-Дэд сайдуудыг дөнгөж сая томиллоо. Дэд сайдуудыг нэр дэвшүүлж томилохдоо яг ямар шалгуурыг үзүүлэлт болгосон юм бэ?
-Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар өмнө нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан зургаан дэд сайдыг ажлаас нь чөлөөлсөн Засгийн газрын тогтоол гаргалаа. Үүнээс гадна орон тоо нь гараад байгаа дэд сайдын оронд тухайн асуудлыг эрхэлсэн сайдынх нь саналыг үндэслэн Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд зургаан сайдын нэрийг оруулж ирж дэвшүүлж, томиллоо. Дэд сайдын орон тоо бол улстөрийн томилгоо гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ дээр тухайн салбартаа дэмжлэг үзүүлэх, одоо хэрэгжээд явж байгаа ажлуудыг цаашид гүйцээх, улстөрчийнхөө хувьд танигдсан байдал, улстөрийнхөө үйл ажиллагаа мөн салбартайгаа уялдуулж явж байсан байдал гээд олон шаарадлагуудыг харгалзан үзэж томилгоог хийлээ. Ингээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар П.Баянмөнхийг томиллоо. Энэ салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай залуу. Гадаад хэргийн дэд сайдаар Г.Тэнгэр гээд МАН-ын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дарга байсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар Н.Номтойбаярыг томиллоо. “Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд орон нутгуудаар явж, энэ салбарт чухам юуг хийвэл хэрэгтэй вэ гэдгийг сонсож байсан, улстөрчийнхөө хувьд танигдсан, нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн залуу гэдгийг хэлмээр байна.
Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдаар тухайн салбарынхаа агентлагийг удирдаж олон жил ажиллаж байсан Б.Цэнгэлийг томиллоо. Боловсролын дэд сайдаар Г.Ундармааг томилсон. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар Ц.Гарамжавыг томиллоо. Ц.Гарамжавын хувьд тухайн салбартаа хувийн хэвшил эрхэлж байсан, энэ салбарын хувьд хууль эрх зүйн хувьд ямар байх ёстой, Монгол Улсын эрх ашигт яаж нийцэх вэ, гадаадын хөрөнгө оруулагчдад хэр нөлөөлж байдгийг сайн мэдэх хүн гэж үзэж томиллоо.