700 төрийн албан хаагч хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

700 төрийн албан хаагч хэрэгт холбогджээ

Улсын Ерөнхий прокурорын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаар зарлигаар баталсан "Үндэсний аюулгүй байдлыг мэдээллээр хангах журам"-ын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг болоод цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан судалгаа, мэдээлэл зэргийг 2011 оны байдлаар улсын хэмжээнд нэгтгэж  гаргажээ.

Улсын хэмжээнд 617 эрүүгийн хэрэгт 700 төрийн албан хаагч холбогдон шалгагдсан нь улсын хэмжээнд гарсан нийт хэргийн 2.6 хувийг эзэлж байна. Гарсан гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хэргээр буюу 15.7 хувиар, гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагч 66 хүнээр буюу 10.4 хувиар тус тус өссөн байна. Төрийн албан хаагчдын үйлдсэн хэргийг хэргийн ангиллаар авч үзвэл 212 буюу 34.3 хувь нь хөнгөн гэмт хэрэг, 309 буюу 50 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг, 79 буюу 12.8 хувь нь хүнд гэмт хэрэг, 17 буюу 2.7 хувь нь онц хүнд гэмт хэргийг үйлджээ. Гэмт хэрэг үйлдэгсдийн 538 буюу 76.8 хувь нь эрэгтэй, 180 буюу 23.2 хувь нь эмэгтэй төрийн албан хаагч байжээ.  Төрийн албан хаагчдаас хорих ялаар 65, хорихоос өөр төрлийн ялаар 58 албан хаагч шийтгүүлсэн байгаагийн 29 нь хорих ялыг биечлэн эдэлсэн байна.

Нийт гэмт хэрэгт холбогдсон хүний 243 буюу 34.7 хувь нь төрийн тусгай албан хаагч, 144 буюу 20.5 хувь нь төрийн захиргааны албан хаагч, 39 буюу 5.5 хувь нь улс төрийн албан хаагч, 278 буюу 45 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа нь судалгаагаар  гарчээ.  Судалгааны дүнгээс үзэхэд Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 33 хүн, Дорноговь аймагт 35, Сэлэнгэ аймагт 34, Ховд аймагт 36 хүн, нийслэлд 179 төрийн алба хаагч гэмт хэрэгт тус тус холбогдсон бол Сүхбаатар аймагт төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдоогүй байна. Төрийн албан хаагчид холбогдсон гэмт хэргийн судалгаанаас үзэхэд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 243, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 95, албан тушаалын гэмт хэрэг 67 байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх нь илүү их байгааг харуулж  байгаа аж.

Энэхүү судалгааны дүнг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлж танилцуулахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж