”УИХ хувьцааны үнэ тогтоодог байгууллага болох нь”

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

”УИХ хувьцааны үнэ тогтоодог байгууллага болох нь”

УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгох талаар  УИХ хэлэлцэж байгаа. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Энэбишээс энэ талаар тодрууллаа.

-Тавантолгойн 1072 хувь­цааг иргэдэд сая төгрөгт дүйцүүлсэн олгох эрхийг нь нээнэ гэнэ. Ингэснээр нэрлэсэн үнийг сая төгрөг гэж тооцож байгаа юм уу. Нэрлэсэн үнийг урьдчилан тогтоох нь буруу гэж зарим гишүүд хэлж байна.?

-Тавантолгой нь стратегийн том орд учир тус ордыг ашиглах УИХ-ын тогтоол гаргасан. 2010 оны долдугаар сард гаргасан тогтоолын дагуу үйл ажиллагаа явж байгаа. Харин одоо уг тогтоолд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Аж ахуйн нэгжид өгнө гэж өмнө нь шийдээд байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийн хувьцааг иргэддээ өгье гэж байна. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Төрийн өмчит компанийн асуудлаар шийдвэр гаргах дээд эрх бүхий байгууллага нь УИХ. Аж ахуйн нэгжүүдэд өгөх байсан хувьцаагаа иргэдэд өгөөд, дараа нь иргэдээс худалдаж аваад, аж ахуйн нэгждээ худалдаад явахаар шийдэх бололтой. Нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж аваад, нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд худалдаална гэсэн зүйл тогтоолын төсөлд яваад байгаа. Өнгөрөгч оны төсвийг баталсантай холбогдуулж нэг сая төгрөгтэй дүйцэхээр нэрлэсэн үнийг тогтоохоор оруулж байсан юм. Хэрэв ингэвэл УИХ нь компанийн хувьцааны нэрлэсэн үнийг шууд тогтоодог байгууллага болж хувирна. Энэ бол зарчмын хувьд буруу. Харин хувьцааны өмчлөгчийн хувьд энүүнд олгоно, тэрэнд олгоно гэж шийдэх нь бүрэн эрхийн асуудал. Шууд нэг сая төгрөгтэй дүйцүүлээд эхэлбэл зах зээлийн нийгэм, хөрөнгийн биржийн зарчимд нийцэхгүй. Олон улсын хөрөнгийн зах зээлд бид гаргана гээд байгаа. Тэгэхээр эдгээр асуудлаа цэгцэлж байж IPO хийх шаардлагатай болно. Нэрлэсэн үнэ гэдэг асуудалд болгоомжтой хандах ёстой. Засгийн газраас худалдан авах үнэ, эсвэл аж ахуйн нэгжид худалдах үнэ гэж томъёолж явбал зүйтэй байх.

-Зөвлөх банкууд ямар байр сууриа илэрхийлсэн үү?

-Хонконгийн хөрөнгийн бирж гэхэд хувьцаагаа арилжаалж эхлэхээс зургаан сарын өмнө  юм уу хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс дөрвөн долоо хоногийн өмнө компанийн хувьцааг ямар нэгэн хэлбэрээр хөдөлгөхийг хориглодог. Гэтэл хувьцааныхаа 10 хувийг иргэддээ өгөөд л, Засгийн газар нь худалдаж аваад л, аж ахуйн нэгждээ буцааж худалдаад л байгаа энэ хөдөлгөөн нь цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдал үүсгэж магадгүй байна. Зөвлөх компаниуд нэрлэсэн үнийг парламент тогтоодоггүй гэж байгаа. Нэрлэсэн үнийг ямар ч компани тун багаар тогтоодог. Улмаар тухайн компанийн ирээдүйгээс хамаарч нэрлэсэн үнэ нь хэдэн зуу дахин өсөж болдог зах зээлийн хуультай. Гэтэл улс төрийн амлалттай холбоотойгоор нэрлэсэн үнийг сая төгрөгтэй дүйцүүлэх нь буруу.

УИХ-ын чуулганаар энэ асуудлыг шийдвэрлэвэл IPO гаргах асуудал хэр хойшлогдох юм?

-2012 оны тавдугаар сард IPO гаргана гэсэн үндсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ компанийн хувьцааны эзэмшилд өөрчлөлт ороод байвал цаг хугацааны хувьд хойшилж болзошгүй. Хэрэв амжуулъя гэвэл олон улсын хөрөнгийн биржүүдийн шаардлагад нийцсэн хувилбараар IPO хийнэ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж