Тэрбээр Монголын түүхийг Манжийн үеийн, Богд хаант засгийн үеийн, социализмын үеийн гэсэн гурван хэсэгт бүлэглэн хувааж тухайн цаг нийгмийн онцлог хийгээд Монгол хүний үнэ цэнэ ямар байсан талаар сонирхолтойгоор тайлбарлалаа. Тухайлбал Манжийн үед монголчууд цэрэг, Богд хаант засгийн үед лам, социализмийн үед дарга гэсэн нийгмийн байр суурьтай байсныг онцолж орчин цагийн Монгол хүний байр суурь, үнэ цэнэ ямар байх, Монгол Улсын хөгжлийн чиг хандлага хэрхэн хөгжвөл зохих талаар илтгэлдээ дурдлаа.
Монгол Улсын хувьд 1931 онд бий болгосон засаг захиргааны бүтэцтэйгээ өнөөг хүрчээ. Энэ нь хөгжлийн чөдөр тушаа болж буйг тодотгосон. Тухайлбал Улаанбаатар хотод өнөөдөр 1.1 сая иргэн амьдрах болж, тэр хэрээр хөдөө нутаг эзгүйрсэн нь энэхүү засаг захиргааны хуучирсан бүсчлэлтэй холбоотой гэнэ. Хөдөө нутаг эзгүйрээд байхад Монголын төр засаг захиргааны бүтэцдээ шинэчлэл хийдэггүй. Тэгсэн хэрнээ төсвийн өч төчнөөн тэрбум төгрөгийг хөдөөд цацдаг. Энэ нь хүндээ хүрдэггүй. Тодорхой жишээ гэвэл хөдөөгийн дунд сургууль 3-5 сурагчтайгаар хичээллэж байхад нийслэлийн дунд сургуулийн нэг ангид 40 гаруй хүүхэд суралцдаг. Хүн амын нягтрал нь хот, хөдөөд ийн ялгаатай байхад хотдоо хөрөнгө оруулалт хийдэггүй. Мөн 21 аймгийн нэг хүнд ногдож байгаа ДНБ, хуримтлал зэрэг ялгаатай байгааг судалгаагаар харуулсан юм. Баян-Өлгий аймгийн иргэд бол баялаг бүтээдэггүй учраас нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага буюу 563 ам.доллартай тэнцдэг байна. Гэвч нэг хүнд ногдож буй хадгаламж буюу хуримтлал нь бусад аймгуудынхаас хамгийн өндөр. Тэгтэл хамгийн их баялаг үйлдвэрлэдэг Орхон аймгийнхны хувьд нэг хүнд ногдох ДНБ нь 7339 ам.доллар, харин хадгаламж буюу хуримтлал нь маш бага. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Орхончуудын хувьд үйлдвэрлэсэн баялаг нь гадагшаа урсдаг. Харин Баян-Өлгий аймгийнхны хувьд хэдийгээр баялаг үйлдвэрлэдэггүй боловч иргэд нь хэзээний зах зээлд шилжиж бие даан худалдаа эрхэлдэгтэй холбоотой. Тиймээс тус аймагт хил орчмын худалдаа өндөр хөгжсөн. Нөгөөтэйгүүр, гадагшаа асар их явдагтай холбон тайлбарлаж байна.
Түүний үзэж буйгаар энэ бүхэн нь монголчууд өнгөрсөн хугацаанд 1931 онд хуваарилсан захиргааны бүтцээрээ явж ирсэнтэй холбоотой. Тиймээс хүндээ наалдацтай эдийн засгийн өсөлт бий болгоё гэвэл зах зээлийг нь чөлөөт болгох, аль аймагт ямар үйлдвэрлэл хөгжүүлэх нь иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх вэ гэдгийг нарийн тооцож гарган хөгжлийн концепцыг зураглах нь ирээдүйд хамгийн их өгөөж авчрах боломтой аж. Ийм ч учраас Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Монгол Улсыг хуучин засаг захиргааны бүтцээр нь биш, эдийн засгийн бүтцээр нь зургаан бүсчлэлд хувааж, аймаг орон нутгийн бие даасан байдлыг хангаж 330 сум, 330 аж ахуй нэгж гэсэн байдлаар хөгжүүлэх боломж байгааг тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл нэг аймаг, нэг сумын хүрээнд бус, глобальчлагдсан дэлхийд зориулж бодлогоо төлөвлөх ёстой аж. Зөвхөн зүүн бүсийн аймгууд гэхэд хил орчмын нутгуудын хүн амын эдийн засгийн багтаамжийг харгалзаж, тэнд нь хичнээн хүнд зориулагдсан мал аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн хэрэгтэй байгааг тооцоолж үйлдвэрлэх гэх мэтээр бүс бүсүүд өөр өөрийн онцлогтой хөгжих юм. Ингээд баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд хамаарч мал аж ахуй, уул уурхай хөгжүүлэх боломжтой. Алтайн бүсэд Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгууд аялал жуулчлал, мал аж ахуй хөгжүүлэх бололцоотой бол Хангайн бүсэд аялал жуулчлал, мал аж ахуй, Төвийн бүсэд Төв, Сэлэнгэ, Булган аймгууд хамаарч хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлнэ. Говийн бүсэд Дорноговь, Дундговь зэрэг аймгууд хамаарч уул уурхай, аж үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой. Харин зүүн бүсэд аж үйлдвэр, мал аж ахуй хөгжүүлэх боломж бололцоо байгааг тэрээр тооцоо судалгаан дээр үндэслэн тайлбарлалаа.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн Д.Эрдэнэбатын хувьд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээр 21 аймгийн амьдрал ахуйтай газар дээр нь очиж танилцаж иргэдийнхээ амьдралтай танилцсан гэдэг утгаараа хөгжлийн шинэ хандлагын талаар ийнхүү хөндсөн юм. Харин түүний дараа Яаралтай түргэн тусламжийн эмч С.Гончигсумлаа “Эрүүл чийрэг Монгол хүн” сэдвээр илтгэл тавьж эрүүл мэндийн салбарын тогтолцоо, механик, одоо байгаа байдлыг илүү боловсронгуй болгох талаар илтгэлээ.