Түвдийн бослого ширүүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

Түвдийн бослого ширүүсчээ

Хятадын автономит муж Сычуаньд Бээжингийн эрх баригчдын явуулж буй дарангуйллын бодлогыг эсэргүүцэгч Түвдүүд болон цэргийнхний хооронд гарсан мөргөлдөөн сүүлийн үед улам ширүүсч байна. Түвдийн лам, гэлэнмаа нар Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн, зулын гол болох тохиолдол бараг өдөр бүр шахам гарч байгаа аж. Түвдийн босогчид болон Хятадын аюулаас хамгаалах хүчний цэргүүдийн хоорондох сөргөлдөөн газар авснаас хятадууд тус мужийг бүсэлж, хатуу харуул хамгаалалт тогтоосон байна.

CNN агентлагийн сурвалжлах хэсэг тус автономит мужид очсон боловч Хятадын цагдаа нар тэднийг нутгийн гүн рүү нэвтрүүлээгүй аж. Олон улсын сурвалжлагчийн бичсэнээс үзвэл Сычуанийн хүн амын дийлэнх нь Хан үндэстэн Хятадууд бөгөөд тосгон суурингийн иргэд Түвдүүдийг Засгийн газрын гарыг харж суудаг,  залхуу хойрго хүмүүс хэмээн ярьж байжээ. Сычуань мужийн Ченгду хотод цагдаа нар гудамж талбайн өнцөг булан бүрт харуул хийж, Түвд хүн болгоныг шалгадаг гэнэ. Хүн бүрийг мөрдөж танддаг учраас CNN агентлагийн сурвалжлах хэсгийнхэнд Түвд хүнтэй уулзаж ярилцан, үг хэлүүлэх хэцүү байсан аж. Гэвч Түвд хүн болгон Хятадуудыг нутгаасаа хөөж, Түвдийн оюун санааны удирдагч Далай ламыг эх нутагтаа ирэхийг хүсч байгаа юм. Хятадын хувьд Далай лам Түвдийг Хятадаас тусгаарлахыг шаарддаг хамгийн аюултай, нөлөө бүхий хүн билээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Сычуанийн автономит мужид гарсан Түвдүүдийн бослого хөдөлгөөний үеэр хоёр хүн амиа алдсан гэж Хятадын улсын телевизээр мэдээлсэн ч хэвлэл мэдээлэл хаалттай энэ улсад ямар аймшигтай зүйл болж байгааг таамаглах аргагүй гэж “CNN”-ий сурвалжлагч бичжээ. Хятадын баруун хэсэг дэх уулархаг мужид нөхцөл байдал ямар байгааг харуулсан “CNN”-ий нэвтрүүлгийг Хятадад гаргаагүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж