Яагаад гэвэл хэн ч өнөөдөр 1072 ширхэг хувьцаа хэзээ, ямар үнэ хүрч болохыг хэлж чадахгүй байгаа. Бүр эдийн засагчид ч гэсэн. Ердөө л Тавантолгой дэлхийн хамгийн том уурхай болохоор хэзээ нэгэн цагт үнэ хүрч л таараа гэсэн өөдрөг итгэл, горьдлого л байгаа учраас. Өнөөдөр Оюутолгойгоор мөнгө босгож байгаа гээд буй дэлхийн 50 улсад салбартай “Айвенхоу майнз”-ийн хувьцаа өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний байдлаар 16.29 ам.доллар байлаа гэсэнтэй адилтгаад 1000 гаруй хувьцаагаараа үржүүлээд мөрөөдөөд үзвэл 16 мянга гаруй доллартай болчихож ч магадгүй юм шиг.
Мэдээж хэрэг өнөөдөр огт үйл ажиллагаа нь эхлээгүй /Зүүн Цанхид “Эрдэнэс Тавантолгой” өөрсдөө олборлолт хийж байгааг эс тооцвол/ стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил гацчихсан, дээрээс энэ жилийн тавдугаар сард багтаан олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, IPO хийнэ гэсэн биелэхэд төвөгтэй байсан төлөвлөгөө нь одоо бүр ч гацаж магадгүй байгаа Монголын төрийн өмчийн нэг компанийн “төрөөгүй” хувьцааг хөрөнгийн зах зээлийн “мангас”-уудын нэг “Айвенхоу майнз”-ийн хувьцаатай зүйрлэнэ гэдэг үнэхээр ч гэнэн хэрэг. Тэдний хувьцаа ч бас цагаа болохоор үнэ нь навсайтал унаж л байдаг. Гэхдээ л бас ийм хэмжээний компани болчих байх, үнэ нь унахгүй байх гэсэн мянган хувийн өөдрөг мөрөөдлийг танд өөрт чинь үлдээгээд арай ойрхноор Монголын хөрөнгийн биржийн ердийн хувьцааны үнэтэй харьцуулаад үзье л дээ. Ерөнхийдөө манай компаниудын нэрлэсэн үнэ 100 төгрөг байдаг гэдэгтэй харьцуулахад л газар тэнгэр шиг төсөөлөл харагдана л даа. Энд Монголын хөрөнгийн биржийн хувьцааны үнийг сануулсан нь ч бас нэг учиртай яг өнөөдөр УИХ дээр гар дүрэх гэж байгаа 39 дүгээр тогтоолын өөрчлөлтөөс болоод Тавантолгойн хувьцааг олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөө гацаж, Монголын хөрөнгийн бирж дээрээ эхлээд хувьцаагаа гаргаад, түүнийгээ багцлан Лондонгийн хөрөнгийн биржид гаргаж болох тухай хувилбар бас яригдаж байгаа. Бас л нэг зангууны үлгэр. Балчир гэж байнга “өхөөрдөг” Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад цааш нь… гээд найзыгаа аврах гэсэн шоргоолзны үлгэр дахиад л давтагдана. Сануулахад 39 дүгээр тогтоолыг өөрчлөн хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэхдээ нэрлэсэн үнэ гэсэн томьёоллыг хэрэглэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээлийн дүрэм журмыг зөрчиж, IPO гаргах ажлыг гацаагаад байгаа учраас нэг бол томьёоллыг өөрчлөх, сайнаар бодвол IPO гаргах хугацааг “бяцхан” хойшлуулах, цаашилбал Монголын хөрөнгийн биржээр дамжуулах “сонголт” л үлдээд байгаа талаар “АЭ” өмнө нь бас хөндсөн учраас энэ удаад үл нуршив.
Өнөөдөр хэн бүхэн 1072 хувьцаагаа нэрийн дансандаа хийгээд хадгалчих уу, нэг сая төгрөгөө авах уу гэж эргэлзэж байгаа учраас өөр хувилбаруудыг нь харах гээд үзье.
Хэзээ нэгэн цагт үүнээс ч илүү үнэ хүрэх байх гэсэн итгэл, горьдлогоо зориглон дараад нэг сая төгрөгөө авья гэвч энэ “зам” бас их ээдрээтэй. Засгийн газрынхны одоогийн тайлбараар бол хувьцааг нь гүйцэтгэх засаглалынхан бас нэг тусгай журам гаргаж өмнө нь 10 хувийг нэрлэсэн үнээр өгнө гэж молигодсон аж ахуй нэгжүүдэд худалдаад олсон мөнгөө иргэдэд эргүүлж өгнө. Яг л гахайд би боргоцой өгөөд, гахай надад хялгас өгөөд түүгээр би дээс томж найзыгаа аварна гэдэг үлгэр шиг. Учир нь хувьцаагаа өгөөд нэг сая төгрөгөө авч өгнө гэж бэлэн амласан эрх баригчид энэ мөнгийг нь энэ жилийн төсөвт суулгаагүй байгаа бөлгөө. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд 1072-хон хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авах эсэх нь тун ч тодорхойгүй. Хувьцаа худалдаж авна гэдэг мөрий тоглоомд бооцоо тавихаас шал ондоо зүйл учраас наад захын тооцоо судалгаа, үгүйдээ л зөв байх магадлалтай таамаглал хэрэгтэй. Гэтэл дээр дурдсанаар Тавантолгойн хувьцаа хэд хүрч өсч, эсвэл унахыг хэн ч хэлж мэдэхгүй байгаа. Тэр тусмаа санхүү балчир, санхүү, хөрөнгийн зах зээлийн туршлага дулимаг гэгддэг үндэсний аж ахуйн нэгжүүдийн хэд нь нэг хүний нэг багц хувьцааг нэг сая төгрөг буюу, нэг хувьцааг дунджаар 900 орчим төгрөгөөр хэдий хэмжээнийхийг худалдаж авах нь тун ч тодорхойгүй. Энэ бол ирээдүй нь тодорхойгүй битүү хувьцааны хувьд бол бас л өндөр үнэ. Тэр тусмаа дор хаяж хоёр сая орчим иргэн /сургалтын төлбөрөө авсан оюутнууд хийгээд, бэлэн мөнгө авах болсон хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хасаад/-ий багц хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүд худалдан авна гэдэг. Сонирхолтой нь, үндэсний нэгдэл байгуулан зоригтой дуу хоолойгоо илэрхийлж байсан аж ахуйн нэгжүүд амласан 10 хувиа хасч иргэдэд бэлэг болгох гэж буй энэ алхмыг хэрхэн хүлээж авч байгаа нь тодорхойгүй байна. Таамаглавал, үндэсний аж ахуйн нэгжүүдээ хорлолоо гэж түрхэрэлдэж баймаар атал тэд одоогоор ямар ч реакц илэрхийлээгүй л байгаа. Компаниуд хэрхэх нь тэдний хэрэг биз. Магадгүй “хоншоор”-той компаниуд сая саяар тоолоод иргэдийн хувьцааг худалдаад авчих ч юм билүү.
Ингэхэд маргаашийн өөхнөөс гэгчээр өнөөдөр Засгийн газрыг чих зөөлөнтэй байгаа дээр нь нэг сая төгрөгөө эртхэн авцгаах нь ч зөв юм уу, хэдүүлээ. Гэтэл дээр өгүүлсэнчлэн Засгийн газар компаниудад бидний хувьцааг худалдаад эргээд надад, танд нэг сая төгрөг өгөх гэсээр байтал “гайтай” сонгууль нь болж, өөр “засаг” гарч ирээд бүр нэг сая төгрөг ч үгүй, хувьцаа ч үгүй болчихвол бас яана аа.