Хэдэн хувцас, телевизор, хайрцагтай номуудаа аваад дахиад л нүүж байна. Нөхөр нь унаа олж ирээд юмнуудаа баглан ачиж, харин залуу бүсгүй хүүхдээ тэврэн жолоочийн хажууд чимээгүйхэн сууна. Энэ бол би. Намайг Буянаа гэдэг. Бид гурав дандаа л нүүж явдаг. Нүүдэлчин монголын үр сад гэсэндээ биш ээ, монголын олон олон залуу гэр бүлийн нэгэн адилаар тусдаа гарч түрээсийн байшинд энд тэнд нүүдэллэн амьдарч яваа минь энэ ээ.
Энэ нүүдэл хэзээ зогсох бол оо? Үүнийг би хэн нэгнээс асуухын оронд хариултыг нь өөрөөсөө хайсан нь зөв биз. Би хэзээ нүүхээ болих бол оо?
Монголд нийтдээ 716 мянган өрх айл гал голомтоо бадраан амьдарч байгаа гэнэ. Үүнээс 130 гаруй мянган өрх нь ядуу, маш бага орлоготой өрхөд тооцогддог аж. Манайх гэдэг нэгэн айл энэ 130 мянгад нь багтчихгүйн тулд би хэмээх нэгэн хүн өдөр алгасалгүй ажилласаар л… Ингэж ажилласан ч өөрийн гэсэн байртай болно гэдэг өнөөгийн Монголд надад ахадсан зүйл болоод байгаа нь харамсалтай.
Хүү минь хоёр настай. Хөлд орсноос хойш ёстой л гүйж харайна, сахилгагүй дэггүй гэж юу болохыг бид хоёрт харуулж байгаа хүн дээ. Бид гурав энэ өвөл арай дулаахныг нь сонгоод оюутнууд суудаг гэх тодотголтой нийтийн байр түрээслэхээр шийдсэн минь энэ.
Гэр хороолол дундах нийтийн байрнаас төрсөн миний бяцхан мөрөөдөл бол дөрөв гурвын харьцаатай жижигхээн квадрат өрөөндөө гурвуулаа чихэлдэн тохижчихоод хүүгийнхээ гүйж харайх тоглохыг хязгаарлан суухдаа өөрийн эрхгүй төрсөн хүслээс минь урган гарч буй мөрөөдөл юм. Тулга тойрсон өчүүхэн бодолтой гэж эмэгтэйчүүдийг дорд үзээд, хүүхэд гаргахаас өөр гавьяагүй гэж үзэх олон тэрс үзэлтнүүдийн бодлыг эгдүүцэн төрсөн миний мөрөөдөл, миний хүсэл.
Одоо цагийн монгол айл өрх яагаад гол төлөв нэг хоёрхон хүүхэдтэй байгаагийн шалтгаан нь өнөөх л үнэ хүндгүй, хөлсгүй хөдөлмөр эрхлэгч гэрийн эзэгтэй нараа тэжээх чадвартай эрчүүдийн тоо буурсантай холбоотой. Нүүдэллэн айл айлын хажуу бөөрөнд наалдан, өвөл өвлийн хүйтнийг даван яваа над шиг энэ олон залуу гэр бүл дахиад хүүхэдтэй болж болохгүй, боллоо гэхэд….
Мөдхөн л хүү минь сургуульд орно. Хэрэглээ, хэрэгцээ улам л өснө, Тэр цагт аав ээж болсныхоо хариуцлагыг үүрэн яг бидний аав ээж биднийг юугаар ч дутаалгүй яаж сайхан хүн болгон өсгөний үргэлжлэл болгож үр хүүхэддээ боломжийг бий болгох ёстой.
Би сар бүр урт дараалалд зодолдон зогсох орлогогүй олон зуун аав битгий байгаасай гэж би хүсдэг. Нөхөр нь Солонгос руу зорин алга болох өрх толгойлсон мянга мянган эхчүүдийн тоо дахин нэгээр ч битгий нэмэгдээсэй хэмээн би хүсдэг. Хоногийн хоолоо аваарай гэж ээжийнхээ өгсөн мөнгийг хаячихаад шаналсандаа айсандаа “ээжээ хүүгээ уучлаарай” хэмээн бичээд амиа хорлосон есхөн настай хүүд тохиолдсон шиг явдал дахин нэг ч хүүхдэд бүү тохиолдоосой гэж хүсч байна. Ингэтлээ ядуурсан ард иргэдийнхээ амьдралд нэмэр болох зүйл ярихгүй мөртлөө Тавантолгой, Оюутолгой, Сонгуулийн тухай хууль, долдугаар сарын 1, Авлигатай тэмцэх газраас өөр ярих юмгүй мэт авирлах эрх баригчид.
Үүний оронд боловсролын гажуу тогтолцоог, эх нялхсын эндэгдлийг, харь орныг зорин нүүдэллэх залуусын асуудлыг, хүн ам зүйн бодлогыг гэр бүл төлөвлөлтийг анхаарч анзаарч хараасай гэж би хүсдэг.
Намайг жаахан байхад бидний үеийн багачуудаас том болоод хэн болохыг хүсдэг вэ гэж асуухад эмч, багш, холын тээврийн жолооч, зохион бүтээгч, сансрын нисгэгч гэхчилэн маш олон тооны ХҮНИЙ ТӨЛӨӨ ажиллах сэтгэлтэй мэргэжлийг нэрлэдэг байсан. Гэтэл та одоо хүүхдүүдээс асуугаад нэг үзээрэй. Миний хүү хэн болохыг хүсдэг вэ Тэд шууд л бодож түгдрэх ч үгүй "Би том болоод БОСС, ДАРГА, ЗАХИРАЛ, ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН болно" гэх хариултыг маш их сонсох болно. Хүүхдийн буруу биш ч бидний ирээдүй болох үрс маань ямар сэтгэлгээтэй болон өсч хүмүүжиж байна вэ
Саяхан телевизээр Ард Аюуш нэртэй нэгэн шоу нэвтрүүлэг гарч байхыг би үзлээ. Оролцогч залуучуудаас нэг нь л эмэгтэй. Жүжигчин Ундармаа. Тэдгээр залуус нийгэмд хэрэгтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх ёстой гэнэ. Ганц оролцогч бүсгүй маань Эх нялхсын эмнэлэгт зориулж аавуудын өрөөг тохижуулж, амьсгалын аппарат энэ тэр өгч байна. Шинээр төрсөн хүүхэд эх хоёртой тэр л өрөөнд тухтай уулзах нь ямар олон айл гэрд аз жаргал тав тухыг авчрахыг харж болно. Харин бусад эрчүүд нь хөл бөмбөгийн талбай, байрны гаднах сүүдрэвч гэхчилэн аахар саахар, зугаа цэнгэлийн тухай л юм бодож олцгоосон байх аж. Ингэж бичсэнээрээ би эрчүүдээ муулах гэсэнгүй, Харин эмэгтэй хүнээс ямар нарийн ухаан, ямар их юмны гүн рүү нь олж харж шийдэж хийж чаддагийг л тодотгох гэснийх юм.
Тиймээс миний мөрөөдөл бол миний сайн сайхан амьдрах эхлэл болж байна. Энэ нэгэн бүсгүйн мөрөөдөл бол монгол эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болоод байна. Монгол эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл нь монгол орны минь хөгжлийн төлөөх мөрөөдөл болж байна. Амьдарна гэдэг амьсгалахын нэр биш, ажиллаж бүтээхийн нэр байдагчлан мөрөөдөлдөө алхам алхмаар ойртохын тулд би хөдөлмөрлөдөг.