Төрийн алба + Гэмт хэрэг = 700

Хуучирсан мэдээ: 2012.02.01-нд нийтлэгдсэн

Төрийн алба + Гэмт хэрэг = 700

Нэгэн сонирхолтой гэхээсээ сэрэмжлүүштэй судалгааг Улсын ерөнхий прокурорын газраас хийжээ. Зөвхөн өнгөрсөн оны байдлыг судалснаар та бидний олсон хэдээсээ өгч буй татварын мөнгөөр цалинждаг 140 мянга гаруй төрийн алба хаагчдын 700 нь гэмт хэргийн ертөнцөд “хөл тавьжээ”. Болхи би бээр, судалгаанаас 100 гэмт хэрэгтэн тутмын 2-3 нь төрийн албан хаагч байна гэдгийг харлаа. Эсвэл 200 төрийн албан хаагч тутмын нэг нь гэмт хэрэгтэн байж гэх ч юм уу. Харин та хэрхэн дүгнэх бүрэн эрхийн асуудал болой.

Тэдний дунд олны танил эрхэм ч, ор тас танихгүй хүн ч бий. Дуулиан тарьсныг нь тооцвол, АТГ-ын удирд­лагууд болох Ч.Сангарагчаа, Д.Сун­дуйсүрэн нар энэхүү 700 төрийн албаны гэмт хэрэгтэнд багтсан нь дамжиггүй. Тэднийг энэ жагсаалтаас хасвал 698 нөхөр үлдэнэ. Ашигт малтмалын газрын дарга /Сонгуульд нэр дэвших шалтгаанаар ажлаа өгөөд буй/ Д.Батхуягийг хасахаар 697. Түүнээс УИХ-ын Тамгын газ­рын Гадаад харилцаа, хамтын ажил­лагааны хэлтсийн зөвлөх Ц.Жар­галсайханыг хасчихвал 696. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Дорноговь аймгийн Засаг дарга Ц.Жанлав хоёрыг хасах хэрэгтэй. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэв­дорж, Б.Энххуяг, Б.Энхжар­гал, Ж.Ганбаатар, Б.Тогтохбаяр гээд таван эрхмийг хасвал 689 гарнаа даа. Үүнийг цааш нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баяр­сайханаар үргэлжүүлж, АТГ-ын Э.Амарбат, Ө.Алтангадас, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Говьсүмбэрийн Ж.Баянмөнх, Төв аймгийн шүүгч Д.Оюунжаргал нэмбэл 683 болно. Хүний нялх хүүхдийг насаар нь өрөөл татанхай болгосон хэрэгт холбогдоод байгаа Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Б.Одгэрэл, С.Очир гэсэн хоёр эмчийг орхигдуулж болохгүй. Энд УИХ хийгээд Засгийн газрын улс төрийн албан тушаалтнуудыг оруулсангүй. Мөсөн уулаар бол оройг нь дүрслэхийг оролдлоо. Ингээд нэрсээр нь үргэлжлүүлээд байвал толгой эргэж, дотор муухайрах шинжтэй, орхиё.

Хамгийн гол нь төрийн албан хаагчдыг “гэгээрүүлэх”, аливаа авлига, хэргээс урьдчилан сэргийлэх өчнөөн төсөл, хөтөлбөр, сургалт явуулж байгаа ч тэр хэрээр үйлдсэн, холбогдсон гэмт хэргийнх нь үзүүлэлт өсчээ. 2011 онд улсын хэмжээнд эрүүгийн 617 хэрэгт 700 төрийн албан хаагч холбогдсон гэдгийг эхэнд дурдсан. Үүнийг 2010 оныхтой харьцуулахад 84 хэргээр буюу 15.7 хувиар, гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагч 66-гаар буюу 10.4 хувиар тус тус өссөн аж.

Тэгвэл тэд ямар хэрэг үйлдэв

Судалгаагаар төрийн албан хаагчдын үйлдсэн нийт хэргийн 212 буюу 34.3 хувь нь хөнгөн гэмт хэрэг аж. Ийм төрлийн гэмт хэрэгт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, 5-10 хоног албадан саатуулах, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн ахуйн хийгээд хулгай гэх мэт хохирол бага хэрэг ордог аж.

309 буюу 50 хувь. Энэ бол төрийн албаны хүндэвтэр гэмт хэрэгтний тоо. Хүндэвтэр гэхээр ямар ял оноох вэ гэж үү. Түүнд нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 10-21 хоног албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байх юм. Хар ухаанаар бодвол өмнөхөөсөө арай илүү хохирол учруулсан гэх юм уу даа.

Харин хүнд гэмт хэргийг 79 төрийн албан хаагч үйлдсэн байх юм. Энэ 79 нөхөрт хуульд зааснаар ямар ял ногдох вэ гэхээр, нэг бол 30-60 саяар торгосон, эсвэл  таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдсон гэсэн үг. Нэлээд их хэмжээний хохирлыг улс болон иргэдэд учруулж гэж ойлгоорой. 

17 буюу 2.7 хувь. Энэ тоог сайн цээжлэх хэрэгтэй. Энэ хүмүүс яасан бэ гэхээр 15-25 жил хорих ялаар шийтгүүлэхүйц ноцтой гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагч юм. Зарим тохиолдолд цаазын ял сонсох хэмжээний хэрэг үйлдсэн гэсэн ч болно. Азаар манай улс цаазаас татгалзахаар зориг шулуудаад буй.  

Эмэгтэйчүүдийн оролцоо 30 дөхөв

Удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж сүүлийн арваад жил ярьсан. УИХ-аас эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр намууд санал нэгдээд буй энэ мөчид төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн гэмт хэргийн оролцоо ч дагаад өсчээ. Гэмт хэрэгт холбогдсон 700 төрийн албан хаагчаас 180 нь эмэгтэй байна. Ингээд бодохоор гэмт хэргийн ертөнцөд ч эмэгтэйчүүдийн оролцоо 30 хувьд дөхөж байгаа юм.

Хүчний байгууллагынхан “толгой цохив”

Ойролцоогоор өнгөрсөн онд гэмт хэрэгт холбогдсон арван төрийн албан хаагч тутмын нэг л хорих ялаар шийтгүүлж буй аж. Тэгвэл цэрэг, цагдаа гэх мэт хүчний байгууллагын болон төрийн үйлчилгээний нөхдүүд гэмт хэрэгт хамгийн ихээр холбогдож байна. Магадгүй эрүүдэн шүүх, эмч нарын бусдыг хохироох явдал  буурахгүй байгаа бололтой. Учир нь хүний амь, эрүүл мэндийн эсрэг 243 гэмт хэргийг тэд үйлджээ.  

Харин араас нь төрийн захиргааны албан хаагчид жин дарсан нь анхаарууштай үзүүлэлт. Төрийн болоод иргэдийн өмчийн эсрэг гэсэн ангилалд 95 хэрэг багтсан байна. Магадгүй иргэдийн газрыг эрх мэдлээ ашиглан булаасан, төрийн өмчийг хууль бусаар хувьчилсан хэргүүд үүнд орсон бололтой.

Төрийн албаны 20 гэмт хэрэг тутмын нэгийг нь улс төрийн албан тушаалтан үйлдсэн гэдгийг бас анзаарах хэрэгтэй. Албан тушаалаа урвуулан ашиглан улсын хөрөнгө шамшигдуулсан, авлига авсан гээд шуугиад байдаг албан тушаалын хэрэг 67 удаа гарсныг тогтоожээ. Илрээгүй, мэдэгдээгүй хэрэг байж болзошгүй учраас тогтоожээ гээд байгаа юм.

Шулуухан хардчихад авлигын хэрэг аль ч шатанд гаарч буй бололтой. Ялангуяа төрийн үйлчилгээ, хууль сахиулагчдын төвшинд авлига аалзны тор бус тросс болоод буй бололтой. Авлигын индексээрээ ухраад байсан нь ийм учиртай юмсанж.

Тэднийг тэжээсээр байх уу…

Ийм байдлаар төрийн ал­бан хаагчдын гэмт хэрэг өсч бай­на. Энэ янзаараа бол 20 жилийн хугацаанд нийт 140 мян­ган албан хаагч гэмт хэрэгт холбогдож магадгүй нь. Тийм байтал Төрийн албаны зөвлөл юу хийгээд байна вэ. Төрийн албан хаагчдын гэмт хэргийг бууруулах тухай төдийлөн ярих дургүй нь нууц биш. Ха­рин ярих дуртай сэдэв нь цалин нэмүүлэх. Бүр 2-3 дахин нэмүүлэхээр ажил хаяж байна. Өнөөдөр бизнес эрхэлдэггүй хэрнээ үүрэн холбооны хамгийн үнэтэй дугаарыг ашиглаж, том том жийп хөлөглөх болсон тэд цалин багатай хэрнээ яагаад цатгалан амьдраад байна вэ гэдгийг бодолцох цаг болж. Бас­хүү иргэд улам бүр ядуурч бай­хад тэд хэдэн зуугаараа ир­гэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй нь манайд ямар хууль үйлч­лээд байгааг гэрчлээд өгнө. Ий­мэрхүү л байдлаар мөсөн уулын зөвхөн оройн хэсэг хараг­даж байна. Доошлох тус­маа өргөжиж, улам томрох нь тодорхойгоос тодорхой аж­гуу, сэрэмжилтүгэй л гэхээс. Бид гэмт хэрэгтнүүдийг цалин­жуу­лах гэж татвар төлдөг гэж үү.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж