Энэхүү Своп болон форвард хэлцлийн тухай Монгол банкны валют эдийн засгийн газрын санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас тодрууллаа.
-Своп болон форвард хэлцэл өнөө цагт үнийн хөөрөгдлөөс аврах нэгэн гарц гэж ойлгож болох уу. Ер нь одоо цагт эдгээр хэлцлүүдийн тухай яригдаж эхлэх болсон нь юуных бол?
-Нээрэн л аврах гарц юм л даа. Валютын своп болон форвард хэлцэл нь ирээдүйд чангарах мөнгөний ханшийг гар дээрээ эргэлдүүлж байна гэсэн үг шүү дээ. Өмнөх жилүүдэд валютын ханш харьцангуй тогтвортой байсан үед ил яригдаж эхлээгүй нь тодорхой. Ингэж валютын ханш тогтвортой байхад их бага хэмжээний зардал гарахад аж ахуй нэгжүүд дурамжхан байсан. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд ханшийн хөдөлгөөн их болоход хэлцэл хийх сонирхол их болсон. Мэдээж ирээдүйд энэнээс ч их өсөх нь үл мэдэгдэх валютын ханш хэзээ мөдгүй хаалга тогшин орж ирэхэд ядаж өнөөгийн байгаа үнээр хэн ч авахыг хүснэ шүү дээ.
-Аливаа бараа бүтээгдэхүүн импортлон оруулж ирж байгаа аж ахуй нэгжүүд болон арилжааны банкуудад Монгол банкны зүгээс шаардлага хүргүүлсэн үү?
Монгол банкны зүгээс ямар ч аж ахуй нэгжүүдийн дотоод асуудалд орох эрх байхгүй. Тийм газар даатгуул, эрсдлээс тэгэж хамгаалах ёстой, хямралаас гарахын тулд тийм бүтээгдэхүүн хэрэглэ гэж шаардах эрх байдаггүй юм. Үндсэндээ зөвлөнө гэсэн үг. Энэ хэлцлүүдийн тухайд ч гэсэн бид аж ахуй нэгжүүд арилжааны банктайгаа зөвшилц, түүний тулд мэдээлэл өгөх, холбож өгөх иймэрхүү ажлыг эрх үүргийнхээ дагуу хийж байна. Өөрөөр хэлбэл бидний хувьд зөвхөн арилжааны банкуудыг хянаж, зохицуулах, энэ үүднээсээ ханшны өсөлтөөс хамгаалах бүтээгдэхүүнийг харилцагчдад илүү мэдээлэл өгөөч ээ, хэрэглээндээ нэвтрүүлээч ээ гэдгийг зөвлөж байгаа.
-Олон улсад иймэрхүү хэлцлүүдийн ижил бүтээгдэхүүнүүдийг ихээхэн ашигладаг гэсэн?
-Ерөнхийдөө олон улсын төвшинд гэвэл бүх төрлөөр үйл ажиллагаа эрхэлж, зах зээлийн харилцаанд ордог компаниуд эрсдлээс хамгаалсан бүтээгдэхүүн ашиглаад явдаг. Жишээ нь нефть олборлогч аж ахуй нэгж, нефтийн цэвэршүүлэлтийн ажил хийдэг газрууд борлуулах талаасаа, үнэ уначих вий гэж нефть рүү чиглэсэн ханшийн эрсдлээс хамгаалсан байна. Ер нь гадны орнууд бүгд эрсдлээ хамгаалсан байдаг. Манайх шиг зах зээл бага байгаа улсууд учир дутагдалтай байна. Манайх эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүнийг оруулж ирээд бүтэн нэг жилийн нүүрийг үзэж байгаа ч ашиглалтын тал дээр муу байна . Гэхдээ бид энэ тал дээр нааштай алхмуудыг хийж байгаа гэж бодож байна.
-Монгол банкны зүгээс арилжааны банкийг аливаа аж ахуй нэгжтэй холбож өгөхийн тулд тухайн банкийг хэрхэн сонгох шалгуур бий юу?
-Бид эхлээд өөрсдийнхөө үйл ажиллагааны, хамтран ажиллах нөхцлийг тавьдаг. Тухайн нөхцлийг хангасан газруудтай чөлөөтэй харьцаж байна. Тухайлбал гадаад төлбөр тооцооны зөвшөөрөлтэй, хөрөнгөний хэмжээ заавал байлгах нөөцөө хангасан байх, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай байх ёстой зэрэг нөхцлүүд бий л дээ. Мөн манай банкинд тодорхой хэмжээний байвал зохих мөнгөх хуримтлалтай байхад чөлөөтэйгээр дээр өгүүлсэн своп болон форвард хэлцлийг хийх боломжтой. Одоогийн байдлаар манай банк Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн, Хадгаламж, Хас, Төрийн, Улаанбаатар хотын банк зэрэг эдгээр долоон банктай хамтарч, энэхүү гэрээ хэлцлийг үйлчилгээнд нэвтрүүлж хэвшүүлэхээр ажиллаж байна.
Тайлбар
Своп хэлцэл: тухайн өдрийн ханшаар валют худалдан авч, худалдаад, ирээдүйн тохиролцсон ханшаар мөн худалдах болон худалдан авах арилжааны хоёр хэлцлийг хэлэх ажээ.
Форвард хэлцэл: талуудын хэлцлийн дагуу валютыг тохирсон үнээр тодорхой хугацааны үнээ дараа худалдах болон, худалдан авах. Өөрөөр хэлбэл ирээдүйд гүйцэлдэх далд хэлцэл ажээ. Хэлцэл хийж байсан тухайн үеийн ханшийг ирээдүйд хадгалж үлдэх.