”Хаалгаар хөөгөөд гаргахад тооноор ороод ирэх нь”

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

”Хаалгаар хөөгөөд гаргахад тооноор ороод ирэх нь”

Оны өмнөхөн УИХ-аар батлагдсан Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн Цэц дээр очоод байгаа. Монгол Улсын иргэний эрхийнхээ дагуу МУИС, Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл өнгөрөгч баасан гариг Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан юм. Ингээд Сонгуулийн хууль Үндсэн хуулийг яаж зөрчсөн гэж үзэж буй талаар нь ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн юу нь болохгүй болоод Үндсэн хуулийн цэцэд хандахаар болов оо?

-Сонгуулийн хуулийг өөрчлөн сайжруулна гэсэн хоёр намын амлалт дараагийн сонгууль шударга болох нь гэсэн итгэл, хүлээлтийг нийгэмд бий болгож байсан. Миний хувьд л гэхэд пропорциональ системийг хуульчилснаар нилээд хэд хэдэн чухал зарчмын шинжтэй өөрчлөлт гарна хэмээн найдаж байсан. Гэтэл тэр зарчмын шинжтэй шинэчлэл нь хийх нь байтугай харин ч өмнөх хуулиа дордуулсан нөхцөл байдлыг бий болгосон өөрчлөлтийг шинэ Сонгуулийн хуулинд хуульчилсан байна. Угтаа пропорциональ системийг мөн чанараар нь буулгасан бол жалга довны улс төрөөс ангижран, улсын хэмжээний хөгжлийн бодлого ярьдаг, тойргоос хамааралгүй, зангарагатай улстөрчдийг УИХ-д оруулж ирэх боломж нээгдэх байсан. Шинэ, чадалтай өрсөлдөгч УИХ-д орж ирж шинэ уур амьсгал бүрдэнэ хэмээн найдаж байсан. Мөн хот хөдөөгийн сонгогчдын төлөөллийн ялгаа тодорхой хэмжээгээр багасах байсан. Гэтэл шинэ хуулиар эдгээр нөхцөл байдлууд бүр дордсон байна. Иймд нийгэмд сонгуулийн дараа гарсан үр дүнг нь иргэд эсэргүүцэх, эмх замбараагүй байдал бий болох магадлал өндөр байна. Хамгийн гол нь сонгуулийн пропорциональ системийн талаарх буруу ойлголтыг нийгэмд бий болгох, “энэ чинь бүр долоон дор юм байна” гэсэн бодлыг иргэдэд төрүүлэх нь. Иймээс энэ системийг нэг бол мөн чанараар нь хэрэглэх, эсхүл бүрмөсөн больсон нь дээр гэж бодож байна.   
За, жишээ нь нэр дэвшигч бүрийн хувьд сонгогдох буюу ялах боломж нь адил тэнцүү байх ёстой. Гэтэл хуулиар эхний 48 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний суудалд хоёр удаа өрсөлдөх боломжийг олгосноороо үлдсэн 28 нэр дэвшигчээс давуу байдлыг бий болгож байгаа юм.  

-Үндсэн хуулийн цэцээс өөрт тань маргаан үүсгэсэн эсэх талаар хариу өгсөн үү?

-Одоогоор хариу ирээгүй байна. Хуулиар 14 хоногт багтаан мэдэгдэх ёстой. Үүсгэхгүй гэж мэдэгдвэл түүнд нь хуулийн дагуу гомдол гаргаад явах боломж бий.

-Сонгогчийн санал сонгуулийн "эцсийн үр дүнг" шууд тодорхойлох сонгуулиин зарчмыг алдагдуулж байна  гэж өргөдөл гаргасан байсан. Энэ талаараа тайлбарлаач.

-Үндсэн хуулийн хориннэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ заалтанд буй “шууд сонгох” гэдгийг хэлбэрийн талаас нь тайлбарлавал сонгогч өөрийн биеэр очиж саналаа биечлэн өгөхийг хэлнэ. Харин агуулгын хувьд тайлбарлавал, иргэдийн гаргасан санал сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх эцсийн шийдвэр байх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн иргэдийн саналаар л бий болно. Сонгуулийн үр дүн, иргэдийн саналын дундуур хэн нэгэн гуравдагч этгээд орж, ямар нэгэн хэлбэрээр сонгуулийн үр дүнд нөлөөлөх ёсгүй гэсэн санаа юм. Гэтэл сонгогчид сонгуулийн үр дүнг шууд тодорхойлж чадахгүй байгаа нь иргэдийн “шууд сонгох эрх”-ийг зөрчиж байна.  

-Жишээлбэл?

-Жишээ нь, сонгогчдоор гурван мандат дээр долоон хүнийг сонгуулж байна. Харин иргэд сонголт хийсний дараа нөгөө долоогоос нь гурвыг нь өөр хэн нэгэн сонгох завсрын шат байна гэсэн үг. Шинэ сонгуулийн хуулиар 28 суудалд 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар сонгохыг тулгаж байна.  

– Энэ нь өвдөг шороодсон бөх туг тойрно гэдэгтэй адилхан гэсэн үг үү?

-Дээрх жишээ бол сонгуулийн нэрийн хуудастай холбоотой асуудал. Харин өвдөг шороодсон бөх туг тойрно гэдэг нь тойргоос сонгогдож чадаагүй мөртлөө пропорциональ системээр үнэлэгдэж авсан намын суудал руу шилжих боломжийг хуульчилж өгснийг хэлж байгаа юм. Уг нь гадны зарим улсад пропорциональ болон мажоритар системийн аль алинийг нь хослуулсан нь бий. Гэхдээ манайд үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулаад дахин сонгогдохын тулд пропорциональ системийнх нь мөн чанарыг нь алдагдуулчихлаа. Холимог систем биш зөвхөн мажоритар системд өрсөлдөх 48 нэр дэвшигчийн сонгууль болгож хувиргалаа. Дахиад нэг жишээ хэлье. Хөдөө орон нутгийн багахан тойрог дээр бараг хоёр нам л үзэж таарна шүү дээ. Гуравдагч намууд бүх тойрог дээр хүч хаяж чадахгүй. Гурван хүн нэг мандатын төлөө өрсөлдөнө гэж бодъё. Гэтэл энэ гурван хүн гурвуулаа хамт УИХ-ын гишүүн болох боломж байна. Нэг нь 36 хувийн санал авч, нөгөө хоёр нь тус тусдаа 32 хувийн санал авахад гурвуулаа сонгогдох боломжтой. Одоо чинь мөнгөтэй болчихсон юм чинь нэгэндээ мөнгө өгч амыг нь таглаад хоёр нь өрсөлдлөө гэж бодоход эхнийх нь 50 хувийн санал аваад тойрогтоо ялна, харин ялагдсан нь 49 хувийн санал аваад намын 28 суудал руу шилжиж ороод  хоёулаа сонгогдчих байх.

-Нэгэнд нь нэг боломж, нөгөөд нь хоёр боломж байна гэх гээд байна уу?

-Тийм ээ, сонгогдох эрхээс гадна сонгох эрх зөрчигдөж байна. Би жишээ нь эхний 48-д бичигдсэн Доржийг дэмжиж байна гэж бодъё. Миний энэ дэмжиж буй санал тойрог дээр нь нэг үнэлэгдээд, жагсаалтад байгаа дээр нь бас үнэлэгдэнэ. Харин чи 28-д бичигдсэн Батыг дэмжиж байхад чиний санал ганц удаа л үнэлэгдэнэ гэхээр ялгаатай үнэлэмж гарч байгаа биз дээ. Иймд иргэдийн сонгох эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Төлөөллийн ардчиллын хувьд бас асуудал үүсгэж байна. Хөдөөгийн жижиг тойргийн 70 хувь нь нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж саналаа өгөөгүй ч хорин наймхан хувийн санал аваад гол нь улсын хэмжээний том тойрогт нийт сонгогчдын саналаар үнэлэгдсэн суудалд шилжин сонгогдох боломжой байна. Хаалгаар хөөгөөд гаргахад тооноор ороод ирж байна гэсэн үг.

-“Шууд” буюу англиар “direct” гэж байгаа. Сонгуулийн шууд хэлбэр гэж юу юм гээд бусад орны хуулиас харвал “хэрвээ сонгогч өөрийн биеэр ирж санал өгвөл шууд гэнэ. Харин хүнээр дамжуулж өгөхийг шууд бус гэнэ”. Тэгэхээр шууд, шууд бусын маргаан нэг их гарахгүй болов уу гэх тайлбарыг нэгэн гишүүн өгөөд энэ тал дээр маргаан гарахгүй байх гэж тайлбарлаж байсан.

-Энэ бол зөвхөн хэлбэрийн хувьд нь хийсэн тайлбар. Харин миний хувьд шууд сонгох эрхийг агуулгаар нь тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, Германы Үндсэн хуулинд шууд сонгох гэсэг үг байдаг бөгөөд үүнийг нь хуулийн тайлбараас харахад агуулгаар нь тайлбарласан байдаг.

-Ер нь Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж хэдэн хүн өргөдөл гаргаад байгаа юм бол, иргэдээс ирж буй өргөдөл нэг заалтыг барьж аваад байна уу, эсвэл өөр өөр зүйл заалтууд дээр байна уу?

-Энэ хуулийн ямар ямар заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд цэцэд хандаад байгааг нь интернэтээс харсан. Гадаадад амьдарч буй иргэдийн сонгох эрх зэрэг өөр асуудлаар хандсан байна билээ. Гэвч миний хувьд аль ч намын гишүүн биш болохоор улстөржсөн зүйлийг сонирхоод байдаггүй. Гэхдээ сонгуулийн үр дүнгээс хамаараад иргэдийн дунд бухимдал гарах вий гэх болгоомжлол байна, долдугаар сарын 1 дахин гарахгүй байх баталгаа алга байна.

Сонгуулийн одоогийн хуулиар Улаанбаатарт 14 мандат ногдож байгаа. Улаанбаатарт өрсөлдөөн маш хүчтэй явагддаг. Энд өрсөлдсөн хүмүүсийн хувьд сонгогдох боломж нь хөдөөний тойрогт өрсөлдөгчдөөс бага байна. Учир нь, Улаанбаатарт өрсөлдсөн хүмүүсээс 28-ийн жагсаалтад шилжин орох боломж нь байхгүй байна. Яагаад гэвэл хотын тойрогт олон хүмүүс өрсөлддөг тул санал нь хуваагдаад 28-аас дээш хувь авах магадлал бага. Тэгэхээр хот, хөдөөгийн төлөөллийн харьцаа нь бүр дордож байгаа юм.  

-Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж гөжүүдлээд л сонгуулийн хуулиа хөдөлгөхгүй орно шүү дээ?

-Үндсэн хуулийн цэцийн шат шатныхаа хурлаар ороод хуулийнх нь дагуу л үргэлжлэх байлгүй дээ. Хэрэв Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлт гаргавал шийдэх ёстой хүмүүсийнх нь шийдэх асуудал л үлдэнэ дээ. Миний хувьд өргөдлөө гаргаад өгчихсөн. Одоо эцсийн шийдвэр гартал нь араас нь явна гэж бодож байна.

-Бага зэрэг улстөржье. Гэхдээ хуульч хүний нүдээр. УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах эсэх маргааныг ирэх өдрүүдэд ярих бололтой. Энэ тухай юу гэж бодож байна?

-Нэг өдөр явуулчихсан нь хамаагүй амар шүү дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй гээд бодсон ч. Орон нутгийн хэмжээнд, улсын хэмжээнд ямар хүмүүс нь бодлогоо гаргаж явах вэ гэдэг нь тодорхой болно.

-УИХ-ын сонгуулийн хуульд квотыг оруулж ирсэнд олон хүн талархалтай байгаа ч зарим нь мөн л Үндсэн хуулийн тэгш эрхийн заалтад харшилж байна гэж үзэж байна. Энэ асуудлыг хөндөөгүй ч энэ тухай ямар бодолтой байна?

-Эмэгтэй хүн яагаад заавал квот авах ёстой юм гээд тэгш байдлын талаар маргаан гарахгүй байлгүй дээ. Гэхдээ энэ чинь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн асуудал шүү дээ. Миний хувьд эмэгтэйчүүдийг улс төрд орж ирэх боломжийг нь нээж өгөхөд буруудах зүйл байхгүй гэж бодож байна.

-Одоогийн Сонгуулийн хууль огтхон ч засваргүй, энэ хэвээр үйлчилбэл ямар дүр зураг харагдахаар байна?

-УИХ-д шинэ уур амьсгал орох боломж, шинэ хүн сонгогдох боломж хомс байна. Өнөөгийн хууль дээр хийсэн таамаг судалгаа гарахад одоогийн байгаа хүмүүсийн 70-80 хувь нь эргээд сонгогдох нь гэсэн таамаг харсан. Өгсөн санал нь үр дүнтэйгээ зөрөлдөж төлөөллийн зарчим бүрэн хангагдахгүй нь. УИХ-ын гишүүд Засаг даргын ажил хийж төсвийн мөнгөнөөсөө тойрогтоо хуваарилдаг нь урьдын адил хэвээр байх нь. Эдгээр гол өөрчлөлтийг хийж чадаагүйгээрээ нийгэмд сөрөг уур амьсгал төрүүлэхээр л байна.

-Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэдгээр хууль зүйн маргаан үүсгэснийг нь ойлгож байна. Гэвч үүнийг улс төрийн зорилгоор ашиглах, магадгүй хэн нэгэнд олз болох юм биш үү?

-Яах вэ, мэдээж төгс хууль гэж байхгүй. Гэхдээ миний хэлж буй эдгээр үндэслэлтэй холбоотой “миний өгсөн санал бодитой дүгнэгдсэнгүй, төлөөлөл шударга бусаар гарлаа” гэх үнэлэмж олон нийтэд жин дарах юм бол сонгогчид хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, бухимдал үүсэх үндсэн шалтгаан байна гэдгийг хэлээд байгаа юм.

-Сонгуулийн хууль алдаатай байсан ч өөрчлөх боломж харагдахгүй байгаа юм биш үү. УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнөх зургаан сарын хугацаанд “гар хүрч” болохгүй байх хууль бий шүү дээ?

-Хуульд үнэхээр дэвшилттэй заалтууд орсон байгаа. Гэхдээ сөрөг тал нь давамгайлчихсан байна. Нэгэнт зөвшилцөлд хүрээд баталчихсан хуулийг унагаах хэрэггүй гэж тодорхой хэмжээний лобби явах л байх. Мэдээж баталсан хуулиа УИХ нь хамгаална. Магадгүй энэ асуудалд Үндсэн хуулийн цэцээс шийдэл гаргаж болох юм. Нэг газар уначихсан хүн эргээд ороод ирэх нүх байна гэхээр шударга бус зүйл байгааг, энэ нүхийг бөглөх шаардлагатайг харуулж байгаа биз дээ. Тойргоос намын жагсаалт руу шилжих энэ хэсгийн нь уг нь хүчингүй болгочихож болмоор санагдах юм. Эсвэл жагсаалтаа цэвэрлэчихэж болно. Нам дээр 28-ийг, тойрогт 48 хүнээ нэр дэвшүүлээд хоёр жагсаалтыг хооронд нь холихгүй гэсэн үг. Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим, шууд сонгох, сонгогдох зарчим хоёр тогтолцооны аль алинд нь үйлчилж байх ёстой. Гэтэл нэг хэсэгт нь үйлчлээд нөгөөд нь үйлчлэхгүй болоод байна. Уг нь хуулийн төслийг анх өргөн барьж байхдаа ийм л зарчимтай байсан юм билээ.

Ярилцсан Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж