-УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас энэ хэргийг шүүхэд шилжсэний дараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр цагдаа буудсаныг тогтоосон 100 гаруй гэрчийн мэдүүлэг байгаа талаар ярьсан. Хавтаст хэрэгтэй танилцсан хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?
-Цагдаагийнхан буудсан гэдэг нь тэнэг хүн ч ойлгохоор, гарцаагүй. Хэрэв цагдаагийнхан буудаагүй байсан бол өөр хэн нэгэн буудсан этгээдийг өнгөрсөн хугацаанд олж тогтоох боломжтой. Цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үүрэгтэй байгууллага. Тэр гэмт хэргийг илрүүлдэг хүмүүс гэмт хэрэгт хэлмэгдэнэ гэдэг байж боломгүй зүйл. Харин ч Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хангалттай сайн ажиллаж чадаагүй гэж боддог. Жишээ нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гэмт хэргийг нуун дарагдуулсан, үгсэн хуйвалдсан гэх мэтээр хэргийг хүндрүүлэх олон шалтгаан бий. Гэтэл Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба цагдаагийнханд зөөлөн хандаж байгаа гэж хохирогчийн хувьд харж байна. Харин цагдаагийнхан “биднийг хэлмэгдүүлж байна” гэдэг байр суурийг илэрхийлдэг. Цагдаа буудсан гэдэг дээр маргах зүйлгүй. Тэр 13 буугаар хэн хэнийг буудав гэдэг тогтоогдоогүй нь энэ хэргийг бүдгэрүүлж байна. Долдугаар сарын 1-ний энэ үймээнээр хэний шидсэн чулуу аль цонхыг оносон, ямар хохирол учирсан болохыг тогтоолгүйгээр ялласан. Өөрөөр хэлбэл, чулуу шидсэн гээд хэлчих, тэгвэл зүгээр явуулна гэж хэлээд л тал хувийг нь хэлмэгдүүлж ялласан шүү дээ. Доржийн чулуу хэнд ямар хохирол учруулсныг тогтоогоогүй мөртлөө буруутгаж байгаа юм. Гэтэл цагдаагийн буудсан сум ямар хор уршиг, гарз хохирол авчирсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хүний амь эрсдүүлсэн, хүний амь нас хохироосон, нийгэмд аюултай үйлдэл хийсэн цагдаа нарын хэрэгт болохоор “Хэний буудсан сум хэнийг оносон нь тогтоогдохгүй байна” гээд байгаа нь хачин санагдаж байна.
-Одоо тэгэхээр цагдаагийн удирдлагуудыг шууд яллах нь буруу болоод байгаа хэрэг үү?
-Эхлээд бүр хэрэгсэхгүй болгох талаар ярьж байснаа одоо түдгэлзүүлэх талаар ярьж байгаа гэсэн сураг байна. Магадгүй шүүхээс хэрэгсэхгүй болохыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ надад түдгэлзүүлсэн гэсэн албан ёсны мэдээлэл одоогоор алга. Уг нь чулуу шидсэн гээд бүгдийг нь яллаж чадсан. Гэтэл нэг хэргийг хоёр талаас нь шүүх шийдээд байна гэж харж байна. Эрх мэдэлтэн, албан тушаалтан, тушаал өгсөн хэн нэгний эрх мэдэл энэ хэрэгт ороод байгаа нь харагддаг. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдэг албан ёсоор Цагдаагийн ерөнхий газрын даргад хэлсэн байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хуралдаж хүний амь нас, эрүүл мэндийг хохироолгүй, байдлыг тайван болгох чиг үүргийг өгсөн байдаг. Энэ хурал болоод хоёр цаг болоогүй байхад л цагдаа нар галт зэвсэг хэрэглээд дөрвөн хүний аминд хүрсэн. Миний хувьд цагдаагийн ар гэрийнхэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хамаагүй уулзмаар санагддаг. Тэр хүмүүс үнэхээр хэлмэгдэх гээд байгаа талаар асуумаар байдаг. Бид бол хэнд ч ойлгомжтой хэлмэгдсэн хүмүүс. Уг нь бууд гэсэн хүнээ хэлчих юм бол хуулиараа ял авахаар хүмүүс биш. Гэтэл даргадаа сайн хүн болох гэдэг юм уу ямар ашиг сонирхол байдгийн дөрвөн жил нуусан. Нууцгүй хэлэхэд үймээн болсны дараахан цагдаагийн ар гэрийнхэн амиа алдсан хүмүүсийн хохь мэтээр ярьж байсан удаатай.
-Яллагдагчаар татагдаад байгаа цагдаагийн дөрвөн удирдлагын мэдүүлэгт хэн тушаал өгсөн талаар сэжүүр, өлгөөд авчихмаар зүйл байдаг уу?
-Ц.Мөнх-Оргил байсан уу, цагдаагийн албан тушаалтан байсан уу, С.Баяр байсан уу, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байсан уу гэдэг тодорхой зүйл байхгүй. Гэхдээ цагдаагийн алба хаагчид, цагдаагийн албан тушаалтнууд заавал тушаал биелүүлдэг. Хэзээ ч толгой мэдэн ийм асуудал гаргадаггүй. Тэгэхээр хэн нэгэн тушаал өгсөн гэдгийг зөн совингоороо мэдэж байна. Гол нь тушаалыг Ц.Мөнх-Оргилын хэмжээнд үү, С.Баярын хэмжээнд үү , Н.Энхбаярын хэмжээнд үү гэдэг нь тодрохгүй байгаа. Гэхдээ ийм хэмжээний асуудал үүсэхэд улс төрийн зорилго анхнаасаа байсан нь гарцаагүй шүү дээ. Яагаад гэвэл өдөр нь 1000 гаруй цагдаагийн алба хаагч бүтэн өдөр жагсагчдыг дийлээгүй. Дараа нь бүх дүүргийн цагдаагийн алба хаагчдыг дүүрэг рүү нь татсан. Дарханаас ирсэн 40-50 хүн, Төв аймгаас ирсэн нэмэгдэл хүч, Эргүүл хамгаалалтын алба нийлсэн 200 гаруй алба хаагч хоёр цагийн дотор байдлыг төвшитгөсөн байхгүй юу. Сонгууль болохоос 1-2 хоногийн өмнө Төрийн ордныг гөлмөн төмрөөр хашсан юм. Магадгүй сонгуулийн дараа Төрийн ордон руу дайрч магадгүй гэсэн болгоомжлол байсан байх. Энэ мэт болсон процессыг хараад байхад анхнаасаа зохион байгуулалттай хэрэг гэдэг нь харагддаг. Тэр үед Ч.Амарболдыг үгэндээ оруулахын тулд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр 7-8 сар байлгасан юм байна. Тиймээс Ч.Амарболд дээрээс өгсөн ямар ч тушаал, юуг ч биелүүлэхэд бэлэн байсан байх.
-Нэр бүхий дөрвөн албан тушаалтанг буруутгаж буй хэргийн зүйлчлэлийн тухайд юу хэлэх вэ?
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба энэ хэргийг дунд нь хаяж байгаа. Цагдаа буудаагүй гэхээр нийгэмд янз бүрийн асуудал гарна. Тэгэхээр цагдаа буудсныг тогтоож байгаа юм. Гэхдээ яллах гэхээр хэний буудсан сум хэнийг оносон нь тогтоогдохгүй байна гээд өнгөрүүлэе гэдэг байр суурьтай л байна. Хавтаст хэрэг уншиж байхад асууж байгаа асуулт, хариулт нь туйлын хангалтгүй. Мөрдөн байцаагчийн ур чадвар дутдаг юм уу, ямар нэг дарамт шахалт байдаг юм уу мэдэхгүй. Үнэхээр өрөвдмөөр. Нэг асуултыг байнга давтаад “Тийм үү”, “Үгүй”, “Тийм үү”, “Үгүй” гэсэн зүйл л хавтаст хэргийн хамаг хуудсыг эзэлж байгаа юм. Одоо ч гэсэн хавтаст хэргийг уншмаар л байдаг. Тухайн үед хэрэгтэй баримтаа хуулбарлаж авахаар тэмдэглэсэн байсан ч хуудасныхаа тоогоор 700-800 мянган төгрөг төлөх хэрэг гарах юм билээ. Нэг хуудсыг хуулбарлаж авахад 300 төгрөг төлөх ёстой байдаг гэсэн.
-2008 онд эрх барьж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар ямар мэдүүлэг өгсөн байдаг юм бол?
-Нэмэлт мөрдөн байцаалтад мэдүүлэг байдаг. С.Баяр яг л телевизээр ярьдаг шигээ “Энэ хэргийг илрүүлээсэй гэж нойргүй явж байна” гээд л их санаа зовсон, унтаж чадахаа байсан нэг хүн, сайн хүний дүрд тоглодог. Одоохондоо төр өөрөө ямар арга хэмжээ авахыг нь харзная гэж бодож байна. Миний бодлоор тэр үед энэ асуудалд хамгийн их сэтгэл зовж байсан хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байсан. Магадгүй МАХН тэр үймээнээр далимдуулж АН-ыг байхгүй болгож, чадвал Н.Энхбаярыг гэсэн бодолтой байсан байх.
-Нэр бүхий дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдсэн үндэслэлийн гол нь юу байдаг вэ?
-Өлгөөд авчихаар зүйл байхгүй. Долдугаар сарын 1-нд дөрвөн хүн амиа алдсан, цагдаагийн байгууллагыг тухайн үед удирдаж байсан хүмүүс буруутай гэх санаагаар яллах дүгнэлт үйлдсэн байна лээ. Галт зэвсэг авчирах тушаалыг хэн өгсөн гэхээр нэг хэсэг нь Зоригт гэдэг. Нэг нь болохоор Эргүүл хамгаалалтын газрын дэд даргыг гэх зэргээр. Нэг харахаар Зоригт юм шиг, нэг харахаар Батсүх өөрөө шийдсэн ч юм шиг. Иймэрхүү юмыг илрүүлэх сонирхол Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд байгаагүй. С.Ганбаатар, Батсүх хоёр бол удирдан зохион байгуулсан. С.Ганбаатар дагаж ажилласан. Тэгэхээр энэ хоёр бол захиалагч. Анхнаасаа л бид хариуцлага тооцоочээ гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Засгийн газар хэнд ч хариуцлага тооцоогүй. Тухайн үед шуурхай штабыг даргалж байсан Ц.Мөнх-Оргилд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад шуурхай штаб байгуулж Ц.Мөнх-Оргилыг даргаар нь томилсон. Сүүлд нь ийм байдал үүсэхэд Ц.Мөнх-Оргилд хариуцлага тооцоогүй. Ард түмний хүүхдийн амиар тоглох нь тэдэнд юу ч биш гэдгийг л харуулж байна.
Миний бодлоор цагдаагийн удирдлагуудад ял өгөх байсан бол 294.3-аар зүйлчлэх хэрэгтэй байх. Энэ нь дайны байдал. Онц байдал зарлана гэдэг бол дайны байдалд шилжиж байна гэсэн үг. Бид шүүхэд санкц нь буруу байна гэдэг саналаа өгнө. Энэ хэргийг шийдэхгүй дараагийн сонгуулийг явуулна гэдэг утгагүй зүйл.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболдын өмглөөлөгч О.Алтангэрэлтэй уулзаж, цагдаагийн удирдлагуудын хэргийг хавтаст хэрэгт хэрхэн тусгасан талаар тодрууллаа.
-Хавтаст хэрэгтэй танилцах хугацааг сунгалаа. Уг нь прокурорын байгууллага шүүгдэгч, өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах шаардлагагүй гэж үзэж байсан шүү дээ?
-Хавтаст хэрэгтэй эхнээс нь танилцаад эхэлж байна. Холбогдогч, өмгөөлөгч нийлсэн есөн хүн хавтаст хэрэгтэй танилцаж байна. Хэдийгээр прокурорын байгууллага хавтаст хэрэгтэй танилцах хангалттай хугацаа байсан гэсэн ч танилцсан гэсэн гарын үсэг зураагүй байсан. Бид шүүхэд энэ асуудлаа тавихад хүлээж аваад хугацааг сунгаж, нэг өрөө гаргаж өгсөн. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл хэргээ уншаад сууж байна. Олон нийтийн санаа бодолд буруу ойлголт төрүүлж байна л даа. Надаас бусад өмгөөлөгчид энэ хэргийг сэргээн шалгаснаас хойш өмгөөлөл хийж байгаа хүмүүс. Хоёрдугаарт, албан тушаалын гэмт хэрэг байж байгаад цэргийн гэмт хэрэг болгож зүйлчлэлийг нь өөрчилсөн учраас зайлшгүй хэргээ дахиж унших шаардлага гарч байгаа юм. Гуравдугаарт, хавтаст хэргээс хувилж авах эрх бий. Өмнө нь хэргээ уншиж байхдаа хувилж авах гээд тэмдэглэсэн. Гэтэл нэг ч хуудас хувилж өгөөгүй. Тухайн үед хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас хувилж авахаа орхиод байсан.
-Таны хувьд цэргийн гэмт хэрэг болгож зүйлчлэлийг нь өөрчилсөн нь буруу гэдэг байр суурьтай байгаа. Ямар үндэслэлээр буруу гэж үзэж байгаа юм бэ?
-Энэ хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн ар гэрийнхнийх нь сэтгэл санаа хүнд байгаа. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид энэ хэргийн зүйлчлэлийн талаар тодруулж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, үнэхээр цэргийн гэмт хэрэг мөн юм уу гэдэг асуудлаар. Энэ дагуу дэд сайд тэднийг хүлээж авч уулзсан байна. Өчигдөр УЕПГ, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд ХЗДХЯ-наас албан тоот явуулсан байна лээ. Энэ албан тоотод цэргийн гэмт хэрэгт хамаарах зүйлсийн талаар. Хууль хэрэгжүүлэх ажиллагаанд саад учруулах гэж байгаа хэрэг биш. Хууль зүйн яамнаас ийм байр суурьтай байна гэсэн албан бичиг явуулсан. Хууль зүйн яам бодлого тодорхойлдог газар. Зөвхөн цэргийн гэмт хэрэг гэж юу болох талаар дагнан судалгаа хийсэн эрдэмтэд байдаг. Жишээ нь, би хуулиа уншихад л энэ хэрэг цэргийн гэмт хэрэгт хамаарахгүй зүйл. Ямар ч хамаагүй аргаар энэ хэргийг шүүхэд шилжүүлэх бодлого байсан юм болов уу л гэж боддог. Миний үйлчлүүлэгч сонин хэвлэлээр их буруутгаж ярилаа. Энэ бүхэнд нэг ч үг дуугараагүй л явж байгаа. Ч.Амарболд өөрөө дотоодын цэргийн командлагч байсан учир цэргийн гэмт хэрэгт хамааруулна гэж тайлбарлаж байгаа. Тэгээд хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй гэж л буруутгаж байгаа. Бусад нь хамтран оролцсон. Хүний хийгээгүй хэрэгт хэн нэгэн хамтарч оролцох тухай ойлголт байхгүй. Энгийн үгээр хэлэхэд нэг юмыг хулгайлахдаа гурван талаас нь аваад явсныг хамтраад гэж хэлж болно. Гэтэл юу ч хийгээгүй байхад хамтарсан гэж буруутгаж байгаа нь буруу. Нэг л юмыг одоо хатуу ойлгож байна. Хууль уншаад итгээд явдаг, тийм хандлага үнэхээр хоцрогдсон юм байна гэж. Яаж ч магадгүй, юу ч болж магадгүй гэж бодож явахаас өөр хуульд ингэж заасан гэдэг итгэл үнэмшил алга болжээ.
-Цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгч, тэдний ар гэрийнхний сонин хэвлэлд өгсөн ярилцлага зэрэг нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэдэг байр суурийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хийснийг мэдэх байх?
-Би өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч гэм буруутай, гэм буруугүй тухай яриагүй. Харин зүйл анги нь буруу байгаа талаар ярьдаг. Шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад прокурорын байгууллага удаа дараа буруутай гээд мэдээлээд байгаа юм. Үнэндээ миний үйлчлүүлэгчийн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад дөрвөн жил энэ хүнийг яллаж байгаа. Тэгэхээр эрх ашгийг нь өмгөөлж байгаа хуульч хүний хувьд энэ асуудалд нүдээ аниад өнгөрөах эрх байхгүй. Хэрэв би өөрийгөө бодсон бол чимээгүй сууж чадна. Элдвээр хэлүүллээ, бичиг өгөх зэргээр янз бүрийн хандлага гаргаж байгаа. Цагдаагийн ар гэрийн холбоо гэдэг хүмүүсийн байр суурь өмгөөллийн ажилтай огт хамаагүй. Бусад байр суурийг ч би төлөөлж ярих эрхгүй гэдгийг хэлмээр байна. Ганц найдлага шүүх л байна. Хууль зөрчих нь энгийн зүйл болсон юм биш үү. Цочирдохоо больсон байна. Эрх мэдэлтэй хүмүүс, албан тушаалтнууд энэ хэргийг хааш нь явуулахыг хэлж мэдэх юм алга. Гэхдээ шүүхэд найдаж байна. Энэ хэрэг сонгуулийн үр дүнгээс үүссэн гэдэгтэй огт маргадаггүй. Энэ бол эрх баригч, намуудын хоорондын асуудлаас үүссэн гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрдөг. Харин бослого тэмцлийг хэсэг бүлэг хүмүүс хулгай, дээрэм, галдан шатаалт болгож хувиргасан.
-Цагдаа буудсаныг тогтоосон талаар 100 гаруй гэрчийн мэдүүлэг байгаа талаар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мэдээлсэн. Харин цагдаа буудаагүйг нотлох зүйл хавтаст хэрэгт байдаг уу?
-Цагдаа буудсан гэх мэдээлэл ард түмний олонхи хэсэгт очсон. Гэтэл долдугаар сарын 1-ний хэрэгт сэрдэгдэж байгаа дөрвөн хүн ард түмний дайсан биш шүү дээ. Энэ хэргийг мөрдөж байгаа байгууллагынхан энэ талаар буруутгаж дөрвөн жил ярилаа. Харин бид хавтаст хэргийн материалыг задруулахгүй гээд чимээгүй л байгаа. Цагдаа нар буудаагүй гэдгийг гэрчилсэн хэдэн зуун гэрч байгаа талаархи тоо баримт дэлгэж болно. Тийм тоо байгаа ч бид хуулиндаа хүндэтгэлтэй хандаад энэ тухай яриагүй л байгаа. Гэтэл нөгөө талаас 100 гаруй хүн гэрчилсэн гэж яриад байдаг. Ард түмний нэг хэсэг нь ял эдэлсэн, гэмт хэрэгтэн болсон, бас хоёр цагдаагийн алба хаагч нас барсан, гэмтэж бэртсэн, тахир дутуу болсон цагдаа нар ард түмний нөгөө тал. Үүнийг дунд нь хагалж хаячихаад улам хурцатгахын тулд цагдааг дөрвөн жилийн өмнөөс яллах байр сууринаас яриад байгаад гайхаж байна. 2008 оны найм, есдүгээр сараас давтамжтай энэ талаар ярьж байгаа. Тэр үед Б.Галдаа прокурорын өгсөн ярилцлага бий. Гэтэл тэр хүн өнөөдөр тэс өөр зүйл яриад сууж байгаа. Нөгөө тал байнгын идэвхитэй байр сууриа илэрхийлсээр байгаа нь сонин байна. Тэр байтугай МАХН-ын байранд Ганбаатар гэж хүн угаартаж нас барсан хэрэг илрээгүй. Энэ асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Үнэндээ тэр хүн байшинг шатаасан хүмүүсийн галд өртөж нас барсан. Гэтэл таван хүн буудуулсан гээд мессеж өгчихдөг.
-Нэмэлт мөрдөн байцаалтын явцад бүрдсэн хавтаст хэрэгт ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын мэдүүлэг байдаг гэсэн. Та уншсан уу?
-Тэнд арай хүрээгүй явж байна. Гэхдээ нухацтай уншина гэж бодож байгаа. Тухайн үед штабыг удирдсан хүн нь Ч.Амарболд биш, Ц.Мөнх-Оргил. Тэр хүн юу ярьсан нь надад сонин байна. Албадан тараах ажиллагааг удирдан зохион байгуулах ажлыг Онцгой байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргилд даатгасугай гэж байгаа. Тухайн үед үүргээ яаж гүйцэтгэсэн юм бол, сайн уншина даа.
-Ч.Амарболд генерал яагаад энэ талаар ярьдаггүй юм бэ?
-Энэ асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийднэ гэж найдаад эр хүний уужуу зангаар л хандаж байгаа.