Шинэ зууны Ардын засаг

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Шинэ зууны Ардын засаг

Шинэ зууны Ардын намаар сүүлийн үед сонин хачин дүүрэн байна. Нэрэндээ 86 жил зүүсэн “Х” үсгийг 2010 оны арваннэгдүгээр сард халж, ХХ зууны эхэн үеийн МАН нэрээ авснаас хойш шинэ зууны Ардын засгийг дагнан тогтоогоод нэг долоо хонох шахаж байна. МАХН нэрээ халахдаа “Ардын нам, Ардын засаг мандтугай” гэж уухайлцгааж байсан нь өнөөдөр ёсоор боллоо.

Ямар ч гэсэн Ардын засгийн анхны хурал өчигдөр болсон. ХХ зууны 1924 оны намар Ардын нам гэдэг нэрээ гээснээс хойших, 2010 онд уугуул нэрээ сэргээсний дараах  Ардын засгийн анхны хурал 88 жилийн дараа болсон гэсэн үг. Өнөөдөр Ардын засгийнхан дэд сайдуудаа томиллоо. Тэгэхдээ жендэрийн мэдрэмж гаргаж, хоёрын зэрэг бүсгүй дэд сайдтай болов. БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа, ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав нар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай нийлээд гурван эмэгтэй дэд сайдтай болж байгаа юм. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны залуус сайдын “марафон”-д оролцохгүй хэмээн залуучуудын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан ч Г.Тэнгэр, Н.Номтойбаяр нар дэд сайдын суудлаас шүүрээд авлаа. МАН-ын залуус дарга нараа хөөрхөн “шаналгадаг” Залуучуудын хороо хүртэл байгуулж албан тушаал ахих санаатай хэмээгдэж байсан нь оргүй биш бололтой.
Гэхдээ дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын суудал ирээдүйд том улс төрд хөл тавих гараа болдог. Тэр ёсоор Н.Номтойбаяр, Г.Тэнгэр нар улс төрийн ертөнцийн үүдний өрөө рүү амжилттай нэвтэрлээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд Гадаад хэргийн дэд сайд, эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаас том улс төрд гарч ирэх оноогоо цуглуулсан. Тухайн үед МАХН-ын шижигнэсэн дэд сайдууд гэж нийгэм тэднийг хүлээн зөвшөөрч байсан. Түүн шиг МАН-ын шинэ үеийн түрүүч галт тэргэндээ суулаа.

Эндээс МАН-ын нэг сайн чанар анзаарагддаг. МАН боловсон хүчнээ үе таслалгүй бэлтгэдэг уламжлалаа 90 жилд огт халаагүй юм. 1990-ээд оны дунд үеэс авч үзэхэд 1997 онд 39 настай байсан Н.Энхбаяр МАХН-ын дарга болж, түүний үеийнхэн болох Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, С.Баяр нар улс төрд өнгөлөн гарч ирсэн. Тэдний дараа үеийнхэн М.Энхболд, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, тэгээд У.Хүрэлсүх, Э.Мөнх-Очир, Г.Занданшатар, араас нь Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар гээд явж байна. Одоо харин Н.Номтойбаяр, Г.Тэнгэр, Л.Оюун-Эрдэнэ нарын ээлж гараагаа эхэллээ. Тэд бол Ж.Энхбаяр нарын үеийнхэн. Г.Тэнгэр бол У.Хүрэлсүхтэй ойролцоо. Тун удахгүй 1980-аад оныхон цувааг залган орж ирнэ.

Сайдаар гэхэд Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар гээд залуусаа томиллоо. Нийслэлийн захиргаа, дэд сайдын суудал МАН-ын боловсон хүчнийг дээш гаргадаг, олонд таниулдаг хамгийн сайн сургууль болдог.

Харин АН-д боловсон хүчний энэ сайн чанар үгүйлэгддэг. Ердөө л ардчиллын алтан хараацайнууд их улс төрд элин хальсаар өвгөн бүргэдүүд болж буй. Тэд араасаа ангаахай дэгдээхэй дагуулахаа мэдэхгүй. Ойр дагах гэснийг нь далавчаа дэвээд үргээчихнэ. Тэгэхэд “Айлын  хүүхэд ийм сүрхий” гэгчээр МАН-ын залуус дэд сайдын суудлаас өдөлж их улс төрд залуухан бүргэдүүд болон орох гараагаа эхэлж байна. МАН-ын боловсон хүчний бодлогын нэг сүрхий зангилаа ойрын өдрүүдэд харагдаж буй нь энэ. АН-ынхан болохоор “Та нар яагаад туршлага муутай нөхдийг оруулж ирэв” гэж гоочлох янзтай байсан шүү. МАН-ын Засгийн газар буюу шинэ зууны Ардын засаг шижигнэсэн залуусаар бүрдэж байна. Одоо нийгмийг сүрхий сөхрүүлж байгаа үнийн өсөлтөө дараад авбал Ардын засгийн анхны гавьяа тэр болно.

МАН их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 119 жилийн ойн өдөр бага хурлын дөрөвдүгээр хуралдаанаа хийхээр товлолоо. Түүгээр Монгол Улсыг 2011-2031 онд хөгжүүлэх 20 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж батлахаар боллоо. МАН-ын дарга С.Батболд улс төрийн илтгэл тавьж, түүний дараа хөгжлийн хөтөлбөрөө нээлттэй хэлэлцэхээр шийджээ. Нэг сумаар хоёр туулай гэгчээр тэр хөтөлбөрөөсөө он оноор нь сугалж аваад л сонгуулийн мөрийн хөтөлбөр босгож болохуйц шийдсэн байгаа юм.  Ардын нам, ардын засгийн сүүлийн үеийн сонин иймэрхүү байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж