Вүүди, Скорсезэ, эсвэл…
Энэ жилийн Оскарын наадмын шилдэг найруулагчийн төрөлд АНУ-ын кино урлагын түүхэн дэх хамгийн алдартай хоёр найруулагч нэр дэвшиж байна. Энэ бол Вүүди Аллен, Мартин Скорсезэ нар юм. Вүүди болон Скорсезэ нар хоёр удаа Оскар авч байсан түүхтэй. Скорсезэгийн бүтээл болох “Хюго” 2011 оны эцэст жинхэнэ шуугиан дэгдээж бокс оффисоос асар их хэмжээний ашиг олсон билээ. Тус кино нь орчин үеийн хамгийн эрэлттэй сэдэв болох роботыг дээр үеийн Америкад тохиолдож байгаагаар хийсэн юм. Энэхүү киног 2007 онд худалдаанд гарсан “Хюго Кабретийн нээлт” нэртэй номноос сэдэвлэн хийсэн билээ. “Үгээр хэлхийн аргагүй адал явдал энэ кинонд гардаг. Хэдийгээр хоорондын холбоос нь хэтэрхий хурдан ч сүүлийн үед гарсан шилдэг бүтээлийн нэг. Тэгээд ч энэ киног Скорсезэ найруулсан гэхээр энэ киноны чанар нь харагдана” гэж “Лос Анжелос трибюнэ” сонины кино шүүмжлэлийн буланд нийтэлжээ. Скорсезэгийн найруулсан өмнөх кинонууд хэтэрхий хүнд сэдэвтэй, Холливудын сонгодогуудын тоонд ордог байсан бол энэ жил түүний бүтээсэн “Хюго” өмнө нь найруулж байсан киноноос өөр, басхүү нарийн хийцтэй кино билээ. Хүүхэлдэйн кино шиг хийгдсэн ч уран сайхны киноны бүх шинжийг энэ киноноос харж болно. Энэхүү кино нь түүний найруулсан анхны 3D кино юм. Ямар ч байсан өнгөрсөн Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг найруулагчийн шагналыг авсан энэхүү кино Оскарт хэрхэн өрсөлдөхийг харах л үлдлээ.
Вүүди Аллены бүтээсэн “Шөнө дундын Парис” бол Скорсезэгийн киноноос өөр. Хайр дурлалын гэсэн атлаа уянгын, басхүү уран зөгнөлийн хэсгийг ч харуулж чадсан инээдмийн драмын төрөлд багтах энэхүү кино Францад тэсрэлтийг авчирч чадсан билээ. Энэхүү кинонд Овен Вилсон зэрэг АНУ-н кино одод тоглосон ч туслах дүрд нь Францын тэргүүн хатагтай Карла Бруни тоголсон нь үзэгчдийн сонирхлыг татах гол үндэс ч байж болох. “Шөнө дундын Парис”” түүний найруулсан өмнөх кинонуудаас илүү хөнгөн сэдэвтэй. Гэсэн хэдий ч найруулгын томоохон ур маяг нь түүний сүүлийн бүтээлд тусгалаа олжээ. Алтан бөмбөрцөгийн наадамд Скорсезэд ялагдсан тэрээр Оскарын наадамд хэрхэх бол.
Алдарт найруулагчидтай туршлагын хувьд эн зэрэгцэхгүй ч чадварын хувьд сүүлийн үед дээшилж яваа гурван найруулагч тэдэнтэй өрсөлдөж байгаа. Энэ гурвын нэгэн төлөөлөл болох Мишель Хазанавис. Түүний нэрийг дэлхий мэдэхгүй ч тэрээр энэ жил “Жүжигчин” нэртэй бүтээлээрээ алдаршаад байгаа билээ. Энэ жилийн хувьд тэрээр энэ киногоороо 20 гаруй наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртээд байгаа юм. “Жүжигчин” хэмээх бүтээл нь дээр үеийн сонгодог кинонуудын нэгэн адил хар цагаан өнгөөр киногоо бүтээж, дууны сонголтыг тэр үеийнх шиг хийжээ. 1927 онд дуугүй киногоор алдаршиж байсан нэгэн жүжигчний амьдралаас энэхүү киног бүтээсэн байна. 1993 оны Оскарын наадмаас Стивен Спилберг шилдэг найруулагчийн шагналыг хүртсэнээс хойш хар цагаан кино Оскарын шагналыг хүртэж чадаагүй л явна. Харин энэ жил авах эсэх нь 23 хоногийн дараа тодорхой болно. Александр Пейн маш залуу найруулагчийн тоонд орно. Тэрээр ердөө 5 кино найруулсан бөгөөд энэ жил анх удаа Оскарын наадамд “Хойч үе” киногоороо нэр дэвшиж байгаа юм. Шүүмжлэгчдийн зүгээс чамгүй үнэлгээ авсан бөгөөд зарим нэгэн сонин түүний кино Оскарын наадмаас шилдэг найруулагч биш юм аа гэхэд ямар нэгэн төрөлд шагнал хүртэнэ гэж таамаглаж байна. Тэрэнс Малик бол Каннийн кино наадам болон Берлиний кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг авч байсан туршлагатай нэгэн. Тэрээр энэ жилийн Оскарын наадамд “Амьдралын мод” киногоороо нэр дэвшиж байгаа юм.
Академийн шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал өмнөх жилийнхээс өрсөлдөөнтэй болж байна гэж үзэж болно. Учир нь холливудын супер од Бред Питт, Жорж Клүүни нар өрсөлдөж байна. Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмаас тэрээр яг энэ дүрээрээ шилдэг гол дүрийн шагналыг авсан хэдий ч Оскарын наадамд хэрхэх нь маргаантай сэдвүүдийн нэг байсан хэвээр. “Мөнгөний бөмбөг” кинонд Бред Питтын бүтээсэн дүр мэргэжилтнүүдийн амнаас магтаалын үгийг харамгүй сонсоод байгаа ч Оскарын наадамд шагнал авах эсэх нь асуулт хэвээр байна. Гэхдээ энэ жил Жорж Клүүни энэ шагналыг авна гэдэгт олон мэргэжилтнүүд ам нэгтэй байгаа. “Сүүлийн жилүүдийн Алтан бөмбөрцөг, Оскарын наадмыг харвал Алтан бөмбөрцгөөс шагнал авсан хүн Оскарын наадмаас шагнал авах магадлал нь өндөр байгаа. Тиймээс Жорж Клүүни л шагнал авах болж таарлаа” гэж кино судлаач Тим Мартин ярьж байсан юм. Магадгүй Жорж Клүүни энэ жилийн наадмаас алтан баримал атгаж Холливудын домгуудын эгнээнд нэгдэх ч юм бил үү. Оскарын алтан баримлыг атгаж үзээгүй од Бред Питтэд энэ жил шагнал авах магадлал өндөр байгаа. “Би шагнал авахыг нэг их бодохгүй байна. Учир нь би хийдгээ хийсэн” гэж Бред Питт твиттертээ бичсэн байна. Хэдийгээр Алтан бөмбөрцөгт ялж чадаагүй ч кино шүүмжлэгчдийн тал нь түүний талд зогсож байгаа билээ.
Энэ хоёрын өрсөлдөөнд бусад жүжигчид дарагдаж байгаа ч тэднийг тоолгүй өнгөрч болохгүй. Ялангуяа “Жүжигчин” кинонд бүтээсэн дүрээрээ Жиан Дужардин аль хэдийнэ зэрэглэл өндөртэй жүжигчдийн тоонд багтсан билээ. Гари Олдмэн, Дэмиан Бишир нарыг ч мартаж огт болохгүй. Хэдийгээр тэд мэргэжилтнүүдийн зүгээс шагнал авах магадлалтай хүмүүсийн тоонд орохгүй байгаа ч Кино академийн зүгээс ямар ч шийдвэр гаргаж болно.
“Төмөр хатагтай” ялах болов уу?
Энэ жилийн Оскарын наадмын эрэлттэй сэдвүүдийн нэг нь энэ. Төмөр хатагтай кинонд бүтээсэн дүрээрээ Мерил Стрип 26 дахь удаагаа Оскарын наадамд нэр дэвшээд байна. Хэдийгээр Маргарет Тетчерийн зүгээс шүүмжлэлд өртсөн ч Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч чадсан билээ. Энэ жилийн Оскарын наадамд Мерил Стрипээс өөр Оскарын алтан барималыг атгаж үзсэн эмэгтэй нэр дэвшээгүй байна. Энэ нь кино сонирхогчдод түүнийг авах болов уу гэсэн итгэлийг нэмээд байгаа билээ. Жил жилийн наадмыг харвал Мерил Стрип авч болох ч шүүмжлэгчдийн магтаалыг хүртээд байгаа Виола Девист наадамд ялж болох магадлал харьцангуй өндөр байна. Кино сонирхогчдын ам сайтай байгаа Рүүни Мараг ч мартаж болохгүй. “Лууны шивээстэй охин” кинонд бүтээсэн түүний дүр кино сонирхогчдын анхаарлыг ихэд татсан билээ.
Энэ жилийн Оскарын наадмын шилдэг туслах дүрийн шагналууд шинэ эздээ хүлээж байна. Ингэж хэлдэгийн учир нь шилдэг эрэгтэй болон эмэгтэй туслах дүрийн шагналт өмнө нь оскарын алтан баримал атгаж үзээгүй жүжигчид дэвшиж байгаа юм. Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хамгийн өрсөлдөөнтэйд тооцогдож байна. Эдгээрээс хамгийн их магадлалтай нь өдгөө 82 настай Кристофер Пламмер юм. Эхлэгчид кинонд бүтээсэн дүрээрээ хөгширсөн ч дүрээ төгс амилуулж чаддагыг харуулсан билээ. “Би хэдийгээр хөгширсөн ч энэ кинонд тоглосон. Анх энэ кинонд тоглох саналыг дурамжхан хүлээж авсан. Гэхдээ киноны баг итгэж байгаа нөхцөлд тэдний ажлыг би нураах ёсгүй” гэж Пламмер ярьсан байна. Тэрээр энэ жилийн Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн билээ. Хэдийгээр тэр энэ жилийн алтан барималыг авах нь тодорхой гэж олон хэвлэлээр мэдээлж байгаа ч түүний өрсөлдөгчид нь муугүй жүжигчид юм. Кеннет Брана, Иохан Хилл нар тус, тусын дүрээ бүтээж зарим нэг наадмаас шагнал гардаад байгаа билээ. Кеннет Брана өмнө нь Алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртэж байсан туршлагатай бөгөөд энэ жилийн наадмаас шагнал хүртэнэ хэмээн найдлага тавьж буй.
Энэ жилийн шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал ч эрэгтэйчүүдтэй адил өрсөлдөөн өрнөж байна. Гэхдээ гол өрсөлдөөн Беренице Бежо болон Жесика Честэн нарын дунд өрнөх магадлал өндөр байна. Беренице Бежо “Жүжигчин” кинонд бүтээсэн дүрээрээ нутагтаа нэлээдгүй их шагналыг цуглуулж, олон улсын зарим наадмаас шагнал аваад байгаа билээ. Мэргэжилтнүүд болон кино шүүмжлэгчид түүнийг гарцаагүй энэ шагналыг авна гэж үзэж байгаа. Гэхдээ Жессика Честэн “Туслам” кинонд бүтээсэн дүрээрээ аль хэдийнэ Америкад од болжээ. Үүнийг ч гэрчлэх мэт АНУ-н муж бүрээс зохион байгуулдаг кино наадмаас шилдэг туслах дүрийн шагналыг цуглуулсаар байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн 2011 он олз омгоор дүүрэн байсан бөгөөд нийтдээ 7 кинонд тоглож эдгээр кинонд бүтээсэн дүрээрээ ямар нэгэн шагнал аваад байгаа ажээ.
Бусад төрлүүдийг бодвол тааварлаж огт болохгүй нэгэн төрөл нь шилдэг кино хэмээх төрөл. Хэдийгээр энэ жилийн Алтан бөмбөрцөг наадмаас шилдгийн шагналыг Хюго авсан ч оскарын наадамд магадлал харьцангуй бага байгаа гэж ойлгож болно. Мэргэжилтнүүд “Жүжигчин” киног шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай хэмээн үзэж байна. Мөн 2010 оны бестселлер номоос сэдэвлэсэн “Тусламж” нэртэй киног ч магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Энэ жилийн шилдэг киноны төрөл ойрын 4 жилдээ байгаагүй томоохон өрсөлдөөнийг өрнүүлж байна. Өмнө нь хэн нэгэ алдартай найруулагчийн бүтээсэн кино дуу нэгтэйгээр сонгогддог байсан бол энэ жил бүх найруулагчдын бүтээл жигд, хамгийн гол мэргэжлийн өндөр төвшинд бүтээгдсэнд оршино. “Магадгүй хамгийн өрсөлдөөнтэй жил энэ жилийн наадам байж болно. Мэргэжилтнүүд хүртэл маргалдаад мөрий тавиад эхэлчихлээ шүү дээ. Би өмнө нь энэ кино авна гэж ам бардам аль нэг кинонд хэлдэг байсан бол энэ жил ингэж тааварлах боломж огт алга” гэж Тим Мартин ярьж байсан юм. Шилдэг киноны төрөлд шагнал найдваргүй нэгэн кино байгаа нь “Дайны хүлэг”. Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан холбоотны анги руу Германы талаас нэгэн морь давхиж ирэн сонирхолтой адал явдал өрнүүлдэг энэхүү кино итгэл найдвар хүлээж байсан ч бокс оффисоос олигтой ашиг олоогүй бөгөөд мэргэжилтнүүдээс шүүмжлэлийг хүртээд байгаа билээ. Зарим нэгэн мэргэжилтнүүд хүртэл энэ жил энэ кино шилдэг киноны төрөлд өрсөлдөж байгаа нь хамгийн том алдаа хэмээн үзэж буй.
Хамгийн гол төрлүүдэд өрсөлдөөн ийнхүү өрнөж байна. Энэ жилийн наадмын хувьд шилдэг гадаад хэл дээрх кинонд өрсөлдөж байгаа Ираны уран бүтээлчдийн бүтээсэн “Хагацал” нэртэй кино Оскарын наадмын шагналыг авах өндөр магадлалтай байгаа билээ. Энэ удаагийн наадмыг алдарт инээдмийн жүжигчин Эдди Мерфи хөтөлнө гэж байсан боловч алдарт жүжигчин өөрөө татгалзсанаар Билли Кристал хөтлөн явуулахаар болсон юм. Энэ жилийн тухайд 100 сая долларын босгыг давсан 10 гаруй кино Оскарын наадамд нэр дэвшиж байгаа юм. Ямар ч байсан ойрын хэдэн жилдээ ярих юмтай үлдэх Академийн наадмын шагнал гардуулах 84 дэх удаагийн ёслолын ажиллагаа болоход тун цөөхөн хоногийн хугацаа үлдлээ.
Нэг наадмаас хамгийн олон шагнал хүртсэн кинонууд:
•“Бен хур” /1959/ нийт 11 төрөлд
•“Титаник” /1997/ нийт 11 төрөлд
•“Бөгжний эзэн: Хаан буцаж ирсэн нь” /2003/ нийт 11 төрөлд ялалт байгуулсан.
Хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кинонууд:
•“Бүгд Ивийн тухай” /1950/ нийт 14 төрөлд
•“Титаник” /1997/ нийт 14 төрөлд нэр дэвшсэн байна.
Нэр дэвшсэн 11 төрөлд бүгдэд нь ялалт байгуулсан цорын ганц киногоор “Бөгжний эзэн: Хаан буцаж ирсэн нь” кино тодорчээ.
Оскарын наадмаас хамгийн олон шагнал авсан хүнээр Волт Дисней тодорчээ. Тэрээр нийтдээ 26 оскарын алтан баримал гардсан бөгөөд 22 нь нэр дэвшиж, 4 нь хүндэтгэлийн оскарын шагнал байсан юм. Өөрөөр хэлбэл тэрээр жилдээ 4 оскар гарддаг байжээ.
Оскарын наадмын түүхэнд хамгийн олон алтан баримал хүртсэн найруулагчаар Жон Форд тодорчээ. Тэрээр 1935 онд “Мэдээлэгч”, 1940 онд “Уур хилэн”, 1941 онд “Мөнхийн ногоон тосгон”, 1952 онд “Энгийн залуу” киногоороо тус тус шагнал хүртэж байжээ.
Оскарын шагналыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц уран бүтээлч байдаг нь Катрине Хепбурн юм. Академийн шагналыг гурван удаа хүртсэн гурван байдаг ажээ. Тухайлбал Жэк Николсон хоёр удаа шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагнал, нэг удаа туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг, Ингрид Бергман хоёр удаа гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг, нэг удаа туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг, Волтер Бренан туслах дүрийн эмэгтэй жүжичгний шагналыг гурван удаа хүртсэн байна.
Оскарын наадмын гол таван шагнал болох шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг кино зохиолын шагналыг нэг наадмаас хүртсэн гурван тохиолдол байдаг ажээ.
- “Нэг оройн явдал” /1934/
- “Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг” /1975/
- “Хурга майлахаа болино “/1991/
Оскарын наадмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хоёр жил дараалж авсан тохиолдол хоёр удаа байдаг бөгөөд 1940, 1941 оны Оскарын наадмаас Спенсер Трейси, 1993,1994 онд Том Хэнкс нар дараалж авчээ.
Оскарын шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчнээр Тим Онил тодорчээ. Тэрээр 1973 онд “Цаасан сар” кинонд бүтээсэн дүрээрээ энэ шагналыг авсан байна. Харин энэ шагналыг хүртсэн хамгийн хөгшин хүнээр Жессика Тенди тодорчээ. Тэрээ 1989 онд 80 насандаа шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авсан байна