Гэхдээ ирэх хавар нэг килограмм мах ямар үнэтэй байхыг гавьяат эдийн засагчид, төр ч бус ченжүүд л хэлж чадна. Монгол Улсын мал өслөө гэдэг сайхан мэдээг махны үнэ нэмэгдлээ гэдэг “чимэг” дагаад удаж байна. Энэ жилийн хувьд зуншлага сайтай байснаас малчид малаа зарахгүй, өсгөх шинж ажиглагдах болсон нь махны эрэлт ихсэх шалтгаан болжээ. Бас сүүлийн үед төрөөс өгөх халамж үйлчилгээний мөнгө нэмэгдсэнээр малчид ойр зуурын хэрэгцээ, гурил, будаагаа халамжаараа “аргалж”, малаа зарах бодолгүй болсон нь махны эрэлт нэмэгдэхэд хүргэсэн гэж үзэж байна. Тэгвэл махны үнэ өссөн шалтгааныг хэд, хэд дамжуулан, бие биедээ хүргэдэг ченжүүдээсээ асуувал зүгээр биш үү. Сумын махны ченж малчдаас махаа худалдаж аваад хот оруулна. Энэ махыг нэг ченж худалдаж аваад, арай өндөр үнээр авч буй нэгэн хужаа ченжид “шахна”. Тэр хавар махны эрэлт ихэссэн үеэр нийслэлчүүдэд овоо хэдэн төгрөгийн ашиг олох үнээ зохион иргэдэд худалдаалж байна. Энэ бол Эмээлт дээр харагддаг энгийн дүр зураг болсныг иргэд хэлдэг.
Харин махны үнийг дураар нь өсгөхгүйн үүднээс нөөцлөхөөр болж, үүнийг нь Засгийн газар дэмжсэнээр нөөцийн маханд зориулж, тэрбум тэрбумаар хэмжигдэх мөнгийг төсөвлөдөг. Үүнийгээ нөөцийн мах бэлтгэсэн компаниудыг дэмжиж байна гэж тайлбарладаг. Хүрэлцдэггүй, чанар муутай гэж “адлуулдаг” нөөцийн мах эрэлт энэ жил өмнөх онуудаас их байгаа гэнэ. Үүнийг нийслэлийн Захирагчийн албанаас “Нөөцийн мах худалдаанд гарах хуваарь, хэмжээний дагуу худалдаалагдаж байгаа. Энэ зуны хувьд ихэнх нутгаар зуншлага сайтай байсан учраас туранхай, чанар муутай гэсэн ойлголт байхгүй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан том ажлын хэсэг хяналт тавьж байгаа. Мах хүрэлцээтэй байгаа ч нэмж, 10 мянган тонныг бэлдэхээр төлөвлөсөн” гэсэн хариулт өгч байна. Дахин мах нөөцлөх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ. Мах дахин нөөцөллөө гэхэд махаа хаанаас авах, санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гарах энэ хуралдааны дараа тодорхой болох гэнэ.
Тэд “Иргэдийн дунд сүүлийн үед буруу ойлголт байгааг хэлж байна. Нөөцийн мах бол нийслэлчүүдийн өвөл, хаврын турш идэх үүц биш. Сүүлийн жилүүдэд махны үнэ хэт нэмэгдэх болсон тул амьдралын боломж нийслэлийн багатай иргэддээ зориулж, хямдхан үнэтэй мах хүргэх үүднээс мах нөөцөлдөг байсан бол одоо махны үнийг хиймлээр хөөрөгдүүлэхгүй тулд их хэмжээгээр нөөцлөх шаардлага гарсан” талаараа ярьж байна.Энэ жилийн хувьд 12 мянган тонн мах нөөцөлсөн. Үүний 2,1 мянган тонн үхэр, 7,6 мянган тонн нь хонь, 2,3 мянган тонн нь ямааны мах байгаа гэнэ. Нөөцийн махны ихэнх хувийг хонины мах эзэлдэг гэнэ. Энэ жилийн нөөцийн махны 75 орчим хувийг хонины мах эзэлж байна. Одоогоор үхрийн мах 3700 төгрөг, хонины мах 3200 төгрөг, ямааны мах 2600 төгрөгийн тогтмол ханштайгаар худалдаалагдаж байна. Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөгөөр бол нэгдүгээр сард 1,5 мянган тонн мах худалдаалахаар болсон гэнэ. Өчигдрийн байдлаар /нэгдүгээр сарын 31/ 1100 гаруй тонн нь зарагджээ. Харин энэ сард цагаан сар болох тул гурван тонныг худалдахаар төлөвлөсөн аж. Нийслэлчүүд бид өдөртөө дунджаар 50-60 тонн мах худалдаж авдаг гэсэн судалгаа гарсан байна.
Гэхдээ нөөцийн махыг нарийн тооцвол зах зээлийн үнээс хямдхан авч чадахгүй байна. Нөхөн олговорт өгч байгаа мөнгийг нь тооцвол нэг кг нөөцийн хонины махыг 3850 төгрөг, үхрийн махыг 4350 төгрөгөөр, ямааг 3250 төгрөгөөр худалдаж авч байна гэсэн үг.
Төсвийг иргэдийн татвар л бүрдүүлдэг. Тиймээс иргэд өмнө нь 650 төгрөгөө өгөөд дараа нь өнөөгийн тогтоосон үнийг төлөөд авч байна гэсэн үг. Нэг ёсондоо урьдчилгаагаа өмнө нь төлөөд байна гээд ойлгочихож болно. Иймэрхүү л байдалтай дарлуулж байна даа. Ингээд бодохоор нөөцийн махны үнэ захынхаас хямд гэж үү?