Хориод жил мянгатаа хадгалсны дараа

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Хориод жил мянгатаа хадгалсны дараа

Ерээд оны эхээр Дундговьд анхны Ардын аж ахуйтан бий болов.  Нэгдлийн дарга нар сандралдаж өмч хөрөнгө, мал ахуйгаа хуваах, хувьчлах гээд бөөн бужигнаан. Энэ дунд хэзээний дуу цөөнтэй Донторын Дүгэр  хүлээзнэх, харзнах байр суурьтай л байж. Энд тэнд нэгдэл тарж мал хувьчлагдлаа. “Хувьд очсон мал нэг шуурганд л дуусна” “Зарж үрээд дуусгачихна, тэгээд модоо барина” гэлцэн муу амлах хүн ч зөндөө. Энэ бүхнийг сөрж хувьд авсан  хэдэн малаа төлөөр нь өсгөөд 1994 онд аймагтаа анхны “Мянган  малтан” цол хүртсэн. Анхны мянгат хүндтэй ч байж. Донторын Дүгэр “Мянган мал тоолуулж гэнэ” гэсэн яриа аймгаар нэг тарав.  Зарим нэгдэл тарж ч чадаагүй бужигналдаж байсан үед тэр шүү дээ.  Ингээд 18 жил “Мянгатаа” хамгаалсан ч аймаг, сумын сайн малчнаас дээш цол хэргэм хүртэлгүй өнөө хүрч. Сүүлдээ мянгатууд олширч мянгатын үнэ хүнд ч яригдах нь цөөрч. Анхны мянгат ч бараг мартагдсан бололтой. Харин Дүгэр энэ байдалд ер эмзэглэсэнгүй. “Би малчин заяанд төрсөн хүн. Малаа сайн маллаж байхад болно доо” гэх амгалан дотортой нэгэн. Эхнэр С.Оюун нь “Отор нүүдэл гээд л явна. Зургаан жил нутгийнхаа барааг харсангүй. Улс орны энэ олон цол хэргэмийн зах зухаас энэ хүнд ногддоггүй л юм байлгүй” гэж  уржнан уулзахад ярьж байсан. Энэ яриаг сонсоод “Нээрээн аймаг орон чинь  анхны мянгатаа мартчихсан юм биш байгаа” гэж бодогдож билээ.

Дүгэрийн хонь урин дулааны цагт хаа таарсан газраа хоноглоно. Хотондоо ирнэ гэж ховордоо. Тэгэж байж сайн тарга авдаг гэнэ. Тарга олон үе шаттай. Өвлийн эхэн сар гартал  таргална. Олон мал төллүүлнэ гэдэг хүн бүл цөөн айлд хүнд ачаа, хүчир ажил. Тэгэхлээр төллөх  малаа зуу зуугаар нь таслаад мал цөөтэй  хоёр ч айлд маллуулчихаж. “За онд бүрэн оруулаад төлийг нь өөрсдөө аваарай” гэхлээр айлууд хачин өөриймсөг малладаг.  Сайн ажилласан нь малынхаа тоог зуугаар нэмчихээд намар манай зуун хонийг туугаад ирнэ шүү дээ. Ер нь нэг хотонд мянгаас олон мал байх хэцүү. Тэгэхлээр энэ мэт арга хэрэг болдог юм  гэж Дүгэр ярьж байна,

Отор нүүдэл хийж Дорноговийн Айраг, Даланжаргалан, Төв аймгийн Баяцагаан гээд их явжээ. Отроос олз нь малаа таргалуулна. Харин гарз нь машины бензин тосноос эхлээд их. Бэлчээрийн бүтцэд их анхаардаг. Өлдөөд толгой гудайчихсан эр хонь  бударгана тавиад өгөхөд хэд хазаад л сэхэж сэрвийгээд ирдэг аж. Цас боочихсон нутагт машинаараа  мөр гарган хонио бэлчээрт гаргах үе олон. Цаг хүндрээд ирэхээр ямаа хотондоо дарагдлаа гэдэг. Энэ бол сүргийн бүтцэдээ анхаараагүйх. Ямаа олон бол дарагдаж л таарна. Хонь нь олон бол ямаа нь хониныхоо голд ороод хэвтчихдэг. Хонь, ямааны харьцааг хотондоо зохистой харьцаанд барьдаг нь Дүгэрийн нэг гол арга юм.  Өвөлд хүү Мэндбаяр нь адуу, үхрээ аваад оторт гарчихдаг. Дүгэр эхнэртэйгээ мянган хонио онд оруулах ажлыг үүрнэ.  Ийм аргаар хориод жил мянгатаа хамгаалсан Донторын Дүгэр гэж хэн вэ. Уугуул нутаг нь Дундговийн Говь-Угтаал сум. Арван тавтайдаа “Шаалай” Дамбийнямын “Ямааны” төлөө бригадад орж ямаачин болсноор бие даасан ажил хөдөлмөрөө эхэлсэн намтартай.  Ардын цэргийн албыг гурван жил хаасан. Бусад үед малаа маллласан малчин заяатай нэгэн. Наяад оны эхээр зэргэлдээ Гурвансайхан суманд шилжжээ. Шилжихэд бас сонин.  Хөрш сумаасаа эхнэр аваад шилжих гэтэл явуулдаггүй ээ. Сум, нэгдлийн дарга Б.Батмөнх, бригадын дарга Галсандорж нар  бүр бөөн яриа болгож эцэстээ Гурвансайхан сумтай хүргэн, бэрийн солилцоо хийж наймаалцснаар нэг тийш шийдсэн түүхтэй.  Гурвансайханы Чулуут бригадаас нэг айлыг Говь-Угтаалын Ажирхайд  хүргэн болгон шилжүүлснээр  оронд нь Дүгэр Гурвансайханы хүргэн болон очиж дээ. Аймгийн анхны “Мянгат” маань энэ хориод жил аймгийн хоёр удаагийн сайн малчин болж  сая “Монгол улсын сайн малчин” гэдэг хүндтэй алдар цол хүртсэнээ радиогоор сонсож сууна.  Ирэх  цагаан сарын шиний нэгнийг угтуулан  хэн гэгч сайд дарга нь сайн малчны шагналыг гардуулахаа  олон бараа бологчоо дагалдуулан сүр дуулиантай давхин ирдэг юм бол доо.

С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж