигшээ багийн улбар өнгийн өмсгөл өмссөн Клотильде Дрогба “Хүн бүрт дуртай зүйл бий. Түүнийгээ л хийдэг. Миний хийж буй зүйл хүүтэй минь огтхон ч холбоогүй. Би эх орноо дэмиж байна” хэмээн ярьжээ. Тэрбээр сонгино, улаан лооль хэрчиж, тахиа шарангаа зурагтаар Кот д’Ивуарын хэсгийн эхний хоёр тоглолтыг үзсэн гэнэ. Хэдийгээр хүү нь зайлшгүй зочид буудалд байрлаж, зөвхөн тэнд хооллох ёстой ч ээж нь үүнд огтхон ч гутраагүй гэдгээ хэлсэн байна.
 

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж