Тегераны цөмийн хөтөлбөрөөс татгалзуулах зорилготой АНУ, Европын холбооны эдийн засгийн хоригийг Энэтхэг буруушааж, тус улсаас импортолдог нефтийн хэмжээг багасгахгүй гэж мэдэгджээ. Ираны эсрэг эдийн засгийн хориг тавихыг эсэргүүцэж буй улс зөвхөн Энэтхэг биш бөгөөд ОХУ, Хятад ч мөн ийм байр суурьтай байгаа билээ. Энэтхэгийн Сангийн сайд Прахаб Мукержи Чикагогийн “Сандэй” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэтхэг улс Иранаас импортолдог нефтийн хэмжээг багасгах боломжгүй. Иран бол манай гол түнш орнуудын нэг” гэж ярьжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолж буйгаар өнгөрсөн оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Энэтхэг, Хятад улс Иранаас импортолсон нефтийн хэмжээ тус улсын нийт экспортын 34 хувийг эзэлж байжээ. Хэдийгээр энэ мэдээ Ираны эрх баригчдын баярлуулах нь тодорхой боловч Хятад, Энэтхэг улс АНУ болон өрнөдийн орнуудын эдийн засгийн хоригийг давж, Ирантай нефтийн худалдаа хийх нь тодорхойгүй байгаа юм. Европын холбоо өнгөрсөн долоо хоногт Ираны Төв банкны үйл ажиллагааг зогсоох зорилготой эдийн засгийн хоригоо чангатгасан байна. Иран эрчим хүчний том хэрэглэгч Хятадын нефтийн хэрэглээний зургаан хувийг, Энэтхэгийн нефтийн есөн хувийг хангадаг аж. Иран өдөрт 2.5 сая баррель газрын тос олборлож, дэлхийн нефть хэрэглээний гурван хувийг хангадаг. Иран Европын холбооны орнууд руу өдөрт 500,000 баррель нефть экспортолдог бөгөөд үлдсэн хувийг нь Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос руу нийлүүлдэг байна.
Н.Энх