Ё.Отгонбаяр хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр хуулийн төсөл өргөн барив

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-д  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа.

Соёлын өвийг  хамгаалах тухай хууль 2001 онд батлагдсанаас хойш Монгол Улс НҮБ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагын  хэд хэдэн Конвенцид нэгдэн орсон учир соёлын өвийг хамгаалах талаар чанарын өөрчлөлтийг хийж эрх зүйн орчноо сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа билээ. Хуулийн төсөлд соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, ангилал тогтоох, археологи, палеоантропологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгаж, шинэ ойлголтууд  бий болсонтой холбогдуулан "Соёлын өв”, “Соёлын биет болон биет бус  өв”, “Хөдлөх дурсгал”, “Үл хөдлөх дурсгал”, “Дэлхийн өв”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ” зэрэг нэр томьёог оруулсан байна.

Монгол Улс одоогоор НҮБ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагын  Дэлхийн биет бус соёлын өвд  уртын дуу, хөөмий,  тууль,  эрийн  гурван наадам зэрэг арав гаруй зүйлсийг бүртгүүлээд байгаа юм. Харин  “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дарс, пивонд онцгой албан татварын наалт нааж тэмдэгжүүлэх, хяналтыг сайжруулахаар тусгасан байна. Ингэснээр дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж байгаа архи, пиво, дарсыг бүртгэлжүүлэх, онцгой албан татварын ноогдуулалт, төлөлтөд тавих хяналтыг сайжруулан эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг ханган, хууль бус худалдааг зогсоох болно хэмээн үзэж байгаа аж.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж